УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.06.25/-ийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
- УИХ-ын тухай хуулийн 23.2-д заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэрийг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Цэндийн Сандаг-Очир нь философич мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрээр 2013 оноос хойш Багануур дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж, 2020 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
- УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.