Ердөө хоёрхон хоногийн өмнө /2025.06.25/ нэг настай хүүхэд бамбай хоншоорт могойнд хатгуулж нэг хөл нь үхжиж улмаар амь нас нь аюултай нөхцөлд орсон талаарх мэдээлэл цахим орчинд гарсан. Могойнд хазуулсан охин өнөөдөр ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
ВИДЕО:
Энэ эрсдэл хэн бүхэнд ойрхон байна. Учир нь өнгөрсөн онд могойд хазуулж, хүндэрсэн зургаан иргэн ГССҮТ-д эмчлүүлсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар могойнд хазуулж, хүндэрсэн найман иргэн хэвтэн эмчлүүлсэн байна. Үүний зургаа нь бага насны хүүхэд байгаа нь анхаарал татаж байгаа юм. ГССҮТ салбар эмнэлгийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг “Амьтан өөрийгөө хамгаалах хариу урвал үзүүлэх нь энгийн үзэгдэл. Иргэд өөрсдийнхөө савааүй үйлдлийг татах ёстой” гэсэн юм.
Харин Нийслэлийн байгаль орчны газарт /НБОГ/-т энэ оны эхний тавдугаар сараас эхэлж могойн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цаашид энэ тоо мэдээлэл нэмэгдэхээр байгааг ч анхааруулж байгаа юм. НБОГ-ын ахлах мэргэжилтэн Д.Банди “Бамбай хоншоорт могой амьдрах орчноосоо шалтгаалж, өнгө зүсээ хувиргадаг. Энэ оны тавдугаар сарын сүүлээс эхэлж могойн дуудлага мэдээлэл бүртгэгдэж эхэлсэн. Өчигдөр, өнөөдөр л гэхэд нийт 4 дуудлага ирээд байна. Могой нь ихэвчлэн иргэдийн автомашины мотор болон тээшээр дамжин хотод орж ирдэг бөгөөд тоглоомын талбай, автомашины зогсоолд байна. Тиймээс иргэн та могой харсан бол хүрч, оролдолгүйгээр НБОГ-т дуудлага өгөөрэй. Биднийг очтол могойг харж ажиглаж байхыг бид зөвлөж байгаа " гэлээ.
Могойнд хазуулах тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улсад могойн хорны ерөндөг олдоггүй тухай асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийг харсан. Хоргүйсгүүр олж өгөхийг хүссэн байсан. Тус бэлдмэл нь биологийн идэвхитэй бүтээгдэхүүн. Өнөөдөр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзаж, тус бэлдмэлийг Москва хотоос авчируулах арга хэмжээ авч байна. Хоргүйсгүүрийн Монгол улсад үйлдвэрлэх бүрэн боломжтой. Могойнд хазуулснаас хойш 12 цагийн дотор хийвэл үр дүн сайтай бүтээгдэхүүн, нөөцөд бэлэн байх ёстой. Гэсэн ч захиалга хийгдээгүй байсан учир нөөцгүй байсан гэх тайлбарыг өгсөн” гэж өчигдөр мэдэгдсэн.
Могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх
- Ой мод бут сөөг асгаттай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
- Могой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх
- Өндөр авс, буттай газраар явахаас зайлс хийх
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй өвслөг газар орхихгүй байх
- Хүүхдийн тоглоом, гадуур явсан тэргийг тогтмол шалгахыг холбогдох албанаас зөвлөж байна.
Хэрвээ хатгуулсан бол яаралтай ойролцоох эмнэлэгт очих, хөдөлгөөнийг хорих, чиг тавьж боох зэргийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа юм.