Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам энэ бямба гарагт Бельгийн Хаант Улсад болно

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам энэ бямба гарагт Бельгийн Хаант Улсад болно

“Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг 2025 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Бельгийн Хаант Улсад зохион байгуулах гэж байна. 

Тодруулбал, “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант улсын нийслэл Брюссель хотноо зохион байгуулах бөгөөд Монгол Улсын ЕТГ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд, Монгол иргэдийн үүсгэл, санаачилгын байгууллагуудтай хамтран зохион байгуулах аж.

“Дэлхийн Монголчуудын наадам” нь “Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, тус бодлогыг 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хилийн чанадад оршин суугаа иргэддээ зориулан зохион байгуулагдаж буй анхны томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, Монгол бараа бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, Монгол өв соёлыг олон сурталчлахаар төлөвлөж байна. Мөн одоогийн байдлаар “Дэлхийн Монголчуудын Наадам”-д нийт 128 бөх, 60 харваач, 31 багийн 250 орчим шагай харваач бүртгүүлээд байгаа аж.