“Хархорум 2025” олон улсын кино наадам энэ баасан гарагт эхэлнэ

“Хархорум 2025” олон улсын кино наадам энэ баасан гарагт эхэлнэ

Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн холбоо НҮТББ хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жил уг наадмыг Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохилдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн наадмын үеэр найман улсын 23 киног үзүүлэх ба дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт долоон орны 13 кино өрсөлдөж байна. Үүнд, Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээл багтаж буй билээ. Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр,  Мариа Разакамболи, С.Бямбацэрэн нар ажилласан бол шүүгчээр продюсер Марк Баше  (Оскарын шагналт), кино куратор Николай Никитин, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, кино шүүлжлэгч Б.Амарсанаа нар ажиллана.

Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд "Кино урлагийн салбар бол хатуу салбар. Мөнгө, эрх мэдэл, албан тушаал горилсон хүн ажиллах ёсгүй. Олон улсын кино наадмаар олон сайхан кино үзэгчдэд нээлттэй байх болно. Та бүхэн зорин ирж үзээд бидэнд санал хүсэлтэй харамгүй хайрлаарай" гэв.