Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлт, дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлт, дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн гурав дахь өдөр нүүлгэн шилжүүлэлт, дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж 2000 гаруй иргэнийг хамрууллаа.

Нүүлгэн шилжүүлэх дадлага нь гамшгийн үед хүн амыг аюулгүй газарт яаралтай, зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг биечлэн хэрэгжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг бодитоор турших зорилготой. Иргэдийг өглөө 08:00 цагт түр цуглах талбайд эмх цэгцтэйгээр хуваарийн дагуу цуглуулж, бүртгэлжүүлэн, аюулгүй байдлын зааварчилгаа өгсний дараа нүүлгэн шилжүүлэх талбай руу зохион байгуулалттайгаар шилжүүлсэн.

Энэ үйл явц нь гамшгийн үед иргэдийг аюулгүй, хурдан шуурхай нүүлгэн шилжүүлэх чадавх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг бодит нөхцөлд туршихад чиглэсэн бөгөөд энэхүү нүүлгэн шилжүүлэлтийн дадлагын онцлог нь НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (IOM) мэргэжлийн экспертүүд газар дээр нь ажиллаж, олон улсын аргачлал, стандартад нийцүүлэн заавар, дэмжлэг үзүүлсэн нь сургуулийн үр өгөөжийг нэмэгдүүлснээрээ онцлог байв.

Мөн дуурайлган үзүүлэх дадлага сургуулиар газар хөдлөлтөөс үүдэлтэйгээр нурсан барилгын орчныг загварчилсан нөхцөлд аврах ажиллагаа хэрэгжүүлэв. Аврагчид нуранги дор байгаа иргэдийг эрэн хайж, гаргаж аван, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аюулгүй бүсэд шилжүүлсэн. Аврах ажиллагаанд мэргэжлийн техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл ашигласан бөгөөд газар дээр нь холбоо, команд штабын уялдаа, эрүүл мэндийн багуудын хамтын ажиллагаа амжилттай явагдлаа.

Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, орон нутгийн иргэд идэвхтэй оролцож гамшгийн үед хариу арга хэмжээ авах иргэд, байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн чухал дадлага туршлага боллоо.