Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад нууцаар авсан байна

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад нууцаар авсан байна

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулаад яг 25  хонож байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 02-ний өдөр түүнд итгэл хүлээлгэхгүй гэх шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ өдөр Х.Баттулга Төрийн ордонд ирж нууц уулзалтыг хийсэн бөгөөд энэ үеэр түүний хамгаалагч сэтгүүлчийн биед халдсан байдаг. 

Тэгвэл эл үйл явдалтай холбоотойгоор Төрийн тусгай хамгаалалтын газраас "Монгол Улсын Засгийн газраас 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар тогтоолын дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Төрийн тусгай хамгаалалтад авсан" гэж мэдэгдсэн байна. 

Тэгвэл энэ талаар Хуульч Б.Мэргэн байр сууриа илэрхийлж "Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссанаас эхлэн 4 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авдаг хуультай байлаа. Ерөнхийлөгчийн тухай хуульд 2020 оны тавдугаар сард өөрчлөлт орж, хугацааг 3 жил болгосон. 2024 онд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа мөн 3 жил гэж зохицуулсан.

Тиймээс Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн “Халтмаагийн Баттулгын хангамж, хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 284 дүгээр тогтоол гарч, 3 жил тусгай хамгаалалтад байлгах болсон бөгөөд уг хугацаа 2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр дууссан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн алинд ч Ерөнхийлөгч байсан хүнийг төрийн тусгай хамгаалалтад байлгах 3 жил дууссаны дараа хугацааг сунгах тухай заалт байхгүй. Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд зарим албан тушаалтныг төрийн тусгай хамгаалалтад байлгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүнийг ердийн үед тусгай хамгаалалтад авдаггүй.

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад нууцаар авсан байна. Нууцаар гэх шалтгаан нь тухайн тогтоолын хаана ч ил байхгүй. Бусад 125 гишүүн, нийт иргэдээс ямар давуу эрхтэй гишүүн бэ. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр өөрсдийгөө хаан гэж эндүүрч, хэт сагсалзаж байсны, одоо ч даналзсаар байгаа тод жишээ байна.

Одоо Г.Занданшатар Ерөнхий сайд тус хууль бус тогтоолыг нэн даруй хүчингүй болгож, төсвийн мөнгийг хэмнэж, хамгаалж байгаа төрийн тусгай албан хаагчдын үндсэн ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Заавал мань мэтийг Цэцэд хандуулж, цаг завыг маань барах хэрэг юун" гэжээ.