НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Бүгд Найрамдах Казахстан Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар Монгол Улсын иргэн Р.Сарангоог 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс томиллоо.
Р.Сарангоо нь Европ болон Төв Азид тогтвортой хөгжлийн чиглэлээр 25 жилийн ажлын туршлагатай бөгөөд Казахстан Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдохоосоо өмнө НҮБ-ын Европын Эдийн засгийн комисс (UNECE)-т Байгаль орчны асуудал хариуцсан бүсийн зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хугацаанд тэрээр Европ болон Төв Азийн 17 улсад UNECE-ийн конвенц, хэм хэмжээ, стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн техникийн зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг үзүүлж байсан.
НҮБ-ын Европын Эдийн засгийн комисст ажиллахаасаа өмнө Р.Сарангоо Монгол Улсын Байгаль орчны яаманд ахлах мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Байгаль хамгаалах олон улсын холбоо, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагад ажилласан тогтвортой хөгжил болон байгалийн нөөцийн удирдлагын салбарт албан тушаал хашсан туршлагатай юм.