Ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (W2RC) Rally3 ангилалд түүхэн ялалт байгуулж, дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин, ОУХМ П.Мөрөнгийн шийдвэрлэх уралдааны үеэрх бичлэг цахим орчинд цацагдсан нь мотоспорт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Тамирчны дуулган дээрх болон техникийн камераас авсан тус бичлэг нь ралли уралдаан гэдэг зөвхөн хурдны уралдаан биш, харин секундээр хэмжигдэх амь өрсөн навигацын тулаан байдгийг тод харуулжээ. Тэмцээн болсон Мароккогийн цөл бол элсэн манхан, үзэгдэх орчин хязгаарлагдмал бартаа, гэнэт гарч ирэх хад чулуу ихтэй хамгийн аюултай замуудын нэг юм. Камерын бичлэгээс харахад П.Мөрөн урагшаа хурдлахын зэрэгцээ, мотоциклын урд байрлах навигацын төхөөрөмж болон газрын зураг руу байнга харж, маш богино хугацаанд замаа тооцоолж байсан байна. Ралли-рейдийн уралдаанд замаа буруу уншиж, нэг л хяналтын цэг алгасах эсвэл төөрөхөд цаг алдаж, тэмцээнээс хасагдах хүртэл эрсдэлтэй байдаг ч тэрбээр замын бартааг урьдчилан харж, чиглэлээ маш оновчтой өөрчилж байгаа нь түүний навигацын өндөр ур чадварыг баталжээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе шатны 453 км урт замд тэрбээр элсэн манхны дунд хад чулуу ихтэй хэсгүүдийг огт хурдаа хасалгүйгээр, мотоциклоо гайхалтай тэнцвэртэй удирдан туулж байгаа нь бичлэгт үлджээ. Нийт 2,461 км урт замыг туулж, сүүлийн 5-р үе шатны Загоро-Загоро чиглэлийн 357 км замыг амжилттай дуусган барианы шугамыг давах үеийн бичлэг хамгийн сэтгэл хөдөлгөм байв. Тэрбээр барианд оронгуутаа Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах үед уралдааны турш хуримтлагдсан асар их даралт, ядаргаа болон ялалтын баяр хөөр зэрэгцэн байлаа. Энэхүү бичлэг нь зургаан настайгаасаа аавтайгаа мотоцикл унаж сурсан Монгол хүү хэрхэн дэлхийн шилдэг тамирчидтай эн зэрэгцэн уралдаж, цөлийн хүнд сорилтыг ур чадвараараа ялан дийлж дэлхийн аварга болсныг гэрчлэх түүхэн баримт болон үлдэж байна.
ВИДЕО: