БНХАУ-ын иргэн Амбер Юухан Монгол Улсыг төлөөлөн “Miss Grand International 2026” тэмцээнд үргэлжлүүлэн оролцсоор байгаа бөгөөд түүнийг хасуулах Монголын талын албан ёсны шаардлагад одоогоор зохион байгуулагчид эцсийн хариу өгөөгүй байна.
Тэмцээний Монгол дахь лицензийг гадаадын агентлаг дур мэдэн авч, хууль бусаар харь улсын иргэнийг томилсон гэж дотоодын загварын салбарынхан болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яамнаас дипломат шугамаар түүнийг тэмцээнээс хасуулах албан ёсны шаардлагыг Тайланд улс руу хүргүүлээд байгаа юм. Олон улсын зохион байгуулагчдын зүгээс уг асуудлыг дотооддоо нягтлан шалгаж байгаа хэмээн мэдэгдсэн ч одоогоор түүнийг “Miss Grand Mongolia” туузтайгаар тэмцээнд хэвийн оролцуулсаар байна.
Өмнө нь “Miss Grand China 2026” тэмцээний тэргүүн дэд мисс байсан Амбер Юуханыг Тайландын гоо сайхны тэмцээн сонирхогчид сайн мэддэг бөгөөд түүнийг анх хүрэлцэн очиход орон нутгийн фенүүд нь цэцэг, бэлэг дурсгалын зүйлтэй угтан авч, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татжээ. Өдгөө Тайланд дахь фен клуб болон гоо сайхны хуудсууд түүний зураг, бичлэгийг цахим орчинд идэвхтэй хуваалцаж, тайзан дээрх үзүүлбэрээр нь үнэлэн дэмжсээр байна. Тайландын Бангкок хотын MGI Hall-д зохион байгуулагдаж буй тэмцээний Гранд финал энэ сарын 10-нд болох бөгөөд Монголын талын эсэргүүцэл финалын шатнаас өмнө хэрхэн шийдэгдэх нь анхаарлын төвд байна.