Монгол Улсын Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдөр “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийг салбарын яамнаас өнгөрсөн хавар боловсруулсан бөгөөд гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжих, хамгаалахтай холбоотой харилцааг цогцоор нь зохицуулах зорилготой юм.
Улмаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Тухайлбал, өчигдөр болсон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, салбарын сайд Т.Аубакир танилцууллаа. Тус хуулийн төсөлд гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгаалал, тэтгэмж, мөнгөн дэмжлэг зэрэг олон харилцааг зохицуулахаар тусгасан байна.
ВИДЕО:
Харин анхаарал татах нэг заалт нь гэр бүлд орон сууцтай болоход үзүүлэх дэмжлэгтэй холбоотой. Тодруулбал, хуулийн төслийн 7.1.1-д: “Анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авах гэж байгаа эсхүл түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн хүүхэдтэй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид хамруулах арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлнэ” гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлээр орон сууц авах болон түрээсийн орон сууцанд хамрагдах дараалалд хүүхэдтэй залуу гэр бүл, тэр дундаа гурав болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд давуу нөхцөл олгохоор зохицуулсан байна.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Тэгвэл төрөөс олгох орон сууцны дэмжлэгт хамрагдах дарааллыг гэр бүлийн хүүхдийн тоогоор эрэмбэлэх нь Үндсэн хуулийн тэгш байдлын зарчимтай хэр нийцэх вэ гэх асуудал хөндөгдөнө. Мэдээж хүүхдийн эрх, гэр бүлийн хамгааллыг дэмжих зорилгоор олон хүүхэдтэй гэр бүлд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлага байж болно. Гэвч орон сууц зэрэг хязгаарлагдмал хүртээмжтэй дэмжлэгийг хуваарилахдаа нэг бүлгийг “тэргүүн ээлжид” оруулах нь бусад иргэнийг тухайн боломжийг хүлээх нөхцөлд оруулж байгаа юм.
Товчхондоо, “олон хүүхэдтэй нь түрүүлж орно, хүүхэдгүй нь хүлээнэ” гэсэн зарчим бий болж байгаа нь анхаарал татаж байна. Эцсийн дүндээ “гэр бүлийг дэмжих” бодлого нь нэг хэсэг гэр бүлд боломж олгохын зэрэгцээ бусад иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тэнцвэрийг хэрхэн хангах вэ гэдэг асуудал хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр анхаарал татах нь.