ХХААХҮ-ийн сайдад хаяглав

ХХААХҮ-ийн сайдад хаяглав

У.Хүрэлсүхийн танхимын сайдуудыг сул гэх шүүмжлэл дагасаар байна. Хэдийгээр мэргэжлийн гэх тодотголтой ч хэлсэн үг, хийсэн үйлдлээс нь ажлаа мэддэггүй, төрийн хүний зангараггүй, ямар албан тушаалд оччихоод байгаагаа ухаарч, сэхээрэхгүй байгаа мэт харагдаж буй. Салбарт бүрт алдаа, оноо бий ч засаж сайжруулаад авч явах нь сайдуудын гол үүрэг. Энэ ч утгаараа салбартайгаа хурдан танилцаж, ажилдаа шуурхайлахгүй бол хоолойд тулсан их ажлынхаа гарц гаргалгааг олж, хүн рүү чиглэсэн бодлого явуулж чадалгүй байсаар ажлаасаа чөлөөлөгдөх вий. Тиймдээ ч салбар бүрийн сайдуудад “Ийм ажилд анхаараасай” гэх үүднээс манай сонин хөндөн бичиж буй юм. Энэ удаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг онцолж байна.

Монгол бол хөдөө аж ахуйн орон. Өргөн уудам нутаг, өдий төдий тооны мал сүрэг, байгалийн баялагтай ч манайд хүнс, хөдөө аж ахуйн бодлого сүүлийн 30 жилд алдагдсан. Салбар хоорондын залгамж халаа, төрийн ажлын уялдаа холбоо муугаас үүдэж сайд бүр нь өмнөхөө үгүйсгэж, санаанд таарсан бодлогоо хэрэгжүүлж ирснээс Монголын хөдөө аж ахуйн салбар уналтад орчихжээ. Шинэ бүрдсэн парламентын үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын кабинетад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг З.Мэндсайхан толгойлохоор болсон. Тэр ажлаа авахынхаа өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгад “байцаагдаж” энэ салбарын туршлага тааруу, мэдлэг нимгэн гэдгээ харуулаад амжсан. 

Тухайлбал, “Хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнга ярьдаг. Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу” гэсэн Ерөнхийлөгчийн асуултад “Энэ талаар мэдээлэл аваагүй байна” хэмээн хээвнэг хариулж зогссон юм. Монгол орны газар нутгийн хэчнээн хувьд газар тариалан эрхэлдэг талаар буруу мэдээлэлтэй барим тавим тоо хэлж байлаа. Угтаа бол сайдын суудалд яриа хэлцээ хийж, даргын үүд сахиж суугаад асуудлаа шийдүүлсэн бол хэний ч өмнө бүдрэхээргүй уншиж, тоо баримтыг толгойдоо хийчихсэн байх ёстой л доо. Энэ салбарт нэг ч жил ажиллаж байгаагүй хувийн хэвшлээс төрд зүтгээд тавхан жил болоод төрийн сайд болж буй З.Мэндсайхан сайдын тамгаа авсан даруйдаа “Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон болно гэсэн зорилго, зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийг ч ард түмэн дэмжиж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүссэн гэж ойлгож байна. Уг зорилтыг хэрэгжүүлэх гол салбар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс энэ салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход анхаарч ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна. Нэг ёсондоо, тогтвортой ажиллуулж өгөхийг хүсэж, хөдөө аж ахуйг шинэ шатанд гаргаж, мөнгө олдог салбар болгохоо мэдэгджээ.

Тэр энэ амлалтдаа хүрэхийн тулд чамгүй уншиж, судалж, сайн зөвлөхтэй болж, салбарынхныхаа үгийг сонсож, зөв бодлого, менежментээр ажиллах шаардлага байна. Сайдын албыг дөрвөн жил, дөрвөн сар, нэг жил хашна уу, аль нь байлаа ч эр Монгол гэдэг их айлын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг нэг шатаар ахиулах үүрэгтэй шүү гэдгийг өдөр бүр ухаарч, сэхээрэх ёстой. Бид хүнсний ногоо, улаанбуудайн хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангана гэж олон жил ярьсан. Хангадаг болсон ч гэж ярьж буй. Гэвч жил бүрийн хаварт урд хөршөөс вагон вагоноор хүнсний ногоо орж ирсээр л байна. Ердөө сар гаруйн өмнө хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж манжин бүр кг нь 7000 хүрэв. Олон нийт ч энэ талаар ам уралдан ярьж байтал удаа ч үгүй урд хөршөөс хүнсний ногоо бууж байна гэх мэдээлэл гарсан. Ингээд ногооны үнэ бууж, хэвийн хэмжээнд очсон байх жишээтэй. 

Улаанбуудай ч мөн адил. Жил бүрийн хаварт төдөн мянган тонн буудай импортоор оруулна, гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл салбарын яамнаас оруулж ирж, УИХ-аар хэлэлцүүлдэг. Намарт нь үрийн буудай авч нөөцөлдөг ч хаанаа ч хүрдэггүй гэх тайлбар хэлж ирсэн. Дээрээс нь тарилан эрхлэгчдэд тонн тутмаар нь бодож урамшуулал, татаас өгсөөр өнөөдрийг хүрлээ. Бид ядаж хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг болж байж хүнсний аюулгүй байдлын талаар дуугарч, ярьж чадна. Үүнийгээ шийдэж чадаагүй хэр нь хүнсний аюулгүй байдал гэх өргөн сэдвийг өдөр шөнөгүй ярьдаг сайдууд энэ салбарыг толгойлж байлаа. 

Дараагийн асуудал мал аж ахуйн бодлого. 70 гаруй сая малтай өргөн уудам газар нутагтаа Монгол Улсад жил бүрийн хавар, намарт махны үнэ тэнгэрт хаддаг. Махны үнэ  яагаад өсөөд байгааг хэн ч тайлбарлаж чаддаггүй. Салбарын яам нь ч нэгдсэн бодлогоор зангидахгүй, “Зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа явж байна” гэх нь бий. Нэгэнт үнэ нь өссөн юм чинь малчид ахиу мөнгө авсан байх гэхээр бас л үгүй. Ченжээс ченжийн гарт дамжиж, мах магнаг болж байсан бол энэ зах зээлд урд хөршийн аж ахуйн нэгжүүд оролцох болсоор хэдэн жилийн нүүр үзлээ. 

Тоо баримт дурдвал, Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ-руу мах экспортлох квот олгосон. Энэ тухай Монголын махны холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан  10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө “Авлига өгч мах экспортлох квот авсан учраас нэг кг адууны мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг нь экспортолно” гэдэг шаардлага тавьдаг. Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлига бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд өөрсдийн ашгаа бууруулж, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна” байна хэмээн өмнөх сайд Ч.Улааны алдаатай, буруу бодлогыг шүүмжилж байсан билээ.

Дотоодын махны үйлдвэрийн цаана урд хөршийн аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хувь байдаг нь нууц биш. Мөн бог малыг амьдаар нь хилээр гаргаж байсан тохиолдол ч бий. Энэ мэтчлэн хөдөө аж ахуйн салбар тогтсон бодлогогүй, эзэнгүй юм шиг явж иржээ. Ийм замбараагүй, толгойгүй юм шиг байдал нь ард иргэдийн нуруун дээр ачаа болж ирдэг. 

Тэгэхээр салбарын шинэ сайд З.Мэндсайханаас малаас гарах бүтээгдэхүүнийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, дотооддоо хүнсний ногоо, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангах боломжийг эрж хайсан бүтээлч ямар ажил, хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгийг асуумаар байна. Тэр ярьсан шигээ ам, ажлаа зөрүүлэхгүй ажиллах ёстой. Та бол бизнесийн салбараас улс төрд орж ирсэн хүн. Асуудлыг зөвөөр харж, системтэй, оновчтой бодлого явуулж чадах эсэхээс тань хамаарч наад зах нь монголчууд цар тахлын үед өлсөх, өлсөхгүй нь холбоотой болчихоод буй юм. Хүнсний аюулгүй байдал, ногоо, махаа хадгалах зоорь сав, жимс жимсгэнээ тариалах хүлэмж, газар тариалан, мал аж ахуйг хослуулж цогцоор нь хөгжүүлэх гээд энэ салбарт шийдэх олон асуудал бий шүү, сайд аа. 

Энэ салбарыг мөнгө гэж хараад аль нэгнийх нь бодлогыг алдагдуулбал хүн амын гурван хүний нэг нь ядуу байгаа улсын тань ард иргэд улам туйлдана. Сайдын багцын, яамныхаа төсвийг зөв бодлогод зарцуулж, ЖДҮХС-гийн зээл нь жинхэнэ эзэддээ очдог байхад анхаарах ёстой шүү. Өмнөх сайдуудын тань алдаатай бодлого, шийдвэрийн бэх өнөө ч хатаж амжаагүй байгааг таньд сануулах гэсэн юм.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин