Д.Ганбат: Эрх баригчид үнэнд гүйцэгдэж төсөвт тодотгол хийх гэж байна

Д.Ганбат: Эрх баригчид үнэнд гүйцэгдэж төсөвт тодотгол хийх гэж байна

-ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ СОНГУУЛИЙН ДАРАА ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх найман асуудлын талаар ярилцаж, шийдвэрээ гаргасан байна. 

Тус бүлгийн дарга Д.Ганбат "Эрх баригчид үнэнд гүйцэгдэж төсөвт тодотгол хийх гэж байна. Төсвийн тодотголыг аль хоёр, гуравдугаар сард хийх байсан. Энэ төсөв 2019 оны арваннэг, арванхоёрдугаар сард батлагдсан. Тухайн үед цар тахал дэгдээгүй байсан. Гэсэн хэдий ч хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. 2020 оны эхний хагас жилийн байдлаар 10.7 хувийн алдагдалтай байгаа нь түүхэнд байгаагүй дүн. 

Эрх баригчид улс орны нөхцөл байдал, ард иргэдийн амьдралд санаа зовж байгаа юм алга. Сонгууль л бодож байна" гэлээ. 

Тэрбээр мөн төсвийн тодотгол дагуулаад хүмүүсийн анхаарлыг өөр зүгт татаж байна. Тодруулбал, Засаг захиргааны нэгжийн тухай хуулийг батлах гэж байна. Энэ хууль 2022 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд Үндсэн хуулийн заалттай зөрчилдөх заалтуудыг оруулж ирсэн байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулахаа мэдэгдэж, нэр дэвшигчид тодорч байхад энэ хуулийг хэлэлцэх нь тохиромжгүй. Тиймээс уг хуулийг орон нутгийн сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс энэ тухай хүсэлтийг УИХ, МАН-ын бүлэгт хүргүүлнэ гэсэн юм.

Зээлийн хүүг багасгаж, нэг оронтой тоонд оруулахыг МАН мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байгаа гэлээ. 

Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Сүхбаатар "Засаг, захиргаа нутаг дэвсгэр, нэгж түүний удирдлагын тухай хуульд одоо өөрчлөлт оруулах нь цаг хугацааны хувьд буруу. Орон нутагт улс төржилтийг бий болгохоор байна. Үндсэн хуулийн зарим заалттай ч зөрчилдж байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороог тэнд нийгмийн харилцаанд ордог хүмүүс маш сайн мэднэ. Тэр хүмүүс ямар хүмүүсээр удирдуулахаа шийднэ. Тэгэхээр удирдлагын тухай орон нутгийн ИТХ шийдэх ёстой. Ерөнхий сайд шууд оролцож болохгүй. 1992 онд шинэ ардчилсан үндсэн хууль батлагдаж, түүний дагуу Монгол улсын нийт нутаг дэвсгэр, түүн дээр байгаа засаг захиргааны нэгж, түүний удирдлагыг сонгох тухай хууль баталж, үүнээс хойш 30 орчим жил хуулиа мөрдөж ирсэн. Мөн 2004 онд багахан хэмжээний засвар орсон. Харин саяхан өнгөрсөн 5 дугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Энэ хууль бол үндсэн хуулийн дараа орох томоохон хуулиудын нэг. Энэ хууль батлагдсанаар Монгол улсын 300 гаруй хуульд өөрчлөлт орох тооцоо судалгаа бий. Тийм учраас ээлжит бус чуулганаар яаран сандран батлах гэж байгааг буруу гэж үзэж байна. Түүн дотроо зарим зүйл заалт бол Монгол улсын Үндсэн хуулинд заасан зарим өөрчлөлттэй зөрчилдөн орж ирж байгаа нь буруу. Ер нь энгийн жишээнээс авахад орон нутагт баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн нутаг дэвсгэрээ, түүний удирдлагыг, нутаг орон хэрхэн хөгжих, ямар үзэл баримтлалтай байх вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол нутгийн зон олон, иргэд, албан байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага гэх мэт нийгмийн харилцаанд орж буй тэдгээр хүмүүс л хамгийн сайн мэднэ. Тэд ирэх он жилүүдэд сонгуулийн циклийн хугацаанд ямар нам эвсэл, ямар удирдлага, ямар ажлыг хийж чадах вэ гэдгийг өнгөрсөн болон ирээдүй, хийсэн хийгдэж байгаа ажлуудаас дүгнэж цэгнэх нь нутгийн удирдлагын хамгийн том эрх мэдэл гэж үзэж байна. " гэлээ. 

ҮЗЭХ: