Ж.Тэмүүжин: “Энэ хүүхдийг аварчих юмсан” гэж бодоод ус руу шууд л үсрээд орчихсон

Ж.Тэмүүжин: “Энэ хүүхдийг аварчих юмсан” гэж бодоод ус руу шууд л үсрээд орчихсон

Энэ оны долдугаар сарын 11-нд буюу Улсын баяр наадмын өдөр Тэрэлжийн Мойлтын тохойд 15 хүү өөрийн амь насыг үл хайрлан есөн настай хүүгийн алтан амийг уснаас аварсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Бусдын амийг аварсан Жаргалангийн Тэмүүжин “Тэмүүжин өрлөг” сургуулийн наймдугаар ангийн сурагч юм. Тэрээр амаараа дүүрэн ус балгачихсан амьсгалж чадахгүй байгаа хүүхдийг хараад юу ч бодолгүй аврахаар орчихсон хэмээн ярьж байлаа. Харин голын эрэг дээр “Авраарай, авраарай” гэж орилох томчуудын хэн нь ч гол руу орж зүрхлээгүй байна. Тэмүүжин 15-хан настай хэдий ч голын эрэг дээр хүүхдүүдээ анхааралгүй орхидог, хогоо цацаад орхичихдог томчуудын үйлдэлд шүүмжлэлтэй ханддаг тухайгаа бидэнтэй хуваалцлаа.

-ХҮҮХДИЙГ АВРАХААР НАДААС ӨӨР УС РУУ ОРСОН ХҮН ХАРАГДААГҮЙ-

-Үндэсний их баяр наадмын өдрөөр өөрийнхөө амийг үл хайрлан есөн настай хүүхдийн амь аварсан тухай мэдээлэлд олон хүн талархалтай хандаж байна. Тухайн үед яг юу болсон талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юу?

-Тухайн өдөр маш халуун байсан. Яг тэр үед би ах дүү нартайгаа голд 12:30 цагийн үед сэлж дуусаад эрэг дээр жараахай бариад зогсож байсан юм. Хорь гаруй минут өнгөрсний дараа дээрээс нэг хүүхэд усанд урсаад, амаараа дүүрэн ус залгичхаад амьсгаа авч чадахгүй тэвдэж байгаа нь харагдсан. Голын эрэг дээрх хүмүүс “Авраарай, авраарай” гээд тал талаас орлилдоод л байсан. Тэгэхэд би хүүхэд живэх гэж байгааг хараад маш их сандарч “Энэ хүүхдийг аварчих юмсан” гэж бодоод ус руу шууд л үсрээд орчихсон юм. Тэгээд голын наад эрэг рүү гаргаж ирээд сандралыг нь жаахан дарж, тайвшруулаад ахиад цаад эрэг рүү гаргаж аав, ээжид нь хүргэж өгсөн.

-Аав, ээж нь чамд маш ихээр баярлаж, чамаар бахархсан уу?

-Яг тэр үед аав, ээж нь “Баярлалаа” гээд л уйлаад байсан. Дараа нь дахиж ирээгүй. Тэр үйл явдлын дараа голын эргээс шууд яваад өгцгөөсөн байх л даа. Хүүг аав ээжид нь хүргэж өгчхөөд голын наад эрэг рүү буцах гэтэл би маш их даараад болдоггүй. Наранд ээгдэж халсан голын эрэг дээрх чулуун дээр жаахан хэвтэж дулаацаад буцаад наашаа гарч ирсэн.

-Чи тэр хүүг өмнө нь таньдаг байсан уу?

-Огт танихгүй хүүхэд. Туранхай, намхан хүүхэд байсан болохоор голоос тэвэрч авч гаргахад амархан байсан.

-“Авраарай” гээд тал талаас хүмүүс орлилдсон гэсэн. Хүүг аврахаар чамаас өөр хүн ус руу ороогүй юу?

-Ус руу орсон хүн надад харагдаагүй. Айсан л юм шиг байна лээ.

-Тухайн үед танай ээж, аав байсан уу. Уснаас хүүхдийн амь авраад гарч ирсний дараа чамд юу гэж хэлсэн бэ. Магтуулсан уу эсвэл зэмлэл хүртэв үү?

-Байгаагүй ээ. Наадмын өдөр байсан болохоор гэртээ хорхог хийж байсан юм. Дараа нь сонсоод “Болж байна шүү” гэсэн. Гэхдээ хажуугаар нь бас “Тэгж байгаад өөрөө живчхэв дээ” гээд жаахан зэмлэсэн. Энэ гол өнгөрсөн жилийн их үерээр газраа идэж улам гүнзгий болсон. Нэг нуралтаас болж доошоо 2,5-3 метр гүнзгий хонхорхой бий болсон. Ширүүн урсгалтай биш ч гэлээ зарим хэсгээрээ гүнзгий шүү.

-ГОЛД СЭЛЭХЭЭР ЯВАХДАА ЭЭЖ, ААВААСАА ЗААВАЛ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ТОМ ХҮНТЭЙ ЦУГ ЯВДАГ-

-Хүний алтан амь аварсны дараа хүмүүсээс магтаалын үг олон сонсов уу?

-Тухайн үед сандарчихсан байсан болохоор хүмүүсийн юу гэж ярьж, хэлж байгааг ерөөсөө сонсоогүй. Сандарчихсан байх үедээ хүн юу ч боддоггүй юм байна лээ шүү дээ. Харин манай найзууд намайг мундаг гээд л магтаад байсан. Одоо сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс жаахан уйдаад л байна шүү.

-Цахим орчинд “Хүний алтан амь аварсан хүүг “Шударга журам” медалиар шагнах ёстой гэсэн сэтгэгдэлтэй хүмүүс маш олон байна лээ. Чи үүнтэй санал нийлэх үү?

-Авчихвал азтай л хэрэг шүү дээ. Ер нь гал, ус хоёрыг басаж болохгүй. Усанд гайгүй сэлдэг ч гэсэн айдаг. Цүнхээл рүү орчихвол аюултай. Есөн настай хүүг аварсны дараа миний фейсбүүкт 300 хүнээс найзлах хүсэлт ирсэн байсан. /инээв.сурв/

-Усанд сайн сэлдэг үү. Бассейнд хичээллэж байв уу. Хэзээнээс сэлж сурсан бэ?

-Бассейнд явж байгаагүй. Яг энэ голд таван настайгаасаа хойш сэлж байна. Бид гол руу явахдаа ээж, ааваасаа заавал зөвшөөрөл авч байж том хүнтэй цуг явдаг. Усанд сэлэхийг манай нэг ах надад зааж өгсөн. Ахын минь ач. Одоо би дүү нартаа сэлэхийг зааж байгаа.

-Аль сургуулийн хэддүгээр ангид суралцдаг вэ?

-Би “Тэмүүжин өрлөг” цэргийн сургуульд суралцдаг. Одоо есдүгээр ангид дэвшин орно. Энэ сургуульд гурав дахь жилдээ суралцах гэж байна. Ерөнхий боловсролын хичээл дээр цэргийн боловсролын хичээлүүд ордог. Цэргийн хүн болно гэж боддог. Манай сургууль маш гоё дэг жаягтай. Одоо хүмүүс цэрэгт явахаараа зодуулдаг гэж боддог болчихсон шүү дээ. Манай сургуульд тийм зүйл байдаггүй. Манай ангид 33 хөвгүүн, таван охин суралцдаг.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Аав, ээж дүүтэйгээ амьдардаг. Би айлын ууган хүүхэд, доороо нэг дүүтэй.

-Хамгийн дуртай хичээл чинь юу вэ. Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?

-Эхлээд сургуулиа гайгүй сайн төгсчихвөл, тэгээд л амьдрал дээр гарна даа. Гадаад хэлний хичээлдээ хамгийн их дуртай. Бас математикийн хичээлдээ дуртай. Сургуулиа сайн төгсөөд ээж аавынхаа ачийг хариулна гэж боддог.

-БУСДЫН ОРХИОД ЯВСАН ХОГИЙГ ТҮҮЖ, ЦЭВЭРЛЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАРААД БИ МАШ ИХ ӨРӨВДСӨН-

-Өмнө нь хүмүүст тус хүргэж байсан тохиолдол бий юу?

-Би гудамжинд амьдардаг гэр оронгүй, ядруу хүмүүст туслахыг хичээдэг. Хааяа өөрийнхөө чадах чинээгээр ганц, хоёр мянган төгрөг ч гэсэн өгчихдөг юм. Аав ээж минь надад ядарсан, зүдэрсэн хүмүүст заавал мөнгөөр биш өөр зүйлээр ч гэсэн тусалж байгаарай гэж хэлдэг. Гэтэл надад одоохондоо өөр зүйлээр туслах хэмжээний чадамж байхгүй байна. Тийм болохоор тулсан цагт халаасан дахь мөнгөө гаргаад өгчихдөг. Хоол ундаар туслъя гэж боддог ч, даанч чаддаггүй юм.

-Зуны амралтаа яаж өнгөрүүлж байна вэ?

-Би морь унах дуртай. Тал бүрийн спортоор өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Нэг жил фитнессээр хичээллэсэн. Сагсан бөмбөг тоглох, усан спортоор хичээллэх дуртай. Бас дугуй унах дуртай. Миний хамгийн сайн найзыг Сүхээнээ гэдэг. Бид хоёр хоёулаа усанд сайн сэлчихдэг. Бид хоёр хааяа голд сэлчхээд газраас мод түүж асаагаад доор нь төмс шарж иддэг. Асаасан галаа бүрэн унтраагаад, тарьсан хогоо уутанд хийгээд аваад харьчихдаг. Зарим хүмүүс асаасан галаа унтраахгүй орхичихдог юм. Одоо ган ихтэй байгаа болохоор их түймэр гарвал Монгол яах вэ.

-Голын эрэгт амарч зугаалсан хүмүүс хэр их хог хаядаг вэ. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Зугаалж, цэнгэж болно. Гэхдээ зөв явах ёстой. Ууж идсэн зүйлсийнхээ сав, хогийг бөөгнүүлээд торонд хийгээд аваад явах хэрэгтэй. Өөрсдийн чинь идэж уусан зүйлээс гарсан хог болохоор машинд чинь илүүдэхгүй багтчихна шүү дээ. Зугаалахдаа хогоо энд тэнд битгий орхиорой гэж хэлмээр байна. Дараа нь та нарын өөрсдийн чинь л амьдрах орчин шүү дээ. Хүмүүсийн орхиод хаяад явсан хогийг дараа нь өөр хүмүүс ирж түүж цэвэрлэдэг. Тэр хүмүүсийг өчигдөрхөн би хараад өрөвдсөн. Бас баяр наадмын үеэр хүүхдүүдээ битгий хараа хяналтгүй орхиорой гэж хэлмээр байна.

-Амралт зугаалгаар явж байгаад усанд осолдсон тухай харамсалтай мэдээллүүд их гардаг. Долдугаар сарын 11-нээс хойш усанд осолдсон тохиолдол гарав уу?

-Би энэ голд арван жил сэлсэн. Хүмүүс аялж зугаалж явах үедээ голын эрэг дээр майхан саваа бариад, хөзөр тоглоод, пиав уугаад сууж байх үедээ хүүхдүүдээ хараа хяналтгүй орхичихдог нь надад анзаарагдсан. Тэр хойгуур хүүхдүүд нь голын ус ямар түвшинд байгааг мэдэхгүй гулгаад орчихдог. Тэгээд л осол эндэгдэл гардаг гэж бид боддог.