Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Баянханы” 4-р багийн иргэн, 70 настай Ц-гийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан түүний ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох ажлыг маш эрчимтэй хийж байна. Өчигдөр өглөөний байдлаар түүний ойрын хавьтал болох бэр, ач хүү нарт хийсэн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ.
Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж иргэн “Ц”-гийн гэр болон аймгийн Нэгдсэн эмнэлгийг хамгаалалтад авсан байсан одооноос эхлэн холбогдох арга хэмжээг авч хэвийн үйл ажиллагаанд нь оруулах боломжоор ханган ажиллаж байна. Иргэн Ц-гийн нэг ба хоёрдугаар дам хавьтал болон эх сурвалжийг олж тогтоох чиглэлээр Онцгой комисс мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар иргэн Ц-гийн ойрын хүрээллийн тав, эмнэлгээр үйлчлүүлэхэд харьцсан 22 нийт нэгдүгээр хавьтлын 31 хүнийг тогтоогоод байгаа аж. Аймгийн хэмжээнд нийт 30 постод 111 цагдаагийн алба хаагч, Онцгой байдлын газраас 22 алба хаагч, сумдын Засаг даргын Тамгын газраас 38, ЭМГ, БОАЖГ-аас 27 алба хаагч, 30 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн хилийн цэргийн 0101-р ангийн алба хаагчид 12-ны өдрийн 20.00 цагаас 17-ны өдрийг дуусталх хугацаанд захирагчийн шийдвэрээр боомтод байрлан хөл хориог хязгаарлаж, өөрсдөө тэндээ байрлаж ажиллахаар болжээ. Ийнхүү Сэлэнгэ аймагт тэг зогсолт үргэлжилсээр байна.