Улаанбаатар хотын авто замыг ГУРВАН бүсчлэлд хувааж, ажлын цагаар мөрдүүлнэ

Улаанбаатар хотын авто замыг ГУРВАН бүсчлэлд хувааж, ажлын цагаар мөрдүүлнэ

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ.

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт "0" зогсолт хийх магадлалтай болоод байна. Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байна” гэлээ.

Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваажээ.

-А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.

-Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.

-С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Мөн орон сууцны хороолол дундах замуудыг нэг чигийн урсгалтай болгоох зохицуулалтыг хийж байгаа. Уг зохицуулалт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм.

А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин Б бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ.

Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж албаныхан үзэж байгаа аж.

Зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.

1.Татвараа төлсөн

2.Торгуульгүй

3.Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.