Д.Анхбаяр: Цагдаа зөвхөн намайг биш, С.Чулуун сайдыг шалгаж учрыг олох байх гэж баярлаж байна

Д.Анхбаяр: Цагдаа зөвхөн намайг биш, С.Чулуун сайдыг шалгаж учрыг олох байх гэж баярлаж байна

Одоогоос сар гаруйн өмнө Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяагийн “Түүхээ худалдсан түүхчид" эрэн сурвалжлах нэвтрүүлэг цацагдаж, олон нийтийг ихээхэн эмзэглүүлсэн билээ. Тодруулбал, одоогийн Соёлын яамны сайд С.Чулуун, түүхч Д.Өлзийбаатар нар Архивын ерөнхий газарт хадгалагдаж байсан Монгол, Хятадын 18-20-р зууны эхэн үеийн харилцаанд холбогдох 640 мянган нүүр хуудас бүхий түүхэн эх бичвэрүүдийг “шинжлэх ухааны ажил” гэсэн нэрийн дор Хятад улсад “бэлэглэлийн гэрээ”-гээр өгч орхижээ.

Энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй манай улсыг өөрсдийнхөө эрхшээлд оруулахыг үргэлж эрмэлздэг өрсөлдөгч улс оронд түүх соёлын хосгүй үнэт дурсгалаа зүгээр л өгчихөж байгаа харамсалтай үйл явдал болсон бөгөөд энэхүү гэрээг биечлэн хийсэн эрхмүүд одоог хүртэл эсрэг байр суурийг илэрхийлж, бодит явдлыг баримттай ярьсан түүхчийг цагдаа, тагнуулаар дуудуулан шалгуулсаар байна.

Тодруулбал, нэвтрүүлгээр дамжуулан хятадад бэлэглэсэн тухайн архив материалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид гарах сөрөг үр дагаварын талаар үзэл бодлоо илэрхийлсэн МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаярыг Соёлын яамны сайд С.Чулуун цагдаад өгсөн ба тэрээр сайдыг ор үндэслэлгүй гүтгээгүй гэдгээ батлан тайлбар, мэдүүлэг өгсөөр байгаа юм. Иргэдийн зүгээс ч олон нийтэд үнэнийг дэлгэж, “шүгэл үлээсэн” жирийн багш хүнийг цагдаа, тагнуулын байгууллагаас шалгаж буй нь тэдний эгдүүцлийг төрүүлээд байна. Бид энэ талаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцлаа.

-НЭВТРҮҮЛГИЙН ТРИЛЛЕР ЦАЦАГДСАНЫ ДАРАА ЦАГДААГИЙН ГАЗРААС НАМАЙГ ШУУРХАЙ ИРЖ, ТАЙЛБАР, МЭДҮҮЛЭГ ӨГ ГЭСЭН НЬ НЭВТРҮҮЛГИЙГ ГАРГАХГҮЙ БАЙХ АРГА ХЭЛБЭР ГЭЖ ХАРСАН-

-Сайн байна уу, “Түүхээ худалдсан түүхчид“ нэвтрүүлэг цацагдсанаас хойш цагдаа, тагнуулд дуудагдан мэдүүлэг өгч эхэлсэн гэж сонсогдлоо?

-Тийм ээ, нэвтрүүлэг хүмүүст их хүрсэн юм шиг байна. Сая л гэхэд Тагнуулын ерөнхий газар тайлбар, мэдүүлэг өгчихөөд ирж байна.

-Нэвтрүүлэг цацагдсанаас хойш хэд хоногийн дараа таныг цагдаагаас дуудсан бэ?

-Тэр хугацаа их сонирхолтой л доо. Нэвтрүүлгийн эхний дугаар арваннэгдүгээр сарын 23-нд, харин хоёр дахь дугаар нь арванхоёрдугаар сарын 10-нд цацагдсан. Арванхоёрдугаар сарын 10-нд цацагдахаасаа өмнө нэвтрүүлгийн триллерийг өглөө нь цацсан юм. Бүтэн нэвтрүүлэг нь орой 19:00 цагаас гарах байсан. Харин өглөө триллер цацагдаад удаа ч үгүй өдөр нь над руу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс залгасан. Эхний нэвтрүүлэг гарсны дараа С.Чулуун сайд галыг унтраах зорилгоор “Ам нээвэл” гэсэн нэвтрүүлэгт орж, энэ талаар ярихдаа өөрийнхөө гарын үсэг зурсан гэрээ, ботьны өмнөх үг зэргээс эсрэг зүйл ярьж, өөрийгөө хамгаалсан. Ингээд бид түүний ярьсан зүйлийг баримтуудаар няцаах зорилгоор дахин хоёр дахь нэвтрүүлгийг цацсан.

-Ямар үндэслэлээр таныг дуудаж, тайлбар мэдүүлэг авч байгаа юм бэ?

-С.Чулуун сайд намайг өөрийнх нь нэр төрд халдсан, түүнийг гүтгэж, худал ташаа мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр гомдол гаргаж, цагдаад мэдэгдсэн байсан. Тэр өдөр бол нэгдүгээрт, хүний эрхийн өдөр, хоёрдугаарт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжчихсэн байсан үе. Харин энэ хугацаанд намайг цагдаагаас шуурхай дуудаж, ирүүлсэн нь үнэнийг илчилсэн залуу түүхч, судлаачдын зоригийг мохоох, нэвтрүүлгийн хоёр дахь дугаарыг аль болох гаргуулахгүй байх нэг хэлбэр байсан юм болов уу гэж үзэж байгаа.

-С.ЧУЛУУН САЙД “АМ НЭЭВЭЛ” ГЭСЭН НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОХДОО 640 МЯНГА ГЭСЭН ТОО ХААНААС ГАРЧ ИРСНИЙГ Ч ОЙЛГООГҮЙ БАЙСАН-

-Тагнуулын ерөнхий газраас дуудсан нь ямар учиртай юм бэ?

-Энэ удаад мөн С.Чулуун сайд өмгөөлөгчөөрөө дамжуулан намайг дуудуулсан байсан. Энэ нь нэгдүгээрт, би түүнийг гадаадын байгууллага, хувь хүмүүстэй холбоотой, хоёрдугаарт, төрийн нууцыг задруулсан гэж гүтгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр намайг дуудаж, тус байгууллагаас давхар шалгаж байгаа юм байна гэж би ойлгосон. Судлаач С.Чулууныг зөвхөн сайд болсных нь дараа энэ бүх асуудал гарч ирсэн юм биш. Хоёр, гурван жилийн өмнөөс нийт түүхчдийн дунд түүний хууль бус үйлдлүүд яригдаж байсан.

Хуурамчаар баримт бүрдүүлж академич цол авсан зэрэг үйлдлүүд нь одоо ч шийдэгдээгүй явж байгаа.

Энэ хугацаанд бүх хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулж, биднээс үргэлж зугтааж байсан хүн ил гарч ирээд “Ам нээвэл” гэсэн ярилцлаганд орж, биднийг цагдаад өгч байгаад нь харин ч их баярлаж байна. Одоо харин хууль, цагдаагийнхан мэдээлэл өгсөн зөвхөн намайг биш гомдол мэдүүлсэн С.Чулуун сайдыг ч гэсэн шалгаж, асуудлын учрыг олох байх гэж баярлаж байна. Тодруулбал, яг юу болов, монгол улсын үндэсний эрх ашиг яаж хохиров гэдгийг одоо л албан ёсоор үүрэг хүлээсэн хууль, цагдаагийнхан шалгах байх гэж би найдаж байна. Шалгаасай ч гэж тайлбар, мэдүүлэг өгөх бүртээ хүсэж байгаа.

-Тухайн нэвтрүүлэгт таниас гадна олон түүхч, судлаачид оролцсон шүү дээ. Тэдгээрийг мөн цагдаагаас дуудсан тохиолдол гарсан уу. С.Чулуун сайд яагаад зөвхөн таньд гомдол гаргасан гэж бодож байна?

-Тийм ээ, тэр нэвтрүүлэгт маш олон эрдэмтэн,судлаачид оролцож, олон талын үнэлэлт дүгнэлтийг өгсөн. Тэр бүхнээс зөвхөн намайг яагаад онцолж, цагдаад өгсөн бэ гэдгийг би мэдэхгүй. Харин дээр хэлсэнчлэн залуу түүхчдийн зоригийх мохоох, тэдний зүй ёсны тэмцлийг зогсоох зорилгоор цагдаа, тагнуулд өгcөн байж болох юм. Тэрнээс би ганцаараа энэ бүхнийг яриад, тэмцээд байгаа юм биш. Маш олон түүхч, судлаачид үүний эсрэг байгаа шүү дээ.

-Таны өмнө нь хэвлэлд өгч байсан “Хориг уулын булш тоногдсон” асуудлаар С.Чулуун сайд та хоёр мөн холбогддог?

-Тийм ээ, тэр бол маш олон залуу судлаачдын хүсэл эрмэлзлэлийг Соёлын сайд С.Чулуун албаа авангуутаа унтрааж, бидний урмыг хугалсан явдал болсон. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас түүхийн хосгүй үнэт олдвор гарч, шуугиан тарьсан нь Монголын эзэнт гүрний үеийн алтан ургийн булш байсан. Дотроос нь 700-800 жилийн тэртээх мөнх цэвдэгт тэс хөлдүү чигээр хадгалагдсан 3 ваар дүүрэн өрөм, шар тос, нар, сарны дүрс тэргүүтэй олдворууд олдсон.

Харамсалтай нь авран хамгаалах ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөлгүй судалгааны ажлыг хойшлуулсаар байх хооронд булш тоногдсон байсан.

Харин С.Чулуун сайд бүтэн сар хариу өгөөгүй. Утсаа авахгүй, бидэнтэй уулзахгүй зугтаж, ажил хойшлуулсаар ийм зүйл болсон. Булш тоногдсон талаар мэдээлэл гарсны дараа С.Чулуун сайд археологич Ж.Баярсайханд мессежээр зандарсан хариу явуулсан. Түүн дээрээ та нар надад албан бичгээр хандахгүй яасан юм бэ гэсэн байсан. Гэтэл дээр дурьдсанчлан музейн удирдлага нь өөрөө энэ бидний ажил учраас сайдад албан бичиг өгөх шаардлагагүй, зүгээр очиж уулзаад зөвшөөрөл ав гэж хэлсэн. Тус булш нь зөвхөн өнгөрсөн зуны малтлагаар гэхэд шинээр баригдаж буй Чингис хааны музейн нэг танхимыг хангалттай дүүргэчих хэмжээний олдворууд байсан юм.

-УЛС ҮНДЭСТНИЙ ӨВ СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ХӨДӨЛГӨНӨ ГЭДЭГ НҮҮРС ЗАРЖ, БОРЛУУЛАХААС ТЭС ОНДОО ЗҮЙЛ-

-Энэхүү гэрээ нь одоогоос 8 жилийн өмнө буюу 2012 онд хийгдсэн байдаг. Тэр үед нь хэд хэдэн түүхч, судлаачид эсэргүүцэж байсан ч тэгсгээд намжсан гэсэн яриа бий. Яагаад тэр үед чимээгүй өнгөрч, яагаад энэ олон жилийн дараа сөхөгдөх болов?

-Тухайн үед Түүхийн хүрээлэнгийн захирал байсан түүхч, профессор н.Дашдаваа гуай, Үндэсний номын сангийн судлаач н.Ням-очир нар эсэргүүцэл илэрхийлж, хэвлэл мэдээлэлд хандсан байдаг. Үүний дараа энэхүү хэрэг хууль, шүүхийн байгууллагад очсон ч яаж шийдэгдсэн нь тодорхойгүй тэгсгээд намжсан. Бидний хувьд тэр үед гадаад, дотоодод сурч байсны зэрэгцээ түүхч, судлаачын ажил үүргээ хараахан эхлүүлж амжаагүй байсан үе. Харин тэр үед энэ талаар сонсож байсан ч хууль, шүүхийн байгууллага зогсоосон юм байна гэсэн ойлголттой үлдсэн. Гэтэл 2017 онд эхний 20 боть Хятадад хэвлэгдэж гарсан. 

Үүнийг түүхч, судлаачдынхаа хувьд хаана, ямар шинээр хэвлэгдэж гарч байна гэсэн эрэл, хайгуулынхаа үр дүнд  олж мэдсэн юм. Ингээд баримтын нэг боть 500 хуудастайгаар хийгдэж цаашдаа нийт 1280 орчим боть гарах юм. Энэ хоёр тоог үржүүлэхээр нийт 640 мянган хуудас бүхий баримт өгсөн болно. Гэтэл С.Чулуун сайд энэ тооныхоо ч учрыг олохгүй “Ам нээвэл” гэсэн нэвтрүүлэгт орохдоо 640 мянга гэсэн тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй гэчихсэн сууж байсан. Энэ бол 2-р ангийн хүүхдийн бодчих л тоо шүү дээ.

-Одоо нийт түүхчдийн зүгээс С.Чулуун сайдад ямар арга хэмжээ аваасай гэж хүсч байна?

-Ямар ч байсан бүх зүйл үнэн зөвөөр шийдэгдэж, С.Чулуун сайдыг хариуцлагаа хүлээгээсэй гэж хүсч байна. Харин ямар хариуцлага хүлээлгэхийг бид биш хууль, шүүхийн байгууллагынхан үнэн зөвөөр шийдэх байх аа. Монгол улсын түүхийн хосгүй үнэт дурсгалуудыг энэ мэтээр гадныханд өгсөөр байвал бид түүх, соёл, үндэсний дархлаагүй болох аюул тулгарах болно. Улс орны үнэт сан хөмрөгийг хөдөлгөнө гэдэг нүүрс, зэс арилжаалахаас тэс ондоо зүйл юм. Ахиж ийм соёлын хулгай цаашид гаргахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсэе.

Зургийн тайлбар: 2012 онд Хятадын талаас гэрээ хийхээр ирсэн Ли Шэн, Б.Онон, Улаанбагана, Алтаночир нар төрийн тусгай хамгаалалтанд байдаг Архивын ерөнхий газарт орж, үзлэг шалгалт хийн тус баримтуудыг хамгийн чухал нь хэмээн сонгож авжээ. Тэд мөн орон нутгийн архивуудаар явж шалгалт хийсэн байна.

Зургийн тайлбар: 2012 онд Хятадын талаас гэрээ хийхээр ирсэн Ли Шэн, Б.Онон, Улаанбагана, Алтаночир нар төрийн тусгай хамгаалалтанд байдаг Архивын ерөнхий газарт орж, үзлэг шалгалт хийн тус баримтуудыг хамгийн чухал нь хэмээн сонгож авжээ. Тэд мөн орон нутгийн архивуудаар явж шалгалт хийсэн байна.