Б.Буянтогтох: Анх цусны бүлгээ л мэдэх гэж цусаа өгч байсан. Үүнээс хойш 140 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ

Б.Буянтогтох: Анх цусны бүлгээ л мэдэх гэж цусаа өгч байсан. Үүнээс хойш 140 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ

Нэг удаа цусаа бэлэглэснээр гурван хүний амь насыг авардаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл шинэ он солигдох энэ өдөр уншигч танд дөрвөн жилийн турш цусаа тогтмол өгч, 140 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн залуу Хүндэт донор Б.Буянтогтохтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр Цус сэлбэлт судлалын төвд ажилладаг бөгөөд хүмүүсийг зүгээр нэг цусаа өгөхийг уриалахаас илүүтэй өөрөө үлгэрлэхийг хичээж яваа нэгэн юм.

-ХҮНДЭТ ДОНОР БОЛОХООС ИЛҮҮТЭЙ ХҮМҮҮСТ
ТУСЛАХЫГ Л ХҮССЭН-

-Сайн байна уу. Танд удахгүй гарах шинэ оны мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. 

-Сайн. Баярлалаа. Намайг Б.Буянтогтох гэдэг. 27 настай. Цусны төвд сувилагчаар ажилладаг.

-Таны хувьд хэзээнээс цусаа бэлэглэж эхэлсэн бэ. Хүмүүс ер нь найз нөхөд таньдаг хүнийхээ уриалгаар цусаа их өгдөг шүү дээ. Магадгүй та ажил мэргэжлийнхээ онцлогоор цусаа өгч эхлэв үү? 

-Би Цусны төвд ажилд орохоос өмнө 2013 онд оюутан байхдаа анх удаа цусаа өгч байсан. Тухайн үед өөрийнхөө цусны бүлгийг мэдэх гэж л өгч байлаа. Тогтмол өгч эхэлсэн гэвэл 2016 он. Үүний дараа Цус сэлбэлт судлалын төвд ажилд орсон. 

-Анх удаа цусаа өгч байгаа хүмүүс их айж, сандардаг шүү дээ. Таны хувьд яаж байв. 

-Хүмүүс анх удаа цусаа өгсний дараа дотор муухай оргих, толгой эргэх, бие сульдах гэх мэт янз бүрийн хариу үйлдэл илэрдэг гэсэн ойлголттой байдаг. Харин миний хувьд тухайн үед энэ талаар ямар ч ойлголтгүй байсан болохоор ерөөсөө айж сандраагүй. Сая хэлсэнчлэн цусны бүлгээ мэдэх гэж л сонирхож өгч байлаа. 

-Энэ жилийн хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн хүнээр тодорсон байсан. Ер нь цусаа хэдэн хоногийн давтамжтай өгдөг вэ.

-Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа цусаа бэлэглэж болно гэж заасан байдаг. Тэгэхээр жилд зургаа орчим удаа өгөх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна цусны бүрэлдэхүүн буюу сийвэн гэж байдаг. Цусны сийвэнг 14 хоногийн давтамжтайгаар дөрвөн удаа өгдөг. Сар амарсны дараа дахин өгөх боломжтой. Бас цусны төвийн нөөц багасвал тухайн өдөр хамгийн их хэрэг болж буй бүлгийн дагуу доноруудыг дуудаж авдаг. Дуудагдаж цусаа өгч байсан тохиолдол их бий. 

-Та “Хүндэт донор” цолыг хэзээ авсан бэ.  Хэдэн удаа цусаа өгч байж Хүндэт донор болдог юм бол?

-2019 онд “Хүндэт донор” болсон. 35 удаа цусаа бэлэглэсэн хүн энэ цолыг авдаг. Цусны бүлэг эерэг, сөрөг буюу нэмэх, хасах гэж байдаг. Хасах бүлэг нь нэлээн ховордоо тооцогддог. Тиймээс хасах бүлэгтэй хүмүүс 20 удаа цусаа бэлэглэсний дараа “Хүндэт донор” болдог. Миний хувьд 35 удаа өгсний дараа өнгөрсөн жил “Хүндэт донор” болсон. Хүндэт донорын дараа 70-аас дээш, 100-аас дээш, 150-аас дээш цусаа өгсөн хүмүүс цол авдаг. Тухайлбал, 70 -аас дээш хүрэл донор, 100-аас дээш мөнгө, 150-аас дээш цусаа бэлэглэвэл алтан донор гэж нэрлэгддэг. Гэхдээ миний хувьд хүрэл, мөнгө, алтан донор болно гэхээсээ илүү хүмүүст туслах гэж л тогтмол цусаа өгдөг болсон.

-2019 онд 35 удаа цусаа өгсөн юм байна. Тэгвэл одоогийн байдлаар хэдэн удаа цусаа бэлэглэсэн байна вэ?

-Ойролцоогоор 48 удаа цусаа өгсөн байх. 

-Гадаадын орнуудад цусны байнгын доноруудад төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлдэг. Манай улсын хувьд энэ тал дээр ямар байдаг юм бол. Таны хувьд ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал эдэлдэг үү? 

-“Хүндэт донор”-ууд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ гэсэн журам байдаг. Тусгай карт авна гэсэн үг. Бас ахмад настнууд жилдээ нэг удаа сувилалд амрах гэдэг ч юм уу тиймэрхүү хөнгөлөлт эдэлдэг юм байна лээ. Гэхдээ нийтийн тээврийн хөнгөлөлтийг хүмүүс тэр болгон ашиглаад байдаггүй байх. 

-ӨВДӨЖ, ЗОВЖ БУЙ ХҮМҮҮСТ НЭГ ӨДРИЙНХӨӨ БАГАХАН ЦАГ ХУГАЦААГ ЗАРЦУУЛЖ ЦУСАА ӨГСНӨӨР МАШ ТОМ ТУС ХҮРГЭНЭ ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ-

-Зарим хүн цусаа өгөх нь муу, зарим нь сайн гэсэн янз бүрийн л ойлголттой байдаг. Таны хувьд өөр дээрээ жишээ авч ярьвал донор болж эхэлснээс хойш танд ямар өөрчлөлтүүд гарч эхэлсэн бэ.

-Цусаа бэлэглэснээр эрүүл хүнд ямар ч сөрөг муу үр нөлөө үзүүлэхгүй. Цус өөрөө төлждөг эрхтэн болохоор тодорхой хугацаанд амьдарч, үхэж, дараа нь дахиад л нөхөн төлждөг учраас гадагшлуулж буй тохиолдолд ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй. Бие махбодод гардаг эерэг өөрчлөлтүүдийн талаар гэвэл цусны донорууд ямар нэгэн зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл бага гэсэн судалгаа байдаг. Харин эрүүл биш ямар нэгэн суурь өвчтэй, цусаа өгч болохгүй заалттай хүмүүс өгвөл мэдээж хор нөлөөтэй.

-Нэг удаа цусаа өгөхөд тэдэн хүний амийг авардаг гэсэн янз бүрийн судалгаа байдаг шүү дээ. Таны хувьд дөрвөн жил цусаа өгснөөр хэдэн хүнд амьдрал бэлэглэсэн бэ?

-Нэг удаа цусаа өгснөөр гурван хүнд амьдрал бэлэглэнэ гэсэн судалгаа байдаг. Миний хувьд анх цусны бүлгээ л мэдэх гэж очиж байсан бол одоо 140 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ. Тухайн донорын нэг удаа бэлэглэсэн цусаар Цусны төв хүнд хэрэгтэй нэгээс гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хүнээс авч буй цусыг тэр чигт нь шууд хэрэглэдэггүй. Цусны улаас эс, сийвэн, ялтас гэсэн зүйлсийг ялгаж авдаг. Сийвэнг удаан хадгалж болдог бол улаан эсийг 21-40 хоног хадгалдаг. Одоогоор Цусны төвд улаан эс илүү хэрэгтэй байгаа юм байна лээ. 

-Сүүлийн үед цар тахлын улмаас Цусны төвд хомстол үүсээд байгаа. Та залуу хүнийхээ хувьд бусад залуусыг уриалж үг хэлээч.

-Хөл хорио тогтоож эхэлсний маргааш нь донорын тоо огцом буурсан. Бас их дээд сургуулиуд амарсан нь нөлөөлж, хөл хорионы дараагаас цусаа өгч буй донорын тоо 53 хувиар буурсан. Одоо хүмүүс олон нийтийн сүлжээгээр бие биенээ уриалж, бас Цусны төвөөс тухайн хүнд өглөөний 08.30-аас 14.00 цагийн хооронд зорчих урилга явуулж байгаа учраас цусны нөөц харьцангуй хэвийн хэмжээнд очсон. Миний хувьд Цусны төвд ажиллаж буйн хувьд бусад хүмүүсийг цусаа бэлэглэхийг уриалдаг. Гэхдээ зүгээр нэг хий хоосон уриалах биш өөрийн биеэр үлгэрлэхийг хүссэн. Нөгөө талаас хүний амь нас хамаарсан том хагалгаанууд цус цусан бүтээгдэхүүнгүйгээр хийгдэх боломжгүй. Тиймээс өвдөж, зовсон, амьдралын төлөө тэмцэж буй тэр хүмүүст мөнгөөр тусалж чадахгүй ч гэсэн нэг өдрийнхөө багахан цаг хугацааг зарцуулж,  цусаа бэлэглэвэл маш том тус болдог юм шүү гэдгийг залуус маань ойлгоосой гэж хүсэж байна. 

-Ярилцсанд баярлалаа. Таны цусаа бэлэглэж тус хүргэсэн бүх хүний өмнөөс бас баярлалаа гэж хэлмээр байна.

-Баярлалаа.