Уханьд очсон эрдэмтэд коронавирус  дундын дамжуулагч амьтнаар хүнд халдсан байх магадлал “өндөр” байна гэв

Уханьд очсон эрдэмтэд коронавирус дундын дамжуулагч амьтнаар хүнд халдсан байх магадлал “өндөр” байна гэв

Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр ДЭМБ-ын олон улсын шинжээчдээс бүрдэх 13 хүний бүрэлдэхүүнтэй баг коронавирусийн гарал үүслийг судлахаар БНХАУ-ын Ухуань хотыг зорьсон билээ. Тэд Уханьд 14 хоног тусгаарлагдсаны эцэст нэгдүгээр сарын 28-ны өдөр судалгааны ажлаа албан ёсоор эхлүүлж буйгаа мэдэгдсэн.

Тэдний эхний ажил анхны дэгдэлттэй холбоотой эрдэм шинжилгээний хүрээлэн, эмнэлэг, далайн бүтээгдэхүүний зах дээрх хүмүүсээс ярилцлага авах байсан юм. Тэгвэл шинжээчдийн багийн ахлагч Питер Бэн Эмбарек өчигдөр /2021.02.09/ судалгааны ажлын эхний үр дүнг танилцуулжээ. 

Тодруулбал, эрдэмтэд вирус анх хүнд халдсан байж болох дараах дөрвөн хувилбарыг дэвшүүлсэн байна. Үүнд:

  • Тээгч амьтнаас хүнд шууд халдах, 
  • Хөлдөөсөн хүнсээр дамжиж халдах, 
  • Дамжуулагч дундын амьтнаар дамжин хүнд халдах, 
  • Лабораториос алдагдсан вирус халдах гэсэн дөрвөн онол дэвшүүлсэн байна.

Энэ үеэр лабораториос вирус гадагш алдагдсан байх магадлал “тун бага”, харин дундын дамжуулагч амьтнаар хүнд халдсан байх магадлал “хамгийн өндөр” байгааг онцолжээ. 

Коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрч, ДЭМБ албан ёсоор зарласнаас хойш Ухань хотыг захын үйл ажиллагааг зогсоож, наймаа эрхлэгчдийг худалдааны тоног төхөөрөмж, лангуугаа тэр чигт нь орхиж гарахыг тушааж байсан юм. Энэ нь эрдэмтэд судалгаа хийхэд нэлээдгүй дөхөм болсныг мөн хэлжээ. Цаашлаад эрдэмтэд дээрх дөрвөн хувилбарыг батлахаар илүү нарийвчилсан судалгааг хийх юм. 

Эх сурвалж: Guardian, TASS