Дэд сайд асан Б-ын охин Б.Буянжаргал дахин тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ

Дэд сайд асан Б-ын охин Б.Буянжаргал дахин тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ

Эрүүл мэндийн дэд сайд асан Б-ын охин Б.Буянжаргалд 2020 оны нэгдүгээр сард хар тамхины хэрэгт холбогдож, олны шүүмжлэлд өртөж байв. 

Тэгвэл тус хэргийг өнгөрөгч баасан гарагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд ял шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангова, Лай Фужун нар Эрүүгийн хуулийн 20.7.2 –т зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан”, БНХАУ-ын иргэн Лай Фужунд мөн хуулийн 24.3.1 дэх хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хадгалсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Учир нь БНХАУ-аас хар тамхи оруулж ирж зарсан гэх БНХАУ-ын иргэн  эмэгтэй Нарангова /Өвөрмонгол/, Лай Фужун нараас У.Анхбаяр бараагаа авсан байдаг. Ингээд У.Анхбаярыг цагдаагийн алба хаагчид саатуулах үеэр дэд сайд асан Б-ын охин Б.Буянжаргал хамт байсан бөгөөд, шинжилгээ хийхэд тэрээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. 

Иймд дээрх хэргийг шүүх хэлэлцээд “У.Анхбаярт 2,5 жилийн хорих ял, БНХАУ-ын иргэн Лай Фужунд 2,5 жилийн хорих ял,  харин Б.Буянжаргал, Наранговь нарт гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна. Сонирхуулахад, шүүгдэгч У.Анхбаяр, Б.Буянжаргал нар өмнө нь 2015 онд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдож дэд сайд асан Б-ын охин нь тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн бол У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн байдаг.