Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож улмаар жолоодох эрхээ гурван жилээр хасуулж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхээ хязгаарлуулж байсан иргэн ахин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Прокурорын газраас иргэн Б.М-г “2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа "Toyota" маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэгт” яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч "М"-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Шүүгдэгч нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 1994 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан. Гэтэл дээрх хугацаа дуусаагүй байхдаа дахин 2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 2.86 промилл согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна” гэж шүүх үзжээ.
Улмаар шүүгдэгч "М"-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял шийтгэсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч "М"-д энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сарын хугацааны эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоожээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч "М"-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосон байна.