Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцны улмаас  ачааны тээвэрлэлтийн өртөг 4 дахин өсжээ

Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцны улмаас ачааны тээвэрлэлтийн өртөг 4 дахин өсжээ

Суэцийн сувагт гацсан ачаа тээврийн “Ever green” хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Хэдийгээр онгоц гацсантай холбоотой олон нийтийн сүлжээнд янз бүрийн хошигнол гарч буй ч дэлхийн далайн тээврийн салбарт ихээхэн түгшүүр, бухимдал төрүүлж байна.

Албаныхан эхэндээ хөлөг онгоцыг хүчтэй салхины улмаас гацсан хэмээн тайлбарлаж байсан ч Суэцийн сувгийн захиргаа үгүйсгэж байна. Тодруулбал, “хөлгийг гацаах шалтгаан нь салхи биш байсан  бөгөөд хүний болон  техникийн алдаанаас үүдсэн байх магадлал өндөр. Тиймээс хөлөг гацсан шалтгааныг тодруулахад мэргэжлийн баг шалгалт хийнэ” хэмээжээ.

Хөлөг гацсан эхний өдөр Суэцийн суваг орчин 100 гаруй хөлөг түгжрээд байсан бол өдрөөс өдөрт энэ тоо нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 369 болжээ.  

Бямба гарагт/2021.03.27/ нийт 14 чирэгч завь тус газарт ажиллаж хөлгийг баруунаас зүүн тийш 30 градус хөдөлгөж чадсан юм. Мөн 27 мянган шоо метр элсийг 18 м гүнд шилжүүлсэн. Үүний үр дүнд хөлгийн жолоо хөдөлгөөнтэй болж, хайргадсан хэсгээс бага зэрэг хөдөлгөж чаджээ.

400 метр урттай, 200 тонн жинтэй уг хөлөг онгоц хамгийн дээд талдаа 20 мянган чингэлэг ачих хүчин чадалтай бөгөөд одоогоор 18,300 чингэлэг тээвэрлэсэн байдалтайгаар гацаад байгаа юм. Суэцийн сувгаар өдөрт дэлхийн худалдааны 12 орчим хувийг эзлэх бараа, бүтээгдэхүүн, нэг сая баррель нефть, шингэрүүлсэн байгалийн хийн найм орчим хувь нь  дамждаг.

Хэрэв хөлөг онгоцууд Суэцийн сувгаар дамжихгүй бол зураг дээрх замаар тойрч явах юм

Хэрэв Суэцээр дамжихгүйгээр Африкийн тойрон Энэтхэгийн далайгаар тээвэрлэлт хийнэ гэвэл туулах замын урт 30-35 хувиар, аяллын хугацаа 9 хоногоор нэмэгдэх бөгөөд энэ хэмжээгээр нэг контейнер ачааны тээвэрлэлтийн өртөг зардал өснө гэсэн үг юм.  Зарим эх сурвалжийн мэдээллээр нэг контейнер ачааны тээвэрлэлтийн өртөг зардал өнгөрсөн оны мөн үеэс хойш даруй 4 дахин өсөөд байгаа аж.

Эх сурвалж: BBC