Тогтоол усанд живж амиа алдсан дөрвөн хүүхдийн хэргийг прокурорт дахин буцаажээ

Тогтоол усанд живж амиа алдсан дөрвөн хүүхдийн хэргийг прокурорт дахин буцаажээ

Өнгөрөгч 2020 оны тавдугаар сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хашаан доторх тогтоол усанд тоглож байсан хүүхдүүд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр уг хэргийн тав дахь удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн анхан шатны шүүх хуралд болсон ч хэргийг прокурорт буцаажээ.

Талийгаач хүүхдүүд Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр “Ханталст” компанийн хашаан дотор байрлах тогтоол усанд барилгын хөөсөнцөр хөвүүлэн тоглож байгаад живж амиа алдсан.

“Ханталст” компанийн Ерөнхий захирал Ш.Бат-Энхэд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн юм. Шүүх уг хэргийг хүлээж аваад яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хийхээр товлосон. Гэвч яллагдагч талаас “шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлж, гуравдугаар сарын 10-ны өдөр болжээ. Гэсэн ч гуравдугаар сарын 10-ны өдөр яллагдагчийн өмгөөлөгч н.Төгсгэрэл уг хэрэгт шинээр оролцож байгаа гэсэн үндэслэлээр дахин хойшилсон байна.

Улмаар гуравдугаар сарын 18-нд товлогдсон ч яллагдагчийн өмгөөлөгч хөл хорионд орсон гэсэн шалтгаанаар хойшлуулах хүсэлт явуулжээ. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон. Гэсэн ч Шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй хүсэлтийг талуудаас тавьсан учраас хэргийг прокурорт буцаажээ. Тодруулбал, прокурорын шатнаас хэргийг дахин тодруулах шаардлагатай байна гэж үзсэн байна.