БАРИМТ: Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын оролцоотой Перу Улсад $226 саяар алтны уурхай худалдаж авсан уу

БАРИМТ: Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын оролцоотой Перу Улсад $226 саяар алтны уурхай худалдаж авсан уу

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны эзэн Д.Эрдэнэбилэг Перу улс / Бүгд найрамдах Перу/ -д 226 сая ам.долларын өртөгтэй алтны уурхай худалдан авсан байж болзошгүй байна. Мөн тус уурхайг худалдан авахад нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуул оролцсон уу?, цаашлаад тус уурхайг тэд хамтарч эзэмшиж байгаа юм биш биз? гэх асуулт гарч эхлээд байна.

-“СЕНТЕРРА ГОЛД” КОМПАНИ МОНГОЛООС ГАРАХАД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, ЗӨВЛӨХ Г.УЯНГА НАР НӨЛӨӨЛСӨН ҮҮ-

Юуны өмнө 2018 онд Монголоос гарч явсан “Сентерра голд” компанийн түүхийг энд товчхон дурдъя. Тодруулбал, 2017 онд Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа, “алтны салбарт төрийн эрх мэдлийг тогтоохоо мэдэгдэж, алтны лицензийг хориглох, гаднынхнаар биш зөвхөн монголчууд өөрсдөө олборлох асуудлыг хөндөж, “Гацуурт”-ын ордод хөрөнгө оруулагчийг нэр заан шүүмжилж эхэлсэн байдаг. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга “Гацуурт”-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхдэж буй “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТТБ-ын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож эхэлсэн юм.

Иймд “Сентерра голд” компани Гацууртын алтны ордыг ашиглаж чадахгүй, шүүмжлэлд өртөж эцэстээ Монгол дахь уг төслөө зараад гарсан юм.  

Тодруулбал, “Сентерра голд” компани 2018.10.12-ны өдөр Монгол дахь бизнесийн нэгжээ Сингапурын OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар борлуулж буйгаа мэдэгдсэн. Тус мэдэгдэлд Монгол дахь бизнесийн нэгжид нь Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг дурдаад, OZD ASIA PTE нь “Сентерра голд”-ын Монгол дахь охин компаниуд болох “Бороо гоулд” ХХК болон “Сентерра гоулд Монголия” ХХК-ийг эзэмшдэг Centerra Netherlands (BVBA) компанийн бүх хувьцаа, өр төлбөрийг худалдан авч байгаа гэсэн юм. Харин Монгол дахь Бороо, Гацууртын алтны уурхай, ордын төслийг худалдаж авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн хаалттай, нууцлаг байдал ямар үр дагавар авчрахыг хэн ч таашгүй гэж эх сурвалжууд онцолж байв. Учир нь тус компанийн үйл ажиллагаа, эзэн гээд бүх зүйл нь тодорхойгүй байсан юм. Мөн OZD ASIA PTE компанийн танилцуулгад, “Австрали, Сингапур болон Монголын группийн хөрөнгө оруулалттай” гэснээс өөр зүйлийг дурдаагүй байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Иймд “Сентерра голд” компанийг Монголоос гаргаж дээрх уурхай, ордыг авахын тулд иргэдийн сэтгэл зүйг бэлдсэн олон талын сурталчилгааны ажлуудыг хийсэн байж болзошгүй гэх хардлага зарим иргэдэд байдаг.

-БОРОО, ГАЦУУРТЫН АЛТНЫ УУРХАЙГ ХХБ-НЫ ЭЗЭН Д.ЭРДЭНЭБИЛЭГ OZD ASIA PTE КОМПАНИАР ДАМЖУУЛЖ АВСАН УУ-

Харин дээрх үйл явдлын дараа Бороогийн алтны уурхай, Гацууртын ордыг 35 сая ам.доллараар авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийг Монгол улсын иргэн Э.Дөлгөөн болон Малайз улсын хоёр иргэн хувь эзэмшдэг талаар эх сурвалжууд мэдээлж байв. Тодруулбал, Э.Дөлгөөн нь UB post сонинд сэтгүүлч, Улаанбаатар хотын банкинд ажиллаж байсан гэдэг. Улмаар ХХБ-ны ерөнхий захирал Д.Эрдэнэбилэг энэ наймааны ард байна гэж мэдээлэгдэж байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Э.Долгион болон түүний дүү Э.Дөлгөөн

Сонирхуулахад, Э.Дөлгөөн нь Bloomberg TV mongolia телевизийн захирал Э.Долгионы төрсөн дүү нь юм. Харин Bloomberg tv mongolia телевизийг монголд Худалдаа хөгжлийн банк нээсэн гэдэг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-“OZD ASIA PTE”  КОМПАНИ ПЕРУ УЛСАД 226 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛТНЫ УУРХАЙ АВЧЭЭ-

Тэгвэл дээрх Cингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компани Boroo Pte компаниараа дамжуулж Өмнөд Америкийн Перу улсад 226 сая ам.долларын өртөгтэй алтны уурхайг худалдаж авсан талаар barrack.com сайтад энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр мэдээлсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Перу улс дахь 226 сая ам.долларын алтны уурхай

Тус мэдээлэлд, “Barrick компани нь Перу улсын алтны уурхайг 100 хувь эзэмшүүлэх хэлбэрээр Сингапурт бүртгэлтэй Boroo Pte компанид худалдахаар болсноо зарлалаа. Энэ гэрээний нийт дүн нь 81 сая доллар бөгөөд үүн дээр нэмж Barrick компанийн нөхөн сэргээлтийн бондын үүргийн үлдэгдэл болох 173 сая долларыг хариуцах юм. Мөн Boroo Pte компани 81 сая долларыг дараах байдлаар төлөхөөр тохирсон байна. Тодруулбал, гэрээнд гарын үсэг зурах үед 20 сая ам.долларын урьдчилгаа , 10 сая ам.долларыг гэрээ хийснээс 1 жилийн хугацаанд, 20 сая ам.долларыг гэрээ хийснээс 2 жилийн дараа. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны 2 хувийн реалтын төлбөрт 16 сая ам.доллар,  гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд алтны зах зээлийн дундаж үнэ, ханшид үндэслэн тогтоох 15 сая ам.долларын болзошгүй төлбөр зэргээс бүрдэнэ” гэжээ. Мөн Boroo Pte компани өөртөө шилжүүлэн авсан 173 сая долларын нөхөн сэргээлтийн бондын төлбөрийг хоёр үе шаттайгаар бондын үүргийг 100 хувь гүйцэтгэнэ. 

  1. Бондын үүргийн 50 хувийг гэрээ зурагдахад 
  2. Бондын үүргийн үлдсэн 50 хувийг гэрээ зурагдсанаас хойш 1 жилийн дараа гүйцэтгэнэ.  

Энэхүү хэлэлцээрт TD securities нь Barrick компанийн санхүүгийн зөвлөхөөр, Lawson, Lundell, Elias. M зэрэг хуулийн фирмүүд хуулийн зөвлөгөө өгөх үүрэгтэй оролцож байна” гэж мэдээлжээ. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТӨРСӨН ДҮҮ Х.БАТТУУЛ ПЕРУ УЛСААС МОНГОЛД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН АЛБАН ТУШААЛТАЙ-

Ямартай ч ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг Өмнөд Америкийн Перу улсад 226 ам.доллараар алтны уурхай худалдаж авсан байж болзошгүй байна. Харин тус худалдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний дүү Х.Баттуул оролцсон уу?, гэсэн асуулт гарч байгаа юм. Учир нь Х.Баттуул 2012 онд Перу Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулын албан тушаалд томилогдож байжээ. Мөн Гадаад харилцааны яамны Consul.mn сайтад “Перу улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Х.Баттуул” гэж мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Consul.mn

Иймд Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компани Boroo Pte компаниар дамжуулж Өмнөд Америкийн Перу улсад 226 сая ам.долларын өртөгтэй алтны уурхайг худалдаж авахад өргөмжит консул Х.Баттуул оролцсон байж болзошгүй, нөгөөтэй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудалд холбогдох болсон ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг Перу улсад алтны уурхай авсан уу?, гэсэн асуулт гарч эхлээд байна.