Засгийн газар, Оюутолгойн хэлэлцээ энэ долоо хоногт дахин үргэлжилнэ

Засгийн газар, Оюутолгойн хэлэлцээ энэ долоо хоногт дахин үргэлжилнэ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өчигдөр (2021.04.12) 11.00 цагт Төрийн ордонд “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээгээ эхлүүлсэн. 

Хэлэлцээд Монголын талаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн орсон. Ажлын хэсэгт, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нарын албан албан тушаалтнууд оролцож нүсэр ажил болжээ.

Харин хөрөнгө  оруулагч  талаас Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, тус группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нарын цомхон бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

Уг уулзалтаар

  • Далд уурхайн бүтээн байгуулалт (Дубайн)-ын төлөвлөгөөг цуцлах,
  • Татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх,
  • 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхээр Монголын талаас төлөвлөсөн. 

Харин өчигдрийн уулзалтаар талууд байр, сууриа эхний байдлаар илэрхийлээд салсан бөгөөд маргааш, нөгөөдрийн аль нэгэнд хоёр дахь уулзалт болно гэх мэдээлээл байна. Тэгэхээр өчигдрийн уулзалт албан ёсны хэлэлцээ биш гэсэн үг. 

Өчигдрийн уулзалт буюу анхны хэлэлцээний үеэр Монголын талаас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд хөрөнгө оруулагч талаас асуулт асууж, хариулт авчээ. Тэдний асуултад хөрөнгө оруулагч талын ахлагч Б.Болд ихэвчлэн ярьж, гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Гишүүд ч далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын гэрээний талаар нэлээн шүүмжлэнгүй байр, суурийг илэрхийлж хөрөнгө оруулагч талыг загнасан уур амьсгалыг илэрхийлсэн гэх. 

Харин Монголын талын ажлын хэсгийнхэн нэгдмэл бус байр суурьтай орсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, Засгийн газраас Дубайн гэрээн дээр голлон төвлөрч, төслийн үр өгөөжийг сайжруулах чиг барих хүсэлтээ илэрхийлсэн бол УИХ-ын зарим гишүүд тус гэрээг цуцал гэсэн бололтой. 

Монголын талаас ийнхүү Дубайн гэрээг цуцал, цуцлахгүй сайжруул гэж хэрэлдэж, загнасаар хэлэлцээний цагийг барсан учир цаашид ажлын хэсгийн гишүүдийг цөөлөх эсвэл нэгдмэл байр, суурьт зангидаж илүү чамбайруулахад Засгийн газар ярьж, анхаарч эхэлжээ. 

Дараагийн уулзалтад Монголын тал юу ярьж, хэрхэн зохион байгуулалттай байхаас нь тэднийг байр, сууриа нэгтгэж чадсан эсэхийг мэдэж болох юм.