Хуульч Н.Ариунболд: 20 оны сонгуулийг хойшлох, бүр хүчингүй болох ноцтой хууль зүйн эрсдэл үүсч болзошгүй...

Хуульч Н.Ариунболд: 20 оны сонгуулийг хойшлох, бүр хүчингүй болох ноцтой хууль зүйн эрсдэл үүсч болзошгүй...

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлага ямар шатандаа явж байна?

-Нэгдүгээр хэлэлцүүлгийн шат дуусч, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлдэх үе шатандаа явж байх шиг байна. Хуульд ялангуяа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нь тухайн төслийн агуулгаас гадна процессийн журам зөрчихгүй байх чухал асуудал. Өөрөөр хэлбэл хууль дээдлэх нь төрийн аль ч шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны үндсэн зарчим юм.

-Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар төрийн ордонд олон нийтийн дунд хэлэлцүүлгээр ямар асуудал хөндөв?

 -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т “энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ.” гэж заасан байдаг. Мэдээж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад агуулгын шаардлага байхаас гадна хуульд заасан журмыг зөрчихгүй байх шаардлагатай. Хэлэлцүүлэгт оролцогчийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хуульд заасан журмыг яагаад зөрчсөн учрыг ажлын хэсгийн ахлагч, хууль санаачлагч Д.Лүндээжанцан гуайгаас тодрууллаа. Харин тэрбээр ажлын хэсгийн гишүүд дотроо хоорондоо ярьж байгаад хуулиа барихгүй гэж шийдвэрлэсэн гэж дурдана билээ.

-Энэ асуудлаа тодруулаад өгөөч?

-1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт холбогдох журам зөрчсөн үндэслэлээр Цэцийн шийдвэрээр хүчингүй болж, 2000 онд УИХ дахин баталж байсан. Энэ асуудлыг дахин гаргахгүйн үүднээс хууль тогтоогч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд баталсан байдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам тодорхой болж санаачлага гаргахаас авахуулаад батлагдах олон нийтэд хүрэх хүртэл бүх харилцааг энэ хуулиар зохицуулсан байдаг. Уг хуульд зааснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн акт нь зөвхөн хууль байна гэж тодорхой заасан байхад Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ хууль бидэнд хамаагүй гэсэн байдалтайгаар хандаж байгаа нь Д.Лүндээжанцан нарын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдахаар завдаж байна гэж үзэх үндэслэл болж байна.

-Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлага хууль зөрчсөн гэж үзэж болох уу?

-Тиймээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулийн 5.1.1-д “Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах үндсэн зарчмыг баримтална, 5.2.4-т уул зарчмыг дараах арга замаар хангана: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэж заасныг зөрчсөн үйл ажиллагаа болоод байна. Тодруулбал Д.Лүндээжанцан нарын гишүүд хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй төслийг хэлэлцэж байгаа УИХ ч хууль зөрчсөн болж байна.

-Үүнээс ямар үр дагавар үүсч болох вэ?

-Түрүүн дурдсан. Хуулиар тогтоосон дэг, журам зөрчиж гаргасан ямар ч шийдвэр  хүчингүй болох нь тодорхой. 1999 онд ийм зүйл болсон. Магадгүй Үндсэн хуульд оруулсан гэх өөрчлөлтийн дагуу 20 онд сонгууль болсны дараа хэн нэгэн этгээд Хэнтийн аймгийн нөхөн сонгууль шиг Цэцэд өргөдөл гаргаад, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Цэц хүчингүй болголоо гэхэд тухайн өөрчлөлтийн дагуу явагдсан сонгууль ч мөн хүчингүй болох хууль зүйн эрсдэлтэй.

-Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил болвол ирэх жил сонгууль явагдах уу?

-Уг нь энэ өөрчлөлт одооны гишүүдэд үл хамаарна. Дагаж мөрдөх журмын хуулиа тодорхой болгохгүй бол мөн л нөгөө жолоочийн эхнэр “гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байна. Сонгууль 20 онд бус 21 онд явагдах ёстой” гэж өргөдөл гаргавал магадгүй л юм. Нэг сонгуулийг хэд хэд хойшлуулж байгаа гашуун сургамж байна шүү дээ.    

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөндсөн нь хуульч, судлаач нарын дунд багагүй  маргааныг үүсгээд байна?

-Мэдээж Ерөнхийлөгч хууль санаачлагчийн хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санаачлага гаргах эрхтэй. Гэхдээ энэ эрхээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээ хязгаарын дотор эдэлнэ. Журмын хуулийн 11.3.4-т... өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болно гэж заасан. Тийм болохоор Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлэн төслийг саналын хэмжээнд харгалзан үзэх байх. Түүнчлэн мөн хуулийн  13.3-т Байнгын хороо болон түүний гишүүн нь төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын томъёоллыг санал, дүгнэлтдээ оруулж болохгүй гэснийг гэж заасныг ч мөн харгалзах байх.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ УИХ хэлэлцэх, батлах нь зөв үү?

-Хэлбэрийн шаардлагын хувьд нийт гишүүдийн 4/3 хувийн саналаар батлах боломжтой ч Үндсэн хууль маань ямар хууль, ямар харилцааг зохицуулдаг билээ, түүний хүчин чадал нь юу билээ гэдгийг харгалзах аваас нийт ард түмнээрээ хэлэлцэж батлах нь зөв байх.

-Энэхүү ярилцлагаар та хэн нэгэнд хандаж үг хэлэх боломжтой.

-Д.Лүндээжанцан гишүүнд хандаад нэг үг хэлье. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй” гэж заасан. Хуульд заасан журмыг дагах эсэхээ ажлын хэсэг яриад шийдэж болохгүй. Та болон таны өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаа нь мөн хуулийн 1.2-т заасанчлан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг” гэж үзэх үндэслэл болно шүү. Нэгэнт хууль зөрчиж баталсан аливаа эрх зүй нийгэмд үл зөвшөөрөгдөх, цаашлаад хүчингүй болох ноцтой эрсдэлтэй гэдгийг хэлье дээ. 2000 оны дордохын долоо гэх өөрчлөлтийг 19 жилийн дараа Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд хянаж байна.

-Баярлалаа.

-Баярлалаа. Энэхүү ярилцлагыг цаг гаргаж уншсан уншигчдаа мөн баярлалаа гэж хэлье. Амжилт хүсье.