Ковидын хууль сунгагдвал таны ЭМД-ын мөнгийг та биш Л.Оюун-Эрдэнэ зарцуулах эрхтэй болно

Ковидын хууль сунгагдвал таны ЭМД-ын мөнгийг та биш Л.Оюун-Эрдэнэ зарцуулах эрхтэй болно

Өчигдөр /2021.06.24/ хуралдсан УИХ-ын чуулганаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуульд өөрчлөлт оруулах болон хууль /ковидын хууль/-ийн үйлчлэх хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн юм.

-ИРГЭД ЦАЛИНГААСАА САР БҮР 2 ХУВИАР ТӨЛДӨГ ЭМД-ЫН МӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР АВЧ, КОРОНАВИРУСТАЙ ТЭМЦЭХЭД ЗОРИУЛАХ ГЭНЭ-

Харин энэ үеэр УИХ-ын зарим гишүүд “Иргэдийн төлж байгаа Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын мөнгийг эздээс нь асуухгүйгээр, зарцуулах эрхийг нь Засгийн газар авах гэж байна. Сүүлийн жилүүдэд коронавирустэй тэмцэхэд зарцуулсан гэх мөнгөний тайлангаа ил болгоогүй байж иргэдийн ЭМД-ын мөнгийг зөвшөөрөлгүй үрж болохгүй” гэж эсэргүүцэж байв.

Учир нь, ковидын хуулийн төслийн 7.1.37 -д “Коронавируст халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах” гэж тусгажээ. Төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Товхондоо, тус хууль батлагдвал УИХ-ын зарим гишүүдийн яриад байгаа шиг “иргэд сар бүр төлдөг ЭМД-ын мөнгийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авч, коронавирусийн халдвартай тэмцэхэд зарцуулах ажээ.

Тодруулбал, ажил олгогч болон ажилтан цалингийнхаа 2 хувийг ЭМД-д сар бүр төлдөг билээ.

Харин манай улсыг “коронавирусийн халдвартай тэмцээрэй” гэж Дэлхийн банк, Европын холбоо зэрэг Олон Улсын байгууллага, гадаадын улс орнуудаас өгсөн ам.доллар, мөн улсын төсвөөс гаргасан мөнгөний зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхой бус байна гэж шүүмжилж буй юм.

-КОВИДЫН ХУУЛИАР ЖИРИЙН ИРГЭНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ, ДАРГА НАР ДАВУУ ЭРХ ЭДЭЛДЭГ-

Нөгөөтэй ковидтой тэмцэх хууль нь “хүний эрхийг зөрчиж, улс төрд нөлөө бүхий эрхмүүд хамаарал бүх этгээдүүдээ энэ хуулиар далимдуулж ямар ч шалгаруулалтгүй төрийн албанд томилуулж байна ” гэж иргэд шүүмжилж буй юм. Учир нь одоо хэрэгжиж буй хуулийн 3.2 -д “… олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Энэ нь ковидын хуулийн хүчинтэй хугацаанд хэн нэгийг ямар ч “шалгуургүйгээр” төрийн өндөр албан тушаал хаших нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

Мөн ковидын хууль Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаасан байдаг. Тухайлбал, тус хуулийн 9.13 -д “ … цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэж заасан нь Үндсэн хуулийн 16.16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө”-г нь ноцтой зөрчиж байна гэж хуулчид үздэг. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.