600 тонн турба Эрээнд гацсан тул дулааны шугам засварлах ажил долоо хоногоор хойшиллоо

600 тонн турба Эрээнд гацсан тул дулааны шугам засварлах ажил долоо хоногоор хойшиллоо

Аравдугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчлэх ажил явагдаж байгаа. Мөн шугамыг сэрүүний улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Бид есдүгээр сарын 15-н гэхэд халуун  ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй асуудал нь турба саатсан. Нийт 600 тонн гаруй турба Эрээнд байгаа. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон зайлшгүй шаардлагатай.

Төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-н гэхэд турба угсрах ажил эхлэх ёстой байсан.  Энэ ажил 7-10 хоногоор саатах нөхцөл үүслээ. Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээсэн. Хотын захиргаа, Захирагчийн ажлын албанаас талбай чөлөөлөх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажилласан” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц. Тэр дундаа дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар цаашдаа орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлүүд тулгарна. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хүртэл хэмжээнд хүрсэн. Иймээс Сүлжмэлийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан” хэмээн ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв