БНСУ-ын Инчон хотод амьдардаг монгол гэр бүлийн байшин санамсаргүй түймрийн улмаас шатаж, хүндхэн байдалтай байгаа талаар тус улсын хэвлэлд бичжээ.
Долдугаар сарын 25-ны өдөр Инчоны Намдонг-гуд гал гарч, хоёр айлын байшин шатсан байна. Тэдний нэг нь Монгол гэр бүл бөгөөд 34 настай А, дөрвөн сартай жирэмсэн эхнэр, 12 настай охин, гурван настай хүүтэйгээ очих газаргүй үлджээ.
Гэнэтийн золгүй явдал коронавирусийн халдвараас үүдэлтэй. Галын өмнөх өдөр А-ийн Монголд амьдардаг эмээ нь коронавирусийн улмаас нас барсан байна. А Монгол руу буцаж очих боломжгүй байсан тул өөрийн орны уламжлалын дагуу гэртээ зул асааж, талийгаачид хүндэтгэл үзүүлжээ. Гэвч зулын гал байшингийн ханын цаас руу дамжиж, А-ийн гэр болон зэргэлдээх байшин шатсан байна.
Гал сөнөөгчид ирсэн боловч хоёр айлын байшин аль хэдийн шатаж дууссан байсан аж. А-ийн гэр бүл гэмтэж бэртээгүй ч барилгын эзэн болон хөршүүддээ их хэмжээний нөхөн олговор олгох болоод байна.
Уг харамсалтай явдлыг гадаад ажилчдын төвөөс сонссон сүмийн пастор Ли Жун Мо А-ийн гэр бүлд туслахаар болж, оршин суух газар бэлдэн, хандивын аян өрнүүлж байна. Пастор Ли хэлэхдээ "Хэдийгээр бид ноён А-гийн гэр бүлд түр хоргодох байраар тусалсан ч нөхөн төлбөрийн асар их зардал нь хамгийн том асуудал болоод байна. Өөрсдийн хөрөнгөө алдсан монгол гэр бүлд туслаач" гэжээ.
Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард гал түймэрт өртсөн таван монгол гэр бүлд түр хоргодох байр өгч, тусалж байжээ.
Эх сурвалж: Mk.co