Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ E-Mongolia цахим системийн дэргэд сургалт, судалгааны төв байгуулагдаж буйг танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын 200 дахь хоногт багтаан E-Mongolia-гийн дараагийн хувилбарын шийдлийг танилцуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ үүргийг өгөхдөө хиймэл оюун ухаанд суурилсан, тухайн иргэнд өөрт нь зориулсан үйлчилгээг санал болгодог байдлаар хийхийг даалгасан. Өнөөдрийн байдлаар E-Mongolia-д 539 үйлчилгээ орсон. E-Mongolia нээгдсэнээсээ хойш 27 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн гэсэн судалгааг судлаачид гаргасан. Ялангуяа цар тахлын үед их ачаалал авч, вакцины гэрчилгээ, лавлагааг өгч байсан.
E-Mongolia II шинэчилсэн хувилбар гаргаж, одоогийнх дээр таван функц нэмнэ.
Нэгт, тухайн хүн дээр байгаа иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бүх бичиг баримтуудыг оруулна. Жолооны үнэмлэхээ орхисон тохиолдолд хурууны хээгээр хэн гэдгээ нотолчихсон байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Энэ байдлыг шинэчилсэн хувилбараар шийднэ. Виз захиалахад гадаад пасспортын бүх мэдээллийг оруулдаг. Үүнийг бүгдийг нь оруулж өгснөөр лавлагаа тодорхойлолт авах шаардлага багасгана. Иргэний үнэмлэхний соёмботой баталгаажуулах тэмдэг байдаг. Үүнийг холограмаар оруулж өгнө.
Хоёрт, тухайн хүнд хэрэгтэй байгаа үйлчилгээг санал болгоно. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг хамгийн түрүүнд оруулна.
Гуравт, хэрэглэгчдэд илүү хялбар, ойлгомжтой болгоно. Өдөрт 11-11 төв дээр 800-1000 хүн үйлчлүүлдэг, чат руу 1200-1500 хүн мессеж бичдэг. Тиймээс хэрэглэгчдэд илүү хялбар болгохоор тохируулж өгнө. E-Mongolia өөрөө хуулийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас тухайн хүнийг үнэн зөв таних чухал. Тэгэхээр бид нүүр болон хурууны хээгээр таних функцуудыг оруулна.
Дөрөвт, ААН-үүд, иргэдэд зориулсан шинэ үйлчилгээ орно. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу гэрээсээ гарах шаардлагагүйгээр ААН-үүд авч болох 30 үйлчилгээ, иргэд авч болох 20 гаруй үйлчилгээг нэмнэ. Мөн шилжилт хөдөлгөөний үйлчтилгээг авахад хөдөө орон нутагт бүртгэлтэй иргэн заавал хөдөө орон нутаг руугаа очиж бичиг баримтаа авчраад сольдог байдлыг шийднэ.
Тавд, авлигын индексийг бууруулах хүрээнд авлига, хээл хахууль ихтэй үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд цахимжуулна.
Мөн E-Mongolia-г шинэчлэхэд 200-300 сая төгрөгөөр шинэчлэн гэж төлөвлөсөн" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: