Олимпод ажилласан Б.Энх-Оргил: Монголынхоо багийг “баяр хүргэе, амжилт хүсье” гэж самбар дээр бичээд, чадахаараа дэмжихийг хичээсэн

Олимпод ажилласан Б.Энх-Оргил: Монголынхоо багийг “баяр хүргэе, амжилт хүсье” гэж самбар дээр бичээд, чадахаараа дэмжихийг хичээсэн

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг "Токио 2020" зуны олимпын наадам саяхан болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Монгол тамирчид чамлахааргүй амжилт үзүүлж, эх орныхоо тугийг Олимпын “тэнгэрт” хэдэнтээ мандуулж чадсан. Тэгвэл тамирчдаас гадна олимпын наадмын зохион байгуулалтад Монгол бүсгүй ажилласныг та мэдэх үү.

Түүнийг Б.Энх-Оргил гэдэг. Спортод дуртай тэрбээр бүр 2018 онд "Токио 2020" зуны олимпын наадмын сайн дурын ажилтнаар бүртгүүлж байжээ. Ийнхүү зуны олимпод сайн дураар ажиллаж мөрөөдлөө биелүүлсэн бол, одоо удахгүй эхлэх паралимпод бэлдэж сууна. Бид түүнтэй холбогдон олимпын наадмын зохион байгуулалт хийгээд сайн дурын ажилтнаар хэрхэн элссэн талаар амттай яриаг өрнүүллээ.

-МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖТАЙ ҮЛДЭХ БАЙХ ГЭЖ САЙН ДУРЫН АЖИЛТНААР БҮРТГҮҮЛЖ БАЙЛАА-

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн. Сайн байцгаана уу. Намайг Болдхүүгийн Энх-Оргил гэдэг. 2014 оноос хойш Японд амьдарч байна. Анх энд ирээд хоёр жил хэлний бэлтгэлд суусан. Дараа нь дөрвөн жил их сургуульд сурч, өнгөрсөн онд төгссөн.

-Яагаад олимпод сайн дурын ажил хийхээр шийдсэн юм бэ?

-2018 оны 12 дугаар сард Олимпын сайн дурын ажилтнаар бүртгүүлсэн юм. Би спортод их сонирхолтой. Олимпын наадам үзэх дуртай. 2016 онд оюутан байхдаа Токиод олимп болно гэдгийг анх мэдсэн. Олимп болох жил сургуулиа төгсөж таарах учраас мартагдашгүй дурсамжтай үлдэх байх гэж сайн дурын ажилтнаар бүртгүүлж байлаа.

-Сайн дурын ажилтнуудыг яаж сонгож авдаг вэ. Тодорхой шаардлагууд тавигддаг уу?

-2018 онд онлайнаар бүртгүүлж, 2019 оны зун ярилцлагад орсон. Ярилцлагад тэнцсэн эсэхийг дараа нь и-мейлээр мэдэгддэг. Хэрэв тэнцсэн бол хаана ямар спортын төрөлд, ямар ажил хийх талаарх мэдээлэл мөн и-мейлээр ирдэг. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ярилцлага, сургалтууд нь бүгд цахимаар явагдсан. Сайн дурын ажилтнаар элсэхэд англи хэлтэй бол давуу тал болно. Тэрнээс тийм ч өндөр шаардлага, шалгуур тавьдаггүй.

-Сургалт бас ордог хэрэг үү?

-Тийм. Онлайн сургалтаар олимп гэж юу болох, хэрхэн үүссэн талаар бүр түүхээс нь эхэлж заадаг. Цаашлаад хүн ухаан алдаж унавал анхан шатны ямар тусламж үзүүлэх гэх мэт зүйлсийг сургалтаар заадаг. Энэ сургалт жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Хичээлүүд нь бичлэг хэлбэрээр и-мейлээр ирчихдэг.

-Сайн дурын ажилтнаар нийт хэд хоног ажилласан бэ?

-Олимпын нээлт долдугаар сарын 23-нд эхэлсэн. Би маргааш нь буюу 24-ний өдрөөс наймдугаар сарын 31-ийг хүртэл тэмцээн дуустал ажилласан. Дунд нь хоёр хоног амарсан гэхээр нийт зургаан хоног ажилласан юм байна.

-Өдөрт хэдэн цаг ажилласан бэ?

-Өглөө 06.50-аас өдрийн 12.00 цаг хүртэл, мөн 14.00-16.00 цаг хүртэл гэсэн хоёр цагийн сонголттойгоор ажилласан. Миний хувьд бараг хоёр өдөр нь өглөө, бусад өдөр нь өдрийн ээлжид ажилласан байх.

-Таны хийх ёстой зүйл, үүрэг тань юу вэ.  Мөн танаас өөр Монгол хүн сайн дураараа ажилласан уу?

-Би байт харваа дээр хуваарилагдаж, ажилласан. Байт харваан дээр Монгол ажилтан байгаагүй ээ. Харин хийх ёстой ажил маань гэвэл илүү үзэгчид рүү чиглэсэн гэх үү дээ. Тухайлбал, үзэгчдэд хаана суух, мөн ариун цэврийн өрөө хаана байдаг гэх мэт зүйлсийг зааж өгнө. Японд зун маш халуун. Байт харвааны тэмцээн гадаа болдог учраас талбайд тамирчид маш их халууцдаг. Тиймээс талбайд ус цацах гэх мэт ажил мөн хийсэн.

-МОНГОЛ ТАМИРЧДЫНХАА ТЭМЦЭЭНИЙГ ҮЗЭЭД МАШ ИХ ДОГДОЛЖ, БАХАРХАЖ БАЙЛАА-

-Яг байт харвааны тэмцээний үед Японд өдөртөө бараг 35, 36 хэм хүрч халж байсан. Халуунд ажиллах хэр хүндрэлтэй байв?

-Тийм. Үнэхээр халуун байсан шүү. Хэцүү байсан ч би Японд олон жил амьдарсан учраас харьцангуй дасчихсан, гайгүй байсан. Зохион байгуулагчдын зүгээс сайн дурын ажилтнуудын уух зүйл, хүйтэн алчуур, зайрмагаар хангаж өгсөн болохоор их дэм болсон.

-Сайн дурын ажилтнуудад олимп дууссаны дараа ямар нэгэн урамшуулал өгсөн үү?

-Сайн дураараа хийж байгаа учраас цалингүй ажиллана. Гэхдээ бидэнд өдөрт 1000 иен буюу унааны мөнгө өгсөн. Мөн гурваас илүү хоногоор ажилласан хүмүүст олимпын алт, мөнгө, хүрэл медалийн тэмдэг дурсгасан. Сүүлийн өдөр сугалаа татуулж, цаг, тэмдгийн аль нэгийг хүмүүст бэлэглэсэн. Би цаг хожсон /инээв/.

-Токио-2020 наадамд нийт хэдэн сайн дурын ажилтан ажилласан бэ. Сайн дурын ажилтнууд дунд дэлхийн орон бүрээс ирсэн хүмүүс байсан уу?

-Нийт 8000 сайн дурынхан ажилласан. Тэдний дунд Японд ажиллаж, амьдардаг, сурдаг Европ иргэд цөөнгүй байсан. Тэд ихэвчлэн тамирчдадаа орчуулагч хийж ажилласан.

-Сайн дурын ажилтнуудыг халдвар хамгаалалтын ямар дүрэм журам баримтлах ёстой байдаг вэ?

-Биднээс өдөр бүр PCR шинжилгээ авсан. Мөн амны хаалтыг тогтмол зүүнэ. Гар ариутгагчаа байнга авч явна.

-Монголын тамирчид байт харвааны төрөлд оролцсон. Монголын тамирчдынхаа тэмцээнийг үзэж амжсан уу?

-Эхний өдрүүдэд Монгол тамирчидтайгаа ерөөсөө таараагүй. Манай улсаас байт харваанд хоёр тамирчин, нэг шүүгч ирсэн. Би Монголын шүүгчтэй фейсбүүкээр найзууд болж, “байт харваанд ажиллаж байгаа, уулзаж болох уу” гэхэд зөвшөөрсөн. Яг долдугаар сарын 27-ны өдөр манай тамирчид тэмцээнтэй байсан ч би тухайн өдөр амарч таарсан юм. Тиймээс менежерээсээ “Монгол тамирчид өнөөдөр өрсөлдөнө. Би гарч болох уу” гэж асуутал “болно” гэсэн. Өдөр ажлаа тарчхаад хурдан хувцсаа сольж, Монгол тамирчдынхаа тэмцээнийг үзсэн. Тэмцээн дууссаны дараа уулзаж, зураг даруулсан.

-Монгол тамирчдынхаа тэмцээнийг үзэхэд ямар санагдаж байв?

-Үнэхээр гоё мэдрэмж төрж, маш их догдолж бас, бахархал төрж байлаа. Би ганцаараа Монгол, бас сайн дурын ажилтан учраас дагаж мөрдөх дүрэм журамтай. Гэсэн ч Монголынхоо багийг харж, “баяр хүргэе, амжилт хүсье” гэж самбар дээр бичин тамирчдаа чадахаараа дэмжихийг хичээж байлаа.

-ЯПОНЧУУД ОЛИМПЫН НААДМААР ДАМЖУУЛАН ӨӨРСДИЙГӨӨ ХЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, ЭМХ ЦЭГЦТЭЙ АРД ТҮМЭН ГЭДГИЙГ ДЭЛХИЙ ДАХИНД ХАРУУЛЖ ЧАДСАН-

-Таны хувьд өмнө нь энэ төрлийн сайн дурын ажил хийж байсан туршлага бий юу?

-Ийм том хэмжээний арга хэмжээнд ажиллаж байгаагүй. Харин өмнө нь сургуулийн шугамаар сайн дурын ажил хийж байсан.

-Таныг 2018 онд сайн дурын ажилтнаар анх бүртгүүлж байхад цар тахал гараагүй, цаг сайхан байсан шүү дээ.  Гэтэл олимп зохион байгуулагдах үед Японд халдварын нөхцөл байдал сайнгүй, томоохон мужуудад онц байдал зарлачихсан байсан. Мөн орон орноос олон тамирчин, дасгалжуулагч ирэх учраас нөхцөл байдал улам эрсдэлтэй болсон. Энэ үед сайн дурын ажил хийх эсэхэд эргэлзсэн үү?

-Ерөөсөө эргэлзээгүй. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж олимп болох эсэх нь бүрэн шийдэгдээгүй байсан шүү дээ. Тэр үед сэтгэлээр унаж, харамсаж байсан. Гэхдээ эцэстээ олимпын наадам зохион байгуулагдахаар болсонд үнэхээр их баярласан.

-Япончууд маш дэг журамтай, зохион байгуулалттай хүмүүс гэж манайхан ярьдаг. Олимпын нэг хэсэг болж, ажилласан хүний хувьд зохион байгуулалт хэр түвшинд болсон гэж харж байна?

-Таны хэлдгээр маш сайн зохион байгуулалттай болсон. Цар тахлын үе тохиосон ч Япончууд олимпын наадмаар дамжуулан өөрсдийгөө хэр зохион байгуулалттай, эмх цэгцтэй ард түмэн гэдгийг дэлхий дахинд харуулж чадсан гэж бодож байна. Хэдий наадам үзэгчгүй болсон ч орон орноос ирсэн тамирчид, дасгалжуулагчид, телевизийнхэн, VIP зочид гээд маш олон хүн ирсэн. Гэтэл бүх зүйлийг өндөр түвшинд зохион байгуулж чадсан. Тухайлбал, ариун цэврийн өрөө маш хүртээмжтэй, хаа сайгүй гар ариутгагч суурилуулсан, хоол идэх зааланд хүртэл хүн хоорондын зайг мөрдүүлж, цаг тутамд сандал ширээгээ ариутгаж байсан.

-Та хэдэн жилийн өмнөөс Олимпод сайн дурын ажил хийхийг хүсэж, сая мөрөөдлөө биелүүллээ. Олимпод сайн дураар ажиллах хугацаанд юуг сурч мэдэв? 

-Би хэсгийнхээ лидер буюу удирдагч нь байсан. Тиймээс хамт олны уур амьсгалыг хөгжүүлж, хүмүүст анхаарал, халамж тавих ёстой. Энэ утгаараа багаар ажиллах тал дээр маш олон зүйлийг сурсан.  Мөн цагийн менежментээ зөв зохицуулах талаар сурч, мэдсэн. Мэдээж хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжтай үлдсэн. Миний хувьд удахгүй болох Паралимпид мөн сайн дураараа ажиллах гэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.