“Унага” сургалтын төвийн Г.Энхзаяа: Гадаадад өссөн 1400 гаруй хүүхдэд Монгол хэл, ёс заншлыг онлайнаар зааж, сургаад байна

“Унага” сургалтын төвийн Г.Энхзаяа: Гадаадад өссөн 1400 гаруй хүүхдэд Монгол хэл, ёс заншлыг онлайнаар зааж, сургаад байна

Монгол хэл, монгол соёл бол Монголчуудын өв их эрдэнэ, үндэсний дархлаа. Гэвч гадаадад төрсөн монгол хүүхдүүд монгол ахуйгаас холдож, эх хэлээ мэдэхгүй өсөх тохиолдол цөөнгүй. Тэгвэл дэлхий даяар тархан суурьшсан Монгол хүүхдүүдэд монгол хэл, цаашлаад монгол соёл, ёс заншлыг заадаг “Унага” сургалтын төв нээгдээд аль хэдийн хоёр жил болжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт монгол сургууль нээх боломж тэр болгон байхгүй. Уг асуудлыг “Унага”-ынхан тун ухаалгаар шийдэж, онлайнаар гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд “хүрч” ажиллаж байна. Бид энэ удаад “Унага” онлайн сургалтын төвийг онцолж, тус төвийн үүсгэн байгуулагчдын нэг Г.Энхзаяатай ярилцлаа.

ВИДЕО: 

Г.Энхзаяа

-“БИД НАР ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ МОНГОЛООР ЯРИУЛАХ ГЭЖ ХИЧЭЭГЭЭД Ч ЧАДАХГҮЙ БАЙХАД ТА НАР КОМЬПЮТЕРИЙН ЦААНААС ЗААЖ ЧАДАХ УУ” ГЭСЭН АСУУЛТ ИХ ИРСЭН-

-Гадаадад төрж, өссөн монгол хүүхдүүд яалт ч үгүй монгол хэл, монгол соёл заншлаас холддог шүү дээ. Тэгэхээр та бүхэн маш зөв асуудлыг олж харсан юм шиг санагдаж байна. Гадаадад байгаа хүүхдүүдэд монгол хэл, соёлын хичээл заах санаа, сэдэл хэрхэн төрөв?

 -“Унага” онлайн сургалтын төв маань үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байна. Гадаадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, монгол үсэг, монгол соёлын хичээл заая гэдэг санаа анх хоёр найзтайгаа ярьж байхад төрсөн. Тухайн үед би АНУ-д, хоёр найз маань бас өөр өөр оронд амьдардаг байлаа. Гадаадад төрж, өссөн монгол хүүхдүүд тухайн амьдарч байгаа орныхоо хэлээр ярьдаг ч монгол хэлээ төдийлөн мэддэггүйг бид олж харсан юм. Энэ асуудлыг яаж шийдэж болох гэж ярилцсаар “Унага” онлайн сургалтын төвөө анх үүсгэн байгуулсан.

-Хамгийн анхны хичээлээ аль улсаас эхлүүлсэн бэ. Эцэг, эхчүүд мөн ямар сэтгэгдэлтэй хүлээн авч байв?

-Хамгийн анх Америкт 35 хүүхдийн бүрэлдэхүүнтэй онлайн хичээлээ үнэ төлбөргүй явуулсан. Сургалтын зарыг тавьснаас хойш хэдхэн минутын дотор 35 хүүхэд маань бүрдчихсэн. Цаана нь хүүхдээ бүртгүүлж чадсангүй гэсэн маш олон эцэг, эх үлдсэн. Туршилтын сургалтаа амжилттай явуулсны дараа 45 хоногийн үндсэн сургалтын бүртгэлээ эхлүүлсэн. Анхан шатны сургалтаар хүүхдүүдэд цагаан толгойн үсэг зааж, уншиж, бичиж сургана гэхэд туршилтын хичээлд хамрагдсан 35 хүүхэд бараг бүгдээрээ бүртгүүлсэн байх шүү. Анх монгол хэлийг 100 хувь онлайнаар заана гэхэд “Яг хүүхэд сурах уу, бид нар гэртээ хүүхдээ монголоор яриулах гэж хичээгээд ч чадахгүй байхад та нар комьпютерийн цаанаас зааж чадах уу” гэсэн асуулт маш их ирсэн.

Гэхдээ хамгийн эхний ангиа маш сайн сургасан учраас амнаас ам дамжсаар бидэнд олон эцэг, эх хандсан. Эхэндээ зөвхөн анхан шатны сургалтаа явуулна гэдэг төлөвлөгөөтэй байсан бол сүүлдээ эцэг, эхчүүдийн хүсэлтээр хичээлийн хөтөлбөрөө улам гүнзгийрүүлж, сургалтаа зургаан шаттай болгосон. Энэ хоёр жилийн хугацаанд манайд 1400 гаруй хүүхэд суралцаж, төгсөөд байна.

-Сургалт гэхээр яалт ч үгүй сурах бичгийн асуудал яригдах байх. Гадаадад тэр болгон монгол хэлний сурах бичиг байдаггүй шүү дээ?

-Тийм. Энэ бол хамгийн чухал асуудал.  Гадаадад байгаа хүүхдүүдэд ямар ч сурах бичиг, хичээлийн материал гэж байдаггүй. Монголд байгаа хүүхдүүдийн хичээлийн сурах бичгийг ашиглавал төдийлөн ойлгож чадахгүй, хүндэддэг. Мөн сурах арга барил, сэтгэхүйд нь таардаггүй. Тиймээс бид хичээлийн бүх хөтөлбөрөө боловсруулж, тухайн хүүхдэд таарсан сургалтын материалыг бэлдэн эцэг, эхчүүд рүү явуулдаг.

Г.Энхзаяа

-МОНГОЛ ХҮҮХДҮҮД ӨДӨР ТУТАМДАА ААВ ЭЭЖИЙНХЭЭ ЯРИАГ СОНСОЖ ӨССӨН УЧРААС ОЙЛГОХ ЧАДВАР САЙН БАЙДАГ-

-Сургалтын агуулгын талаар ярилцъя. Яг ямар хичээлүүд орж байна вэ?  

-Сургалтын хамгийн эхний түвшинд хүүхдэд цагаан толгойн 35 үсгийг дармал, бичмэл хоёр янзаар зааж, богино үетэй үг, өгүүлбэрийн унших бичих чадвартай болгож төгсгөдөг. Хоёр сарын дараа үсэглэлийн баяраа хийнэ. Ямар ч уншиж, бичих чадваргүй байсан хүүхэд хоёр сарын дараа бүрэн сурч чаддаг. Ингээд дараагийн шатанд өгүүлбэр, эх дээр ажиллах гэх мэтээр түвшин ахидаг. Үүнээс гадна аялга засах хичээл ч ордог. Сургалтын бас нэгэн давуу тал бол гадаадад төрсөн, Монголд ирж байгаагүй хүүхдүүдэд монгол ахуй, монгол соёлыг заах юм. Тэгэхээр хүүхэд хэлээ ч сурна, соёл ёс заншлаа ч мэддэг болно. Сургалтын нэг түвшин хоёр сар үргэлжилдэг. Зургаан түвшинд нэг жилийн хугацаанд суралцаж дуусахад Монголд сурч буй гуравдугаар ангийн хүүхдийн түвшинд очихуйц мэдлэгтэй болсон байна гэж бид дүгнэдэг.

-Монгол биелгээ, монгол бичиг зааж эхэлсэн гэж сонссон юм байна?

-Манай эрхэм зорилго бол монгол эх хэл, соёлыг дэлхий дахинд таниулах. Үүнтэй холбогдуулан яг энэ долоо хоногоос бид хоёр шинэ сургалтаа эхлүүлсэн. Нэг нь монгол биелгээ. Биелгээнд нүүдэлчин ард түмний ахуй амьдралыг бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн байдаг учраас хүүхдүүдэд заая гэж шийдсэн юм. Өмнө нь бид мэргэжлийн бүжигчдийг урьж, сурагчдынхаа аав ээжүүдэд үнэ төлбөргүй биелгээ зааж өгч байсан. Тухайн үед хүмүүс маш гоёор хүлээн авч, “танайх ийм сургалт эхлүүлэхгүй юм уу” гэж санал тавьж байсан. Биелгээний ангид хүүхдүүд болон насанд хүрсэн хүмүүс ч хамрагдах боломжтой. Дараагийнх нь насанд хүрэгчдэд зориулсан монгол бичгийн онлайн сургалт. 2025 онд Монголчууд хос бичигтэн болно. Тиймээс гадаадад амьдарч байгаа Монголчуудад ч гэсэн монгол бичиг заая гэж энэ сургалтаа эхлүүлсэн.

-Монгол хэлийг огт ойлгодоггүй хүүхдүүдэд яаж сургалт ордог вэ. Хэлээ ойлгохгүй учраас хичээлээ ч мөн ойлгоход бэрхшээл үүснэ шүү дээ?

-Бид сургалтаа эхлүүлэхээс өмнө хүүхдүүдийнхээ түвшинг тогтоодог. Түвшинг тогтоохдоо монгол хэлээр ойлгож байна уу гэдгийг анхаарна. Хэрэв монгол хэлээр ойлгож чадахгүй байвал хичээлээ англи, япон, хятад, солонгос гэх мэт тухайн орны хэлээр оруулдаг.  Гэхдээ огт монгол хэлээ мэддэггүй хүүхэд харьцангуй цөөн. Шинэ хэл сурахад чихний бөглөө гарна гэж байдаг шүү дээ. Харин Монгол хүүхдүүд өдөр тутамдаа аав, ээжийнхээ яриаг сонсож өссөн учраас ойлгох чадвар сайн байдаг. Тэгэхээр нэг их бэрхшээл гардаггүй.

-Хичээлийн хөтөлбөрийг хэн боловсруулдаг юм бэ?

-Манай үүсгэн байгуулагчдын нэг болох Б.Атар-Эрдэнэ БНХАУ-д Хэл шинжлэх ухааны чиглэлээр докторын ажлаа хийж байгаа. Б.Атар-Эрдэнэ хөтөлбөрөө хариуцаж, ажилладаг. Мэдээж манай үндсэн багш нар хамт ярилцаж хөтөлбөрөө боловсруулдаг.

-Сургалтын шатуудыг унага, даага, шүдлэн гэх мэтээр нэрлэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Зургаан түвшингээ зүгээр нэг тоогоор илэрхийлэхийг хүсээгүй. Хүүхдүүдэд багахан ч гэсэн мэдлэг өгөхийн тулд унага, даага, шүдлэн гэх мэтээр түвшингүүдээ нэрлэсэн. Үсгээ мэдэхгүй хүүхдүүд унага шатнаас эхэлдэг гэсэн үг. Үсгээ бүрэн гүйцэд сурсны дараа шат ахиж, даага түвшин рүү орно. Харин “Унага” гэдэг нэрийг хэн нь өгснийг бид өөрсдөө ч санадаггүй/инээв/. Монгол гэхээр хамгийн түрүүнд морь санаанд ордог шүү дээ. Гэхдээ морь гэхээр арай зохимжгүй санагдсан. Бидний анхны зорилго хүүхдүүдэд заах байсан болохоор морины үр төл унага гэж ярилцаж нэрээ өгсөн. Гэхдээ хэн нь ийм санаа гаргасныг санадаггүй юм. “Унага” маань одоо дэлхийн 28 оронд давхиж явна даа.

Г.Энхзаяа

-ГАДААДАД ТӨРЖ, ӨССӨН ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛГЭЭ НЬ ХҮРТЭЛ ӨӨР. ТИЙМЭЭС БАГШ НАРАА ДООД ТАЛ НЬ НЭГ САРЫН ХУГАЦААНД БЭЛДДЭГ-

-28 орныг яаж сонгосон юм бэ?  

-Монголчуудын хамгийн ихээр ажиллаж, амьдардаг 28 орныг сонгосон байгаа. Мөн эцэг эхчүүд өөрсдөө түрүүлж холбогдох нь ч бий. Өнгөрсөн жил гэхэд Тайваниас 10 гаруй эцэг эх “хүүхдүүдээ зуны амралтаар нь хичээлд суулгамаар байна” гэж холбогдсон. Мөн манай хичээл Монгол Улсын төрийн дууллаар эхэлдэг. Хичээл эхлэхэд аав, ээжүүд нь бүр илүү омогшдог. 10,20 жил эх орноосоо хол гадаадад амьдарчихсан хүмүүс өөрсдийнх нь хүүхдүүд Монгол Улсын төрийн дуулал сонсож байгааг хараад маш их омогшдог юм байна лээ.

-Насны хязгаар гэж бий юу. Хамгийн багадаа хэдэн насны хүүхэд суралцах боломжтой вэ?

-Бидний зүгээс хүүхдүүдээ таван наснаас нь эхэлж сургахыг зөвлөдөг. Гэхдээ эцэг эхчүүдийн хүсэлтээр дөрвөн настай хүүхдүүд суралцсан ч удаа бий. Таваас дээш 18 нас хүртэл суралцах боломжтой. Мөн монгол хэл суралцах хүсэлтэй гадаад иргэдэд зориулсан сургалт ч байгаа. Энэ нь насанд хүрэгчдийн анги гэж явдаг. Одоогийн байдлаар 70 гаруй гадаадын иргэн манай сургалтын төвд суралцсан байна.  

-Багш, боловсон хүчин бол хамгийн чухал асуудал шүү дээ. Сургалтын төвийн багш нарыг яаж шалгаруулж авч байна?  

-Танхимаар болон онлайнаар хичээл заадаг багш тэс ондоо. Танхимын багш онлайн хичээл орохдоо эхэндээ бага зэрэг арга эвээ олдоггүй байх нь бий. Гадаадад амьдардаг хүүхдүүдийн сэтгэхгүй ийм байдаг, хүүхдүүд ийм зүйлд дуртай, ийм зүйлд дургүй гээд бүгдийг нь багш нартаа зааж өгдөг. Багш нараа доод тал нь сар гаруй хугацаанд бэлддэг. Манайд үндсэн багш нараас гадна гэрээт багш нар гэж ажилладаг. Гэрээт багш нарын дунд Монголын хувийн сургуулиуд болон хөдөө орон нутагт ажилладаг багш нар ч бий. Онлайнаар хичээл заах учраас жирэмсэн багш нар  төрөн төртлөө ажиллах боломжтой. Зарим багш төрснийхөө дараа шууд л буцаад ажилдаа орчихдог юм.

Г.Энхзаяа

-Хэчнээн багш ажиллаж байна вэ?

-Одоо Монгол, АНУ, Солонгос, БНХАУ-д нийт 25 багш, ажилтантай. Манайх 24 цаг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг гэж хэлж болно. Монголд байгаа багш нар Монголынхоо цагийн хуваариар Азийн орнуудад заадаг бол, Америкт байгаа багш нар Европ, Америк гэх мэт цагийн зөрүүгүй орнуудад хичээлээ заадаг.

-Цаашид үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх боломжтой гэж харж байна уу?

-Мэдээж боломжтой. Бид эхний ээлжид үйл ажиллагаагаа тэлэх 80 орныг сонгочихсон байгаа. 2021 онд гадаадад амьдарч буй хүүхдүүдийн статистик гарсан байсан. Гэтэл бид гадаадад амьдарч буй хүүхдүүдийн ердөө 5 хүрэхгүй хувьд хичээл заасан байгаа юм. Цаана нь 95 хувь байна гэсэн үг.

-Хэл бол тухайн үндэстний дархлаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн маш том үүрэг бүхий ажлыг хийж байгаа юм шиг санагдлаа?

-Тийм. Маш олон эцэг эх бидэнд итгэл хүлээлгэчихсэн байгаа учраас цаашид улам сургалтаа сайжруулж, дэлхий даяар монгол, хэл соёлын сурталчлан таниулах гэдэг зорилгынхоо төлөө тууштай зүтгэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа