200 мянган төгрөгийн тэтгэлэг авахын тулд иргэд МСҮТ-д элсэж, олон жил улиран суралцаж буй зөрчил илэрчээ

200 мянган төгрөгийн тэтгэлэг авахын тулд иргэд МСҮТ-д элсэж, олон жил улиран суралцаж буй зөрчил илэрчээ

-2022 ОНООС МСҮТ-ИЙГ БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ХАРЬЯАНД ШИЛЖҮҮЛНЭ-

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь /МСҮТ/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгвэл ирэх 2022 оноос МСҮТ-ийг Боловсрол шинжлэх ухааны яамны харьяанд шилжүүлнэ гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа олон нийтэд мэдэгдлээ. Боловсролын байгууллагыг боловсролын салбарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэх иргэн олон бий учир түүний хэлснийг дэмжих нэгэн цөөнгүй байна.

Тус салбарыг Боловсрол шинжлэх ухааны яамны харьяанд шилжүүлж буйтай холбоотойгоор зохион байгуулалт, зохицуулалтын ч нэлээн олон ажлыг хийж үйл ажиллагааг нь шинэчлэх аж. Тухайлбал, тус төвд сурдаг суралцагчдад сар бүр өгдөг 200 мянган төгрөгийн тэтгэмжийг хэрхэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх аж. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 2019-2020 оны хичээлийн жилд 40 мянга орчим суралцагчид сурсан байна.

Тус суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж өгөх шийдвэрийг 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

-МСҮТ-ИЙГ АМЖИЛТТАЙ ТӨГСВӨЛ ТЭТГЭЛГИЙГ НЬ БӨӨНӨӨР НЬ ОЛГОНО-

Гэтэл үүнийг буруугаар ашигласан зөрчлүүд өнгөрсөн хугацаанд нэлээн гарчээ.

ТУХАЙЛБАЛ,

  • Эхнэр, нөхөр хамтдаа МСҮТ-д элсэн орсон ч танхимд ирж хичээлээ сурдаггүй. Давхар ажил эрхэлдэг мөртлөө сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. 
  • Хичээлээ сурдаггүй мөртлөө сарын сүүлээр ирж тэтгэлгээ аваад бусад цагаар таксинд явдаг.
  • Өндөр настай хүмүүс ч элсэж давхар орлого олох хэрэгслээ болгосон.
  • Тэтгэлэг авахын тулд улирч сурч байгаа гэх мэт олон зөрчил шалгалтаар тогтоогджээ.

Тийм учраас тус салбарыг цэгцэлж, шинэчлэхийн тулд Боловсролын яам руу шилжүүлж буй аж. Цаашид МСҮТ-ийн оюутнуудад сар бүр олгодог тэтгэлэгт өөрчлөлт ч оруулах юм байна. Тодруулбал, амжилттай сурч төгссөн оюутнуудад төгсөөд ажлын байранд гарахад нь байраа түрээслэх, багаж хэрэгсэл худалдан авахад санхүүгийн дэмжлэг хэлбэрээр бөөнөөр нь олгохоор болсон гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ. Германд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 20-30 хувь нь л Их дээд сургуульд элсдэг бол дийлэнх буюу хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжил эзэмшиж улс орныхоо ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бий болгодог. Манай улсад эсрэгээрээ. Муу сурдаг эсвэл Их дээд сургуульд орж чадаагүй учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголт бий билээ. Харин эсрэгээрээ тус салбарт суралцаж төгссөн мэргэжилтнүүдийн ур чадвар улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.