ВИДЕО: “Англи хэлний багш” мэргэжилтэй гэх ч мэддэг гадаад хэл, төгссөн сургууль нь тодорхойгүй НЭГ ГИШҮҮН нэмэгдэв

ВИДЕО: “Англи хэлний багш” мэргэжилтэй гэх ч мэддэг гадаад хэл, төгссөн сургууль нь тодорхойгүй НЭГ ГИШҮҮН нэмэгдэв

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нэмэлт санал хураалт явуулж, нийт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй ч, МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нөхөн сонгуульд ялалт байгуулсан хэмээн УИХ-ын гишүүний тангараг өргүүлсэн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байв.

Тодруулбал, Хэнтий аймагт нөхөн сонгуулийн ирц 46,6 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 48,9 хувьтай өндөрлөжээ.

-ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭД БӨХИЙСӨН Ц.ИДЭРБАТ ГЭЖ ХЭН БЭ-

Тэгвэл Хэнтий аймагт болсон УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан гэх Ц.Идэрбат нь УИХ-ын гишүүний тангараг өргөсөн даруйдаа, парламентын гишүүн, Үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж, “бөхийсөн” нь олны анхааралд өртсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нь 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг “Англи хэлний багш” мэргэжлээр төгссөн гэжээ. Мөн 2006-2007 онд Удирдлагын академийгТөрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсчээ. Хачирхалтай нь, түүний төгссөн “Гадаад хэлний дээд сургууль”-ийн мэдээлэл тодорхойгүй, бидэнд олдоогүй юм. Иймд, тэрээр 1990 оны үеэр борооны дараах мөөг шиг гарч ирээд алга болсон хувийн жижиг сургуулийг төгссөн үү гэх асуулт гарч байгаа юм.

Мөн тэрээр “Гадаад хэлний дээд сургууль” гэгчийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн гэж байгаа ч УИХ-ын гишүүний танилцуулга хэсгийн “гадаад хэл” гэсэн хэсэгт тодорхой хариулт өгөөгүй байна. Харин Э.Батшугар Англи, Орос хэлтэй хэмээжээ.

Ц.Идэрбат, Э.Батшугар нарын танилцуулга

Товчхондоо, шашин шүтлэг, боловсрол зэргээр нь хүнийг ялгаварлан гадуурхах нь Үндсэн хуулиар хориотой ч, зарим иргэдийн зүгээс төрийн түшээдийн боловсрол, мэдлэгт өндөр шаардлага тавих нь бий. Тодруулбал, “улсын сургуульд ч элсэн суралцаж чадаагүй, нойлын ногоон тэгүүд төр түшиж байна” гэх шүүмжлэлийг иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарын зарим иргэдээс гарах болсон.

-ЗӨВХӨН МАН-ЫН АЛБАН ТУШААЛУУДЫГ ХАШИЖ БАЙЖЭЭ-

Харин УИХ-ын гишүүний тангараг өргөөд удаагүй байгаа Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, тус намын дэд дарга, засаг дарга гэсэн улс төрийн албан тушаалтыг хашиж байжээ. Товчхондоо, түүний хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг харвал, “тэрээр хувийн хэвшилд ажиллаж үзээгүй, тус салбарын зовлон жаргалыг нь амсаж үзээгүй” нэгэн байж магадгүй байна.

Ц.Идэрбат нь:

  • 2003-2008 онд Хэнтий аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2008-2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч
  • 2012-2016 онд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016-2020 онд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч
  • 2020-2021 онд Хэнтий аймгийн Засаг дарга
  • 10.21 - Монгол Улсын Их Хурлын гишүүн

Улс төрийн намаар дамжин албан тушаал хашиж буй хүмүүсийг “цүнх баригч” хэмээн шүүмжлэх нь манай иргэдийн дунд түгээмэл байдаг. Сонирхуулахад, Хэнтий аймаг,Сонгинохайрхан дүүрэгт болсон энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын гишүүдээс гадна, хорооны ажилчид, хэсгийн ахлагч нар зарим иргэдийг зөөж МАН-ын нэр дэвшигчдэд саналыг нь өгүүлсэн гэж буй. Цаашлаад, тэд МАН-ын нэр дэвшигчдэд зарим иргэдийн саналыг нь өгүүлэхийн тулд тэднийг хүнсний талон, нүүрсний карт,мөнгө зэргээр урхиддаг байж болзошгүй гэх асуудал гараад буй. Үүний үр дүнд мэдлэг боловсрол, төгссөн сургууль нь тодорхойгүй иргэд төр түшилцэж байхыг үгүйсгэхгүй юм.