ШХАБ-т гишүүнээр элсэх нь зөв, буруу эсэхийг судлах 15 судлаачийн бүрэлдэхүүнтэй багийг ГХЯ-нд ажиллуулж эхэлжээ

ШХАБ-т гишүүнээр элсэх нь зөв, буруу эсэхийг судлах 15 судлаачийн бүрэлдэхүүнтэй багийг ГХЯ-нд ажиллуулж эхэлжээ

-Б.БАТЦЭЦЭГ: ХИЙН ХООЛОЙ ЗЭРЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСЛҮҮДЭД ОРОЛЦОХ
ТООЦОО СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА -

Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2018 онд ШХАБ-ын уулзалтад оролцож үг хэлэх үеэрээ "Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх талаар судална" хэмээн мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдэл Монгол улсын ШХАБ дахь статусыг нэмэгдүүлж гишүүнээр элсүүлнэ гэсэн ойлголтыг тухайн үед төрүүлж байв. Тиймээс улс төрийн хүрээнд болон эрдэмтэн судлаачид үүнийг эсэргүүцэж байр, сууриа илэрхийлж байлаа.

Үүний дараа буюу 2020 оны долдугаар сард Гадаад харилцааны сайд Н.Энхтайван чуулганы хуралдааны үеэр “Гадаад харилцааны яамны дэргэд ШХАБ-ын асуудлыг хариуцсан нэгж байгуулна. Монгол Улс ШХАБ дахь оролцоогоо нэмэгдүүлэх асуудлыг судална гэдгээ мэдэгдсэн байгаа. Бид тэр чиглэлд судалж, ажиллана" гэж мэдэгдсэн.

Тэгвэл тус судалгааны багийг ажиллуулж эхэлжээ. Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын баг нь Монгол улс ШХАБ-т элсэх нь эдийн засаг, улс төрийн хувьд хэр өгөөжтэй хийгээд эрсдэлтэйг судалж байгаа аж.

Энэ талаар Гадаад харилцааны одоогийн сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөхдөө “ШХАБ-т элсчихвэл эдийн засгийн коридор, Хийн хоолой барих зэрэг гурван талын бүхий л том төслүүдээр танайд давуу тал бий болно гэж хэлж, ярьж байна. Үүнтэй холбоотойгоор бид цаашид ШХАБ-т ямар байр, суурьтай байх вэ гэдгийг нарийвчлан судалгаа хийх шаардлага үүссэн. Ялангуяа эдийн засгийн төслүүдэд нь оролцох тохиолдолд бусад элссэн гишүүн, ажиглагч орны түүх, эдийн засгийнх нь нарийн тооцоонуудыг хийх шаардлага байна. Тиймээс ажлын хэсэг гаргаад судалгаа хийж байна. Байр, суурь хэвээрээ. Одоохондоо өөрчилнө гэсэн яриа үгүй юм” гэлээ.

Тус багт орж ажиллаж буй хүмүүсийн мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Гадаад харилцааны яамнаас багийн бүрэлдэхүүний талаар тодруулахад, тодорхой мэдээллийг дараа мэдээллэх боломжтой гэлээ. ШХАБ нь хамгийн сүүлд Ираныг гишүүнээр элсүүлэх үйл явц эхэлснийг зарласан. ШХАБ нь 1996 онд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан гэсэн гишүүнчлэлтэйгээр байгуулагдаж байв. Одоо нийт найман гишүүн оронтой. Хамгийн сүүлд Энэтхэг Пакистаныг гишүүнээр элсүүлсэн. Харин ажиглагчаар Иран, Афганистан, Беларусь, Монгол ажилладаг. Манай улсын хувьд 2005 оноос хойш ажиглагчаар ажиллаж байна.  Үүнээс гадна Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка яриа хэлэлцээний түншийн статустай. Мөн Бангладеш, Саудын Араб, Сири, Египет, Израил, Мальдив, Украин, Ирак, Вьетнам, Бахрейн, АНЭУ, Катар гэсэн 12 улс ажиглагч, эсвэл түншийн статустай болохыг эрмэлзэж буй. 




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө