СУРВАЛЖИЛГА: Засаг даргагүй нэг жил болсон Цогтцэций сумын иргэд  “Энержи Ресурс”-ын ажилчдаар “дүүрсэн” ИТХ-аа тарахыг шаардаж байна

СУРВАЛЖИЛГА: Засаг даргагүй нэг жил болсон Цогтцэций сумын иргэд  “Энержи Ресурс”-ын ажилчдаар “дүүрсэн” ИТХ-аа тарахыг шаардаж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сум бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур бүс нутаг. Тус суманд улсын төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлж буй гол уурхайнууд үйл ажиллагаа явуулдгаас гадна Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд, Гашуунсухайт боомт чиглэлийн ачаа тээвэр мөн утаагүй түлшний тээвэрлэлт хийгддэг. Товчхондоо, стратегийн өндөр ач холбогдолтой, ачаа тээврийн зангилаа бүс нутаг гэж хэлж болно. 

Гэвч хамгийн их баялагтай, улс орны томоохон бүтээн байгуулалт өрнөж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөгжил “тааруу”, ард түмний амьдрал сайнгүй байгааг иргэд нь хэлж байна. Тэр ч бүү хэл тус сум засаглалын хямралд орж, бүтэн нэг жилийн хугацаанд Засаг дарга, нэгдсэн удирдлагагүй байжээ.

ВИДЕО: 

-ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ ИРГЭДИЙН АМЬДРАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ: ЗАСАГ ДАРГА, НЭГДСЭН УДИРДЛАГАГҮЙН УЛМААС ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА” ГЭВ-

Манай сурвалжлах баг Өмнөговь аймагт ажиллахдаа иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Цогтцэций сумыг зорьлоо. Тодруулбал, тус сумын иргэд ИТХ-аа хариуцлагагүй ажилласан, бүтэн нэг жилийн хугацаанд Засаг даргаа сонгоогүй, иргэдийн эрх ашгийг хамгаалж чадаагүй гэх үндэслэлээр тарахыг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тиймээс бодит нөхцөл байдал ямар байгааг бид газар дээрээс нь сурвалжилсан юм.

Орон нутгийн сонгууль явагдсанаас хойш бүхэл бүтэн нэг жилийн хугацаа өнгөрчхөөд байхад Цогтцэций сумын ИТХ нь Засаг даргаа сонгоогүй байв. Үүний улмаас иргэд шат шатандаа төрийн үйлчилгээг авч чадахгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг бидэнд хэлж байлаа. Энэ талаар Цогтцэций сумын иргэн Б.Бадамжав “Төрийн үйлчилгээ авахаар очиход “цар тахлын улмаас тал хувиар ажиллаж байна” гээд хуваарь гаргачихсан байдаг. Хуваарийнх нь дагуу очиход хариуцсан ажилтнууд нь байдаггүй. Өглөө 9 цаг өнгөрөөгөөд очиход ажилдаа ирээгүй л байдаг. Иргэдийн зүгээс ийм асуудал, бэрхшээл үүсээд байна гэж, хүсэлт тавихад шийдэх хүн олдоггүй, “наад асуудлыг чинь Засаг шийднэ” гэдэг. Гэтэл манай сум Засаг даргагүй. Засаг Даргын орлогч гэж хүн дээр очиход “шийдэх ёстой өөр зөндөө асуудал байна” гэсэн байдлаар ханддаг. Төрийн үйлчилгээ авахад их хүндрэлтэй болчихсон” гэсэн юм.

Иргэн Б.Бадамжавын хашааны урд талд их хэмжээний тогтоол ус үүссэн байв. Багахан нуур мэт харагдах тогтоол ус Цогтцэцийн шинэ эмнэлэг хүртэл сунаж тогтон, барилгын сууринд нь хүртэл нэвччээ. Энэ тогтоол ус намар 30 минут хэртэй үргэлжлэн орсон, хүчтэй аадар борооноос үүссэн аж. Ойролцоох арав гаруй айл усанд автаж, гэртээ орж чадахгүйд хүрсэн тул аргагүйн эрхэнд сумын удирдлагууддаа хандсан байна. Гэвч ямар ч арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ. 

Иргэн Б.Бадамжав энэ талаар “Намар орсон борооны улмаас том ачааны машины гишгүүрт хүрэхүйц их хэмжээний ус тогтож, ойролцоох гудамжны айлууд гэртээ орж чадахгүй болсон. Газар дээр нь ИТХ-ын гишүүн н.Батцэцэг, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Л.Өлзийнэмэх нар ирж ажиллан “арга хэмжээ авч, шийдэж өгнө” гэсэн ч юу ч хийгээгүй. Бүх айлуудын жорлон дүүрч, газар нь хагарсан. Манай гудамжинд ихэвчлэн залуу гэр бүлүүд амьдардаг. Залуучууд нийлээд хашаа, хороогоо засъя, соруулдаг жорлон хийе, гудамжаа гоё болгоё гэж ярьсан ч их хэмжээний тогтоол ус айлуудын хашаа руу орсноос ярьж, төлөвлөсөн ажлуудаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Сум орон нутгийн удирдлагуудад энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэлт тавиагүй үлдсэн хүн бараг байхгүй дээ. Очихоор “Наад асуудлаас чинь өөр шийдэх ёстой зөндөө зүйл байна” гэдэг. Иргэдийнх нь аюулгүй, тав тухтай, эрүүл амьдрах орчин нөхцөл нэгдүгээрт байх юм болов уу гэтэл манай удирдлагуудын хувьд эсрэгээрээ байх шиг” гэсэн юм.

Намар орсон борооны улмаас эмнэлгийн хажууд үүссэн тогтоол ус

Бидний дараагийн очсон газар бол Цогтцэций сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль буюу Борын нэрэмжит сургууль. Засаглалын хямрал иргэдийн аж амьдралаас гадна боловсролын салбарт ч нөлөөлжээ. Учир нь улс орны ирээдүй болсон хүүхдүүд өнөөдөр сумынхаа ууган сургуульд тааз нь цөмөрч, хана нь халцарсан, гишгэх төдийд хонхойж, хөдөлсөн шалтай орчинд хичээллэж байна. Үүгээр ч зогсохгүй хүүхдүүдийн багтаамж хэд дахин хэтэрсэн байдалтай байгааг багш нар хэлж байлаа.

Сургуулийн тааз

Тус сургуулийн Хими, биологийн багш А.Балжирсүрэн “Хүүхдүүдийг сургахад багш нарт маш их бэрхшээл тулгарч байна. Манай сургуульд 440 хүүхэд сурах хүчин чадалтай. Гэвч өнөөдөр 1-12 дугаар ангийн 1150 хүүхэд суралцаж байна. Цаана нь 700 гаруй хүүхэд сурах анги, кабинетын хэрэгцээ гарч байгаа юм. Хоёрдугаарт, интернет, комьпютерийн асуудал. Мөн төрөлжсөн кабинетын хэрэгцээ маш их байна. Тухайлбал, байгалийн ухааны хичээл туршилтад суурилж явагдах ёстой. Гэтэл өнөөдөр манай сургуульд гэрчилгээтэй кабинетжсан анги нэг ч байхгүй. Багш нар өөрсдийнхөө нөөц бололцоо, гарын доорх материалаар л хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ байдлыг сумын удирдлага, Засаг дарга нар мэдэж байгаа гэж бодож байна. Багш нар өөрсдөө төсөл бичиж уул уурхайн компаниудад очиход “эдийн засаг хүндхэн байгаа учраас төсөв боломжгүй” гэсэн хариултыг өгдөг” гэсэн юм.

-ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ БАЙГАЛЬ, ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ НЬ: СУМЫН ЭРХ БАРИГЧИД УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД ХЯНАЛТ ТАВИАГҮЙН УЛМААС БАЙГАЛЬ СҮЙДЭЖ БАЙНА”

Өнөөдрийн байдлаар Цогтцэций суманд Тавантолгой, Зүүн баянгийн төмөр зам, Гашуунсухайт боомт, Ханги мандлын боомт хүртэлх хатуу хучилттай зам гэх мэт олон бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Гэвч томоохон бүтээн байгуулалтын дэргэдүүр тус сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Учир нь өдөр бүр ачаа тээврийн хүнд даацын автомашинууд дайран өнгөрдөг тул тоосжилт маш их, улмаар сумын төвийн айлууд зуны цагт цонх, үүдээ ч онгойлгохоос халширдаг байна. Үүнээс гадна хүнд даацын автомашинууд бэлчээр талхалснаас иргэд малаа бэлчээх ч газаргүй болж, байгаль сүйдэж буйг хэлж байлаа. Бид цааш явсаар сумын төвөөс 20 гаруй км зайд амьдарч буй малчидтай уулзаж, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцсан юм.  

Цагаан-Овоо сумын малчин н.Бурмаа “Шороо тоосон дунд л бид амьдарч байна. Тавантолгойн утаагүй түлш, Монголын гурван том уурхайн болон туслан гүйцэтгэгч компаниудын бүх тээвэр, мөн Оюутолгой, Цагаан хад, төмөр замын бүтээн байгуулалтын тээвэр ачсан том том автомашинууд биднийг “хавтгайлчих” шахам л явдаг. Үүний гол нөлөөнд хүн малгүй л өртөж байна. Иргэд сумын удирдлагуудад шаардлага тавьж очдог ч хариу байхгүй, чимээгүй “замхардаг”. Манай сум ерөөсөө эзэнгүй байна. Засаг дарга ч үгүй, ИТХ нь ч байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Иргэд төрийн үйлчилгээг бараг авч чадахгүй нэг жил өнгөрч байна. Корона гээд дарга нар ч байдаггүй. Тамгын газар нь ил хуль болсон. Иргэдийн хурал нь хуралдахгүй, үйл ажиллагаагаа явуулахгүй маш их хүндрэлтэй байдаг” гэсэн юм.

Мөн Цагаан-Овоо багийн малчин Х.Туяа “Хариуцлагатай уул уурхай гэж байх ёстой. Гэтэл өнөөдөр манай багийн нутаг баруун хойд талаараа хагарсан газар шиг болсон. Малчдын зүгээс байгаль хамгаалах, сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх, нэгдсэн нэг замтай болгоод өгөөч гэсэн шаардлагуудыг сумын удирдлагуудад байнга тавьж байгаа. Гэвч хөдөлдөг хүн байхгүй. Нэг, хоёр төлөөлөгч нь л ирж уулзаж, ямар асуудал байна гэж сонсож байна. Бусад нь байхгүй.  Сумын ИТХ-ыг сонгосноос хойш бүтэн нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч нүдэнд харагдах юу ч хийгээгүй, хурлаа ч олигтой хийж чадахгүй, дарга тэргүүлэгчээ ч сонгож чадахгүй, явсаар эзэнгүй сум болчихлоо” гэсэн юм.

Цагаан-Овоо багийн малчин Х.Туяа

-ИТХ НЬ ЗАСАГ ДАРГАА СОНГОХГҮЙ БАЙГААГИЙН ЦААД ШАЛТГААН ЮУ ВЭ-

Бид иргэдийн гомдол мэдээллийн дагуу тайлбар авахаар юун түрүүнд Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын байр дээр очсон юм. Биднийг очиход сумын удирдлагууд албан өрөөндөө байгаагүй бөгөөд харуулын ажилтан “дарга нар байхгүй. Өвчтэй байгаа” гэсэн хариултыг өгөв.

Улмаар Цогтцэций сумын Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Л.Өлзийнэмэх рүү залгахад “Миний бие коронавирусийн халдвар авсан. Утсаар тайлбар өгөх боломжгүй. Заавал биечлэн уулзаж байж ярилцлага өгнө” гэсэн юм.

Мөн ИТХ-ын дарга  Ц.Доржсүрэн рүү залгахад “Нутгийн удирдах байгууллага өөрийн гэсэн дүрэм журамтай. Тэргүүлэгчид хэзээ хуралдахаа өөрсдөө шийддэг. Ойрын үед хуралдана.  Миний бие коронавирусийн халдвар авч, гэртээ тусгаарлагдаж байгаа” гэлээ.

Харин Цогтцэций сумын ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Г.Цог-Өрнөх бидэнд тайлбар өгсөн юм. Тэрбээр “Манай Цогтцэций сумын ИТХ бүрэлдэн бий болсноосоо хойш гурван удаа хуралдсан байдаг. Дөрөвдүгээр хуралдаанаар Засаг Даргыг сонгох асуудлыг хэлэлцэх болоход ИТХ-ын олонх болсон нөхөд нам дотроо харилцан үл ойлголцож, хурлаа хийж чадаагүй байдаг. Цөөнхийн хувьд бид олонхыг хүлээсэн байдалтай байна. Сураг сонсоход олонх намын гишүүд Засаг даргаар хэнийг томилохоо шийдэж чадахгүй, ингээд сонгууль болсноос хойш бүтэн нэг жилийн хугацаанд засаглалын хямрал нүүрлэчихсэн байна. Цар тахлын хүндрэлтэй үед төрийн үйлчилгээ нь доголдчихсон, иргэд нь бухимдалтай, өвөлжилийн бэлтгэл ажил хангах асуудал яригдаж байхад төрийн албан байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа тасалдчихсан, сумын  онцгой комисс хурлаа хийхээ больчихсон байгаа учраас иргэд дургүйцлээ илэрхийлж байна” гэсэн юм.

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ИТХ/ нь Засаг даргаа сонгож чадахгүй бүтэн нэг жилийг ардаа үлдсэн шалтгаан нь юу вэ. Үүний цаана орон нутгийн шинжтэй улс төржилт, талцал хуваагдал байна уу, аль эсвэл бизнесийн бүлэглүүдийн өөрсдийн өмч хөрөнгөө хамгаалах гэсэн тэмцэл өрнөж байна уу гэдэг асуулт үлдэж байна.

Цогтцэций сумын ИТХ 27 гишүүнтэй. Үүнээс 14 нь МАН, 12 нь АН, нэг нь бие даагч юм. Гэвч уул уурхайн үйл ажиллагаа, тэр дундаа усны хэрэглээ, байгаль орчныг хамгаалах гэх мэт чухал асуудлуудад хяналт тавьж ажиллах ёстой уг гишүүдийн гуравны нэг нь “Энержи Ресурс” компанийн ажилтан, мөн хамаарал бүхий этгээд гэж нутгийнхан ярьдаг. Тодруулбал, Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Л.Өлзийнэмэх нь “Энержи Ресурс” ХХК-ийн хүний нөөцийн ажилтан, ИТХ-ын гишүүд болох

  • Ч.Энхбат нь“Энержи ресурс” ХХК-ийн Баруун нарангийн уурхайн захирал
  • М.Ганчимэг нь“Энержи ресурс” ХХК-ийн Орон нутгийн харилцааны менежер
  • Г. Сундуй нь“Энержи ресурс” ХХК-ийн их эмч
  • Б.Галсанбат нь“Энержи ресурс” ХХК-ийн мэдээллийн технологийн Ерөнхий инженер
  • М.Мөнгөнхонх “Энержи ресурс” ХХК-ийн Байгаль орчны ажилтан
  • Б.Эрдэнэбаясгалан-“Энержи ресурс” ХХК-ийн Засвар төлөвлөлтийн ажилтан
  • Б.Зоригт нь“Энержи ресурс” ХХК-ийн Дулааны хангамжийн инженер
  • Ж.Өлзийбаяр нь “Энержи ресурс” ХХК, Логистикийн ахлах мастер ажилтан аж.

Дээрх нэр бүхий албан тушаалтнуудаас гадна ИТХ дотор “Энержи Ресурс” ХХК-тай гэр бүлийн холбоотой хүмүүс ч бий аж. Тодруулбал,

  • ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн (МАН)-Тэрбээр “Энержи Ресурс” ХХК-ийн орон нутаг хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо түүний эхнэр нь орон нутгийн харилцааны менежер хийдэг,
  • ИТХ-ын төлөөлөгч С. Алиманцэцэг  (МАН) -Түүний нөхөр нь “Энержи Ресурс” ХХК-д албаны даргаар ажилладаг,
  • ИТХ-ын төлөөлөгч  Бие даагч С. Булгантуяа- Түүний нөхөр мөн л тус компанид ажилладаг байна. Энд онцлох нэг зүйл нь МАН-аас нэр дэвшиж ИТХ-д сонгогсдон 14 гишүүний 70 хувь нь уг компанид хамааралтай байгаа юм.

“Энержи Ресурс” компани 2016 оноос аймгийн хуралд, 2020 оны орон нутгийн сонгуульд удирдах албан тушаалтнуудаа нэг намаас, зөвхөн ажилчдынхаа оршин суудаг баг дээр бөөнөөр нь нэр дэвшүүлж оролцож байсан гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрийн уурхайн ажилчдын амьдардаг баг дээр албан тушаалтнуудаа нэр дэвшүүлсэн гэж ойлгож болохоор байгаа юм. Энэ бүхнээс Цогтцэций сумын ИТХ нь уул уурхайн компани, бизнес бүлэглэлийн хараанд орчихсон уу гэдэг хардлага төрж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...