Д.Анхбаяр: Түүх, соёлын хосгүй үнэт сурвалжуудыг Хятадын талд өгсөн С.Чулууны шүүх хуралд гэрчээр оролцоход бэлэн байна

Д.Анхбаяр: Түүх, соёлын хосгүй үнэт сурвалжуудыг Хятадын талд өгсөн С.Чулууны шүүх хуралд гэрчээр оролцоход бэлэн байна

Соёлын сайд асан С.Чулуун Монгол Улсын Үндэсний Төв архивд хадгалагдаж буй 200 орчим жилийн түүхийг хамрах “Хүрээ сайдын хөмрөг”-ийн 640 мянган нүүр бүхий архивын материалыг өнгөтөөр сканердаж, БНХАУ-д үнэгүй шилжүүлсэн талаар түүхчид эртнээс дуугарч, шүгэл үлээж байв. Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгалгүй өдрийг хүрсэн.

Гэвч одоо С.Чулууныг үүнээс өөр хэргээр буюу Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох эх сурвалжийг мөн л Хятадын талд үнэгүй шилжүүлсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагуудаас шалгаж эхлээд байна. Тэгвэл бид энэ хугацаанд соёлын сайд асны хууль бус үйлдлийг зоригтой илчлэн, шүүмжилж байсан залуу түүхчдийн төлөөлөл болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцлаа.

-С.ЧУЛУУН ХЯТАДАД ГАРСАН НОМ ДЭЭР МОНГОЛ ХЭЛИЙГ “ЦӨӨН ТООТ ҮНДЭСТНИЙ ХЭЛ” ГЭЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧХӨӨД СУУЖ БАЙНА-

-Соёлын сайд асан С.Чулуун Архивын ерөнхий газарт хадгалагдаж байсан Монгол, Хятадын 18-20-р зууны эхэн үеийн харилцаанд холбогдох 640 мянган нүүр хуудас бүхий түүхэн эх бичвэрүүдийг “шинжлэх ухааны ажил” гэсэн нэрийн дор Хятад улсад “бэлэглэлийн гэрээ”-гээр өгсөн талаар та болон түүхчид эртнээс хэлж, сануулж ирсэн. Тийм ноцтой хэрэгт холбогдсон байхад одоо л түүнийг шалгаж эхэлж байна. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?

-640 мянган хуудас бүхий түүхэн эх бичвэрийг нэг ч тэмдэгтийн хураамжгүйгээр архивын болон соёлын гэх мэт маш олон хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчиж, хамгийн гол нь улсад орох ямар ч ашиггүйгээр Хятадын талд сканердаж өгсөн гэх асуудлыг бүр 2014 онд ахмад түүхч Ч.Дашдаваа гуай анх хөндсөн байдаг. Үүний дараа Үндэсний төв номын сангийн мэргэжилтэн н.Ням-Очир гэж хүн уг асуудлаар шүгэл үлээж байлаа. Бид ч одоогоос дөрөв, таван жилийн өмнө энэ талаар олон нийтэд мэдээлж, арга хэмжээ авахыг сануулж байсан. С.Чулууныг Соёлын сайд болохоос нь өмнө гэсэн үг. Одоо ч анх хэлж, ярьсан зүйлсдээ бат зогсож байгаа. Хууль хяналтын байгууллага шалгалгүй удсан шалтгааныг би хэлж мэдэхгүй юм. Ийм удаан хугацаанд л хэргийг судалсан юм болов уу гэж найдаж байна.

-С.Чулууныг одоо Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхтэй холбоотой эх сурвалжийг БНХАУ-д өгсөн байж болзошгүй гэх асуудлаар Цагдаагийн Ерөнхий газар шалгаж байгаа. Одоо уг эх сурвалжийг боть ном болгон БНХАУ-д худалдаалж байна. Та тэр номын хувилбартай танилцсан уу?

-Хятадад худалдаанд гарсан Өндөр Гэгээн Занабазарын ном дээр Монгол Улс гэсэн нэг ч үг байхгүй. Номын эрхлэн хэвлүүлсэн байгууллага нь Өвөр Монголын Шинжлэх Ухаан Техник Мэргэжлийн Хэвлэлийн хороо гээд биччихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, ном, хэвлэл оюуны өмчийн хувьд энэ байгууллагынх гэсэн үг. Тэгэхээр үүнийг олон улсад Хятадын оюуны өмч, Хятадын бүтээл гэж үзнэ. Мөн арынх нь хуудас дээр “Дундад их улсын Ардын их сургуулийг 2019 онд дэлхийн жишигтэй их сургууль болгож хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж хэвлэв” гэж бичсэн байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Үндэсний номын санд байгаа, зохих хууль ёсны дагуу Монголын төрийн өмч болсон түүхийн ховор, онцгой сурвалжийг Хятадын сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд л ашиглаж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, энэ ном монгол хэлээр бичигдсэн шүү дээ. Гэтэл хаалтан дотор “дундад улсын цөөн тоот үндэстний хэл” гэж тодотгосон байсан. Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Гэтэл монгол хэл, соёлыг дэлхийд түгээх ёстой хүн энэ ном дээр монгол хэлийг цөөн тоот үндэстний хэл гээд хүлээн зөвшөөрчхөөд сууж байна. Энэ бол юугаар ч зөвтгөшгүй үйлдэл. Ном дээр Б.Оюунбилэг, С.Чулуун гэдэг хоёр хүний нэр л бичигдсэн. Харин Монгол гэдэг нэг ч үг байхгүй.

Өндөр Гэгээн Занабазарын намтар түүх бүхий уг номонд: Монгол хэл (Хятадын Дундад улсын цөөн тоот үндэстний хэл) гэжээ

-Үүнийгээ С.Чулуун сайд “Би бүтээлээ Хятадад хэвлүүлсэн” гэж тайлбарладаг шүү дээ?

-Уучлаарай. Бүтээлийг ингэж бичдэггүй юм. Хэрэв С.Чулуун Үндэсний архивын санд байгаа 640 мянган хуудас түүхэн бичвэрийг шууд сканердан хэвлүүлчхээд түүнийгээ бүтээл гэж байгаа бол хэн дуртай нь архивын газраас мянга, мянган хуудсаар нь хэвлэж, гаргаад өөрийгөө ном бичсэн гэж хэлээд сууж байж чадна шүү дээ. Ямар ч судалгаа, эрдэм шинжилгээний боловсруулалт байхгүй, зөвхөн өөрийнхөө нэрийг тавьчихсан байгаа юм. Өөрийнх нь судалгаа гээд байгаа зүйл нь Занабазар гэж ийм хүн байсан гэсэн агуулгатай арван ч хуудас хүрэхгүй юм байгаа. Үүнийгээ Хятадад өөрийнхөө бүтээлээ хэвлүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь ард түмнийг харанхуй бүдүүлэг мэт санан доромжилж буй хэрэг.

-ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НОМЫН САНД МАНАЙ ТҮҮХЭН БИЧВЭРИЙГ “ХЯТАДЫНХ” ГЭЭД ТОДОТГОЧИХСОН БАЙНА-

-Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “яамны зөвшөөрлийн дагуу төрийн байгууллагынхаа үүргийг биелүүлсэн” гэж тайлбар өгсөн байсан. Хууль бус үйлдэл гэдгийг нь мэдсэн тохиолдолд Соёлын яамны зөвшөөрлийг үл харгалзан гэрээ хийхээс татгалзах эрх Үндэсний номын сангийн захиралд байсан болов уу?

-Төрийн ямар ч албан тушаалтан дээрээс ирсэн заавар, чиглэлийг сохроор дагадаг тогтолцоонд эрүүл уур амьсгал оруулмаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт өөрт нь төрийн ажил хариуцуулаад өгчихсөн бол дээрээс ирсэн тушаал, заавар хууль зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг харж, санал бодлоо илэрхийлээд явах хэрэгтэй. Хэрэв тухайн үед энэ санал нь Соёлын тухай, Архивын тухай хуулийн ийм, ийм зүйл заалтыг зөрчиж байна гэж өөрийн саналаа бичгээр гаргаад өгчихсөн бол Б.Ичинхорлоо захирал өнөөдөр ийм асуудалд орооцолдохгүй байсан.

-С.Чулуун Монголын түүхийн 200 орчим жилийг хамрах “Хүрээ сайдын хөмрөг”-ийн 640 мянган нүүр бүхий архивын материалыг өнгөтөөр сканердаж, БНХАУ-д үнэгүй шилжүүлсэн хэрэгт мөн л холбогддог. Уг эх сурвалжийг Хятадын талаас ном болгон, худалдаалж байна. Гэтэл АНУ-ын Конгрессын номын санд тэр ном нь “Хятадын түүх” гэсэн тайлбартайгаар байршсан талаар та өөрийн цахим хаягтаа бичсэн байсан?  

-“Хүрээ сайдын хөмрөг”-ийн 640 мянган хуудас бүхий номын эхний 10 мянган хуудсыг 20 боть болгож Хятадад хэвлүүлсэн. Энэ номыг АНУ-ын Конгрессын номын сангийн каталогт “Хятадын Хүрээ гэдэг нэртэй хошууны орон нутгийн түүх” гэсэн тайлбартай оруулсан байна. АНУ-ын Конгрессын ном сан бол 38 сая гаруй номтой, дэлхийн хамгийн том номын сангуудын нэг. Гэтэл энд манай түүхийн бичвэрийг “Хятадынх” гээд тодотгочихсон байна. Мэдээж энэ Америкчуудын буруу биш. Хятадад хэвлэгдсэн юм чинь тэгж л ойлгоно шүү дээ. Харин үүний цаана зөөлөн хүчний бодлого явагдаад байна. Зөвхөн эхний үр дагавар нь л энэ. Үүнээс цааш бид 50, 100 жилийн дараа ямар үр дагаварт хүрэхийг үнэндээ тооцоолоход бэрх. Төр, улс хууль гэж байгаа бол яаралтай таслан зогсоох хэрэгтэй.

-С.Чулуун 640 мянган нүүр архивын материалыг өнгөтөөр сканердаж, Хятадын талд хүлээлгэн өгсөн талаар та болон залуу түүхчид өнгөрсөн жил нэлээдгүй шүгэл үлээсэн. Гэвч та бүхэн цагдаа, шүүхийн байгууллагад дуудагдсан шүү дээ. Энэ асуудал юу болов?

-Тухайн үед намайг болон залуу түүхчдийг хууль, шүүх, тагнуулын байгууллагаас С.Чулууны нэр хүндийг гутаан доромжилсон, гүтгэсэн гэх үндэслэлээр дуудсан. Би ярьсан зүйлсээ бүгдийг нь баримтаар нотолсон. Одоо юу болсныг мэдэхгүй байна. Судлаачийн хувьд хэлэхэд, хуулийн байгууллагынхан энэ хэргийг зөвхөн таван хуудас хэрэггүй цаасыг эргэлтэд оруулаад гадаадад хэвлүүлчихлээ гэж битгий хараасай гэж хүсэж байна.

-Түүхийн эх сурвалжуудыг гадаад руу гаргасны цааны ганц С.Чулуун бус өөр эрх мэдэлтэн байхыг үгүйсгэхгүй гэсэн байр суурьтай хүмүүс цөөнгүй байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Гэрээнд гарын үсэг зурж, хэвлүүлсэн нь С.Чулуун. Цаана нь өөр хэн нэгэн эрх мэдэлтэн байгаа эсэхийг шалгаж тогтоох нь хүүлийн байгууллагын үүрэг. 2014 оноос хойш энэ асуудал бүх түвшинд яригдсан. Гэтэл одоог хүртэл арга хэмжээ авч чадахгүй байгаа шалтгаан нь цаана нь хэн нэгэн эрх мэдэлтэн байж болзошгүй гэх хардлагыг зарим хүнд төрүүлсэн юм болов уу гэж иргэн хүний өнцгөөс харж байна.

-ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ХЭРГИЙГ ХЭРХЭН ШИЙДЭХИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ-

-Цагдаагийн Ерөнхий газраас тайлбар өгөхдөө хэрэв С.Чулуун “буруутай нь нотлогдвол 2700 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас гурван жил хүртэлх хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй” гэсэн. Бүхэл бүтэн улсынхаа түүхийн баримт, эх сурвалжийг гадаадад гаргасан хүнд ийм хэмжээний ял оноох нь хэр шударга гэж харж байна?

-Соёлын сайдын албан тушаалыг хашиж байсан хүн хуулийн зүүл, заалтыг мэддэг учраас л тийм зоригтой үйлдэл хийж байна. Хүлээх хариуцлагаа мэдсэн учраас л удаа дараа буюу эхлээд 640 мянган нүүр бүхий 2,489 нэгж баримт, дараа нь Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхтэй холбоотой эх сурвалжийг  Хятадын талд өгсөн. Тийм учраас л хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалтыг сайжруулах хэрэгтэй гэж хүмүүс хэлээд байгаа юм.

-Соёлыг өв, түүхэн эх сурвалжийг завшсан, харийн оронд үнэгүй шилжүүлсэн хэрэгт холбогдсон хүн Чингис хаан музейг удирдах нь хэр ёс зүйн хувьд хэр зохимжтой гэж та дүгнэж байгаа вэ?

-Хуультай, хууль ёс нь үйлчилдэг нийгэмд бол огт байж болшгүй зүйл. Удаа дараа архивын баримт, номын сангийн соёлын өвийг гадаадад хууль бусаар дамжуулсан байж болзошгүй, эндээс ашиг олсон байж болзошгүй хэрэгт холбогдсон хүнийг Чингис хаан музейн захирлаар томилсон нь эрх баригчдын эргэж харах л асуудал. Дэлхийд ийм асуудалд холбогдсон хүн албан тушаалд томилогдох нь битгий хэл, нийгэм даяараа жигшиж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.

-Одоо олон нийтэд ил болоод буй түүхэн баримтуудаас өөр соёлын өвийг С.Чулуун гадаадын оронд өгсөн байж болзошгүй гэж хардаж байна уу?

-Энэ бүгдээс харахад мэдээж байж болзошгүй гэж хардаж байна. Гэхдээ нотлогдоогүй зүйлийн талаар би юу ярих билээ. Одоогоор бидний сүүлийн дөрөв, таван жил яриад буй архивын 640 мянган хуудас материал болон Өндөр Гэгээн Занабазарын намтарт холбогдох хосгүй үнэт сурвалжуудыг хувийн нэрээр Хятадад гаргаж, өндөр үнээр зарсан гэх үйлдэл нь мэдэгдээд байна. Яагаад гэвэл энэ ном нь биетээр худалдаанд гарчихсан байна шүү дээ.

-Олон жил түүхчид энэ асуудлыг ярилаа. Энэ хугацаанд С.Чулуун та бүхэнтэй биечлэн уулзаж тайлбар өгсөн удаа байгаа юү?

 -Байхгүй. Тайлбар авах гэсэн сэтгүүлчид ч өрөөнөөс нь хөөгдсөн бичлэг байдаг. Хэд хэдэн сэтгүүлч халз ярилцлага хийе гэж бидэнд болон С.Чулуунд урилга хүргүүлсэн. Харамсалтай нь бид очсон ч нөгөө талаас ирээгүй, ямар ч хариу өгөөгүй. Миний зүгээс С.Чулуунтай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, олны өмнө нээлттэйгээр уулзахад бэлэн байна. Эсвэл албан ёсоор шүүх хурлын танхимд л нүүр тулж уулзах сонголт үлдэж байна.

-Тэгэхээр таныг шүүх дээр гэрч болоход бэлэн байна гэж ойлгож болох уу?

-Гэрчээр оролцоход бэлэн байна. Хэзээ ч дуудсан биечлэн очиж гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Манай Монгол улс үнэхээр улс шиг улс, төр шиг төртэй байя гэвэл иймэрхүү асуудлуудаа тухай бүрд нь шийдээд явж байх хэрэгтэй. Ингэж байж төрийн нэр хүнд ард түмний дунд өндөр байна шүү дээ. Өнөөдөр ард түмэн төрөө хүндэтгэхгүй, засаг төрийн шийдвэр иргэдэд хүрэхгүй байгаа нь иймэрхүү асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг хаацайлдаг, хэн нэгэн эрх мэдэлтэн хэргийг сунжруулдагтай холбоотой. Энэ хэрэг үнэхээр хууль ёсны дагуу шийдэгдэх юм бол ард түмэн байг гэхэд түүхчид, соёл судлаачид төрдөө итгэх итгэлтэй болно. Мөн дараа дараагийн удаа ийм зохисгүй явдал гарахаас сэргийлэх юм болов уу гэж харж байна. Хууль, шүүхийн байгууллага энэ асуудлыг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.