Д.Бауыржан бусад үндэстнээ дэмжиж НБХ-ийн даргад монгол хүн тавина гэж мэдэгджээ

Д.Бауыржан бусад үндэстнээ дэмжиж НБХ-ийн даргад монгол хүн тавина гэж мэдэгджээ

 -Д.БАУЫРЖАН КАЗАХААС БУСАД ҮНДЭСТНҮҮДЭЭ ДЭМЖИЖ ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛОХ БОДЛОГО БАРЬЖ ЭХЭЛЖЭЭ -

Баян-Өлгий аймгийн төрийн албаны томилгооны асуудал нилээдгүй хэл ам, шүүмжлэл дагуулдаг билээ. Ураг садан, хол ойрын хамаатнаа ажилд авдаг, гишүүдийн хамаарал бүхий этгээдүүдийн ургийн мод үүссэн тухай ч дуулддаг. Мөн урианхай, тува, дөрвөд иргэдийг төрийн албанд ажилд авдаггүй, ялгаварлан гадуурхдаг гэх гомдол тасардаггүй билээ.

Тэгвэл тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан олон жил яригдаж  буй эдгээр гомдлуудыг халж, тэгш эрхийг бий болгон ялгаварлан гадуурхалт, ашиг сонирхлын зөрчлөөс төрийн албыг ангид байлгахад анхаарч эхэлжээ. Тодруулбал, төрийн албанд ажиллаж буй хүний нөөцийн дийлэнх олонхийг казах хүмүүсээс бүрдүүлэх бус бусад үндэстнүүдийг ч ажиллуулах нь зүйтэй гэж үзэж буй аж. Сүүлийн үед уг байр, суурийнхаа дагуу төрийн албаны томилгоог хийх болсон байна.

Тухайлбал, энэ бодлогынхоо хүрээнд  аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд урианхай, дөрвөд, тува иргэдийнхээ төлөөллөөс томилохоо мэдэгджээ. Мөн энэ мэдэгдлийнх нь дагуу тус албан тушаалд томилогдох марафон ч эхэлж.

Тухайлахад,

  • Буян сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мэндсүрэн
  • ХОХБХ-ийн мэргэжилтэн Т.Ариунцэцэг
  • Өндөр настан М.Адилбиш
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч Ч.Ганзориг
  • Аймгийн ЗДТГ-ын хяналт үнэлгээ шинжилгээний тасгийн мэргэжилтэн Ч.Буян-Өлзий
  • Татварын Улсын байцаагч Б.Пагвадорж

болон нижгээд хүмүүсийн нэр дуулдаж байгаа юм. Гэвч энэхүү горилогчид дотор ажлын туршлага, боловсрол, мэргэшил, чадвар болон төрийн албаны хуулийн шатлан дэвшүүлэх зарчим /МЕРИТ/ зэрэг шалгуур хангах нь тун ганц, хоёрхон аж. Өөрөөр хэлбэл төрийн алба хашиж байгаагүй, хуулийн мэдлэггүй, чадвар туршлагагүй ч нэрээ дэвшүүлэн зүтгэж буй юм байна.

-НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТЭНЦЭХ ГАНЦ, ХОЁРХОН ХҮН БАЙНА -

Тус албан тушаалд горилогчдын нэг болох М.Адилбишийн хувьд: 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. “Тува ээж” ТББ-д, МСҮТ-ийн захирлаар, Баян-Өлгий аймгийн хоёрдугаар бүрэн дунд сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан. Гэвч хоёрдугаар сургуулийн захирлаар ХУУЛЬ БУСААР томилогдсныг Улсын дээд шүүх тогтоосон байдаг. Тэрбээр шүүхийн шийдвэр гарч цаашдаа захирлаар ажиллах боломжгүй болсноо мэдмэгц хувийн ашиг сонирхлын үүднээс дур мэдэн хууль бус үйл ажиллагаа явуулж олон хүнийг томилсон гэх хэл амд орооцолдож байсан нэгэн аж.

Ч.Буян-Өлзийгийн хувьд: Аймгийн ЗДТГ-ын хяналт үнэлгээ шинжилгээний тасгийн мэргэжилтнээр ажилладаг. Малын эмч мэргэжилтэй. Ийм атлаа нийгмийн бодлогын салбарт горилж сууна.

МҮОРТ-ийн сэтгүүлч Ч.Ганзоригийн хувьд: Тува хэлний нэвтрүүлгийн редактор, сэтгүүлчээр ажилладаг. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж байгаагүй намтартай.

Буян сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.Мэндсүрэнгийн хувьд: Тогтвортой амжиргаа төслийн ажилтнаар, сумын Засаг даргаар найман жил ажилласан богинохон намтар түүхтэй боловч төрийн жинхэнэ албанд мэргэшээгүй.

Татварын Улсын байцаагч Б.Пагвадоржийн хувьд: Санхүү тасгийн ерөнхий нягтлан бодогчоос эхлээд татварын улсын байцаагчаар 14, сумын орлогчоор 12, сумын Засаг даргаар дөрвөн жил нийт төрийн албанд 34 жил ажиллажээ. СЭЗДС, МУИС-ийг төгссөн байна. Удирдлагын академид төрийн захиргааны удирдлага, орон нутгийн засаг захиргааны удирдлагаар тус тус мэргэшсэн төрийн албан хаагч аж.    

Энэхүү шийдвэрийг гаргахдаа төрийн хууль, төрийн албаны шатлан дэвшүүлэх зарчим /МЕРИТ/, чадвар туршлагыг харгалзахаас гадна ард түмний төлөө шударга тууштай ажиллах чанар зэргийг харгалзан томилох буй за.