“Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компанийн эзэн МУЭ-ийн Ерөнхийлөгч боллоо” гэж эсэргүүцжээ

“Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компанийн эзэн МУЭ-ийн Ерөнхийлөгч боллоо” гэж эсэргүүцжээ

Монголын урчуудын эвлэлийн  хороо өнөөдрийг хүртэл улстөр, бизнесээс ангид явж ирсэн цорын ганц салбар байлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Урчуудын эвлэлийн хорооны ээлжит хурлаар энэ бүхэн төгсгөл болж байгаа бололтой. Энэ удаагийн хурлаар тус хороо шинэ Ерөнхийлөгч болон ТУЗ-ийн гишүүдээ сонгох байсан бөгөөд Ерөнхийлөгчид нийт 3 хүн нэр дэвшжээ. Харамсалтай нь зарим нэр дэвшигчээс болж  зураач, уран бүтээлчид хуваагдаад зогсохгүй Урчуудын эвлэл ч устах аюулд орсон талаар салбарынхан нь гомдоллож эхэлжээ.

-НЭР ДЭВШИГЧ П.ГАНБАТ НЬ БОЛОВСРОЛЫН ТҮҮХЭЭ ХУДАЛ МЭДҮҮЛЖ, НОТЛОХ БАРИМТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН ҮҮ-

Тодруулбал, Урчуудын эвлэлийн ерөнхийлөгчид зураач А.Чадраабал, С.Чулуунбаатар, П.Ганбат нар нэрээ дэвшүүлжээ. Монголын Урчуудын эвлэлийн дүрмийн Х зүйлд “МУЭ-ийн гишүүн нь мэргэжлийн уран бүтээлч байна” гэж заасан байдаг байна. Гэтэл П.Ганбат нь Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ шаардагдах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн ноцтой хэрэг илэрчээ.  Тэрээр 1994-1997  онд СУИС-ийн уран зургийн ангид суралцаж байсан гэх авч, төгссөн дипломгүй, эзэмшсэн мэргэжилгүй. Дүрслэх урлагийн “Анима” гэх сургуулийг төгссөн гэсэн ч мэргэжлийн дипломын огноо, дүнгийн хавсралтын огноо нь засвартай, бүртгэлийн дугааргүй байсан нь мэргэжлийн зураач биш, хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримт гэж хардахад хүргэж байна хэмээн эх сурвалж мэдээлэв.

ХБНГУ-ын Хумболдтын их сургуульд урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн  герман хэл дээр хоёр баримт өгсөн нь  бас л хуурамч байжээ. Нэг баримт нь хэлний шалгалтанд тэнцсэн батламж байсан бол нөгөө нь Хумболдтын их сургуульд суралцахад татгалзах зүйлгүй гэсэн батламж бичиг л төдий байж. Гэтэл тэрээр үүнийгээ урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн индэр дээрээс танилцуулсан байна. Түүгээр ч барахгүйСУИС-ийн уран зургийн ангид сурч байсан гэх дүнгийн хуулбараа  нотариатаар баталгаажуулж өгсөн нь ч шалгаж үзтэл хуурамч байсан гэх мэдээлэл байна. Мөн Ц.Цэгмэд нэрт зураачийн мутрыг хуурамчаар зурсан нь баригджээ.

Энэ ноцтой үйлдлийн талаар нэрт зураач Ц.Цэгмэд “МУЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа П.Ганбатын бүрдүүлсэн материалуудын дунд СУИС-ийн шалгалтын дэвтэр дээр англи хэл, дэлхийн урлагийн түүх, Монголын урлагийн түүх, Уран зургийн технологи, хар зураг, өнгөт зураг зэргийн хичээлүүдийг  заасан шалгагч багш дээр Цэгмэд, шалгагчийн гарын үсэг дээр Цэгмэд гэж миний нэрийг компьютерээр бичсэн байна. Миний бие 1997 онд хичээл заадаггүй, шалгагч багшаар ажиллаагүй болно. Тэр үед багш нар гарын үсгээ гараараа бичдэг байсан. Иймээс нэр дэвшигч П.Ганбат бусдын нэр төрд халдаж, хуурамч  бичиг бүрдүүлсэн хэргийг МУЭ-ийн хорооны УЗ, ажлын хэсэг тодруулж өгнө үү?” хэмээн  өргөдөл гаргажээ. Хамгийн ноцтой нь удирдах зөвлөл түүнийг нэр дэвшүүлсэн нь анхаарал татаж байгаа аж.

-УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН Б БЛОКЫН БАЙРНЫ ГАЗАРТ ӨӨРИЙН УРЛАНГАА БАРЬСАН УУ-

Үүнээс гадна УЭ-ийн хорооны Ерөнхийлөгчийг сонгох гишүүдийн санал тооллого хүртэл шударга болсон хэмээн хардах гишүүд байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшсэн 3 хүн дээр санал хураахад эхний санал хураалтаар 50+1 болзлыг хангасан нэр дэвшигч гараагүй учир дахин сонгууль явуулжээ. Хүндэтгэн үзэх шалтгаантай, гадаад болон орон нутаг дахь уран бүтээлчдээс урьдчилж, хайрцгаар  болон цахимаар санал авсан байна. Энэ санал хураалтаар зураач С.Чулуунбаатар олонхийн санал авсан аж. Гэтэл хоёр дахь удаагийн санал хураалт явуулахдаа  зөвхөн танхимд байгаа уран бүтээлчдийн саналыг тоолсон атлаа хайрцаг болон цахимаар авсан саналыг оруулаагүй аж. Үр дүнд нь П.Ганбат ерөнхийлөгч болжээ. Энэ үр дүнг уран бүтээлчид хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцэж байгаа аж. Учир нь гадаадаас цахимаар болон зөөврийн хайрцгаар саналаа өгсөн хүмүүсийн эрх ашгийг хүндэтгэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Бас нэгэн хардах асуудал байгаа нь П.Ганбат нь барилгын гурван ч компанитай өмнө нь XI хороололд байх Урчуудын эвлэлийн “Б” байрны газар дээр  өргөтгөлийг 2019 онд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр барьж байжээ. Энэ барилга нь  “Б” байрны өргөтгөл бус хэзээ нэгэн өдөр олон давхар барилга сүндэрлэх суурь хундаам цутгасан аж. Тэгэхээр тэрээр Ерөнхийлөгч болсныхоо дараа энэхүү өргөтгөлөө дээшээ өргөтгөж, орон сууц, олон давхар байшин барьж магадгүй гэх хардлага уран бүтээлчдэд бий аж. Мөн хотын төвийн А бүсэд байрлалтай Урчуудын эвлэлийн газарт шунасан байх магадлалтай гэж зарим уран бүтээлчид ярьж байна.

УЭ-ийн газар дээр барьсан энэхүү өргөтгөлд одоо тэрээр өөрийнхөө “B contemporary art gallery” урлангаа байгуулан ажиллуулж байна. Өнгөц харвал уран бүтээлчдийг дэмжсэн ажил мэт боловч нөгөөтэйгүүр ашиглалтанд ороод 2 жил болчихоод байхад МУЭ-ийн газар дээр барьсан атлаа өнөөдрийг хүртэл  өмчлөлд шилжүүлэн өгөөгүй хувийн өмч мэт аяглах болсон, өөрөө энэ байгууллагыг удирдах эрхийг авахаар улайран зүтгэж байгаа үйлдэл нь ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэнэ гэж уран бүтээлчид үзэж байна. Түүгээр ч барахгүй, П.Ганбат нь 10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ хийж, 10 жилийн дараа МУЭ-ийн өмчлөлд буцааж өгнө хэмээн ярьж яваа гэнэ.