Автомашинаа барьцаанд тавьж, 12 сая төгрөгөөр койн авсан ч мөнгөө алджээ

Автомашинаа барьцаанд тавьж, 12 сая төгрөгөөр койн авсан ч мөнгөө алджээ

Өдгөө 2 тэрбум орчим ам.доллароор хэмжигдэж буй крипто зах зээлийн өсөлт өдрөөр биш цагаар хурдалж байна. Одоогоор манай улсад 2021 оны эхний хагас жилд виртуал хөрөнгийн салбарт 2 их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж тус салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна.

Одоогийн байдлаар Манай улсад “Ард санхүүгийн нэгдэл”-ийн DAX, “Ай си ти” группын TRADE, “Инфинит Солюшнз”-ийн COMPLEX, “Интелмайнд”-ын “COINHUB”,  “Cоrex Team”-ийн COREX гэсэн таван виртуал хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байна. Мөн IHC токенийг гаргагч “Их Бит” ХХК өөрийн X-META хөрөнгийн биржийг нээхээр болсоноо зарласан. Виртуал хөрөнгийн биржийн үйл ажиллагаа нь виртуал хөрөнгийг хооронд нь болон албан ёсны мөнгөн тэмдэгтэд арилжих зарчмын хүрээнд худалдан авагч болон худалдагчийн хооронд урьдчилан тохирсон үнийн дагуу арилжаанд зуучлагчийн үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн Монгол улсад одоогийн байдлаар 30 гаруй нэр төрлийн койн болон токенууд гарсан ба цаашлаад энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.  

КОЙН ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛ УЛСАД

Үйлдвэрлэл хөгжсөн улс, оронд койныг төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр ашиглах төлөвтэй байгаа. Жишээ нь Америкчууд машин үйлдвэрлэж, тэрийгээ зарж нэмүү өртөг бий болж эдийн  засагт бараа ажил үйлчилгээний солилцоо явуулж байна. Тэрхүү төлбөр тооцоог хялбарчлах, хурдасгах зорилгоор койныг хэрэглэдэг. Харин манай улсад виртуал хөрөнгө оруулалт буюу криптовалют, койны хувьд ямар нэгэн бодит үнэ цэнээр илэрхийлэгддэггүй. Мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийн бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглодог.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр цөөнгүй гишүүд койны эрсдэлийн талаар хөндсөн билээ. Манай улс энэ харилцааг зохицуулсан хууль эрхзүйн орчингүй бөгөөд эрсдэл үүсвэл маш олон иргэд их хэмжээний хөрөнгөөр хохирох нөхцөл байдал үүссэн гэж УИХ-ын зарим гишүүн хэлж байсан. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос олон нийтэд шинээр койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлаад байгаа билээ. Хэдийгээр СЗХ-нд хориглох эрх байхгүй ч хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой хязгаарлалт хийсэн юм.

КОЙН БОЛОН ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮР ДАГАВАР

Койн болон виртуал хөрөнгийн зах зээлд орсон хүмүүс нэг бол баяждаг нэг бол хөрөнгө оруулсан бүх мөнгөө алдах гэсэн хоёр зам бий. Гэвч виртуал хөрөнгийн зах зээлд цөөнх нь л баяжиж олонхи нь хөрөнгө мөнгө алдах тохиолдол их бий. Нэг ёсондоо нэг хүн баяжихад цаана нь гурван хүн мөнгө алддана гэсэн үг юм.  Бусад санхүүгийн хэрэгслүүд буюу хувьцаа, бонд, үүсмэл үнэт цааснуудтай харьцуулахад койн хамгийн эрсдэл өндөртэйд тооцогддог. Эрсдэл өсөхийн хэрээр өгөөж дагаж өсдөг. Гэвч койн анх гарсан зах зээлийн үнээсээ унахад койн гаргагч тал ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Манай улсын хувьд ард иргэдийн санхүүгийн боловсрол төдийлэн сайн биш байгаагийн дээр койн, токен зэрэгт хөрөнгөө их хэмжээгээр байршуулж байгаа хүмүүсийг харахад ихэвчлэн санхүүгийн мэдлэг сул богино хугацаанд их хэмжээний ашиг хүртэх сонирхолтой байгаа нь харагддаг. Виртуал хөрөнгийн зах зээлээс богино хугацаанд өндөр ашиг хүртэх гэсэн хүмүүсийн сонирхол дээр дөрөөлсөн энэ салбар ганц манайд ч биш дэлхийн улс орнуудын эргэлзээ болгоомжлолыг төрүүлсээр байна. Койны ханш цаг минут тутамд хэлбэлздэг нь эрсдэл хүлээхэд хэзээд бэлэн гэсэн үг юм

ИРГЭД ШИНЭЭР ГАРЧ БУЙ КОЙН БОЛОН ТОКЕНЫ ХОЁР ДАХЬ АРИЛЖААНД ОРОХДОО ХАМГИЙН ИХЭЭР ХӨРӨНГӨ АЛДДАГ

Иргэд виртуал хөрөнгө авахдаа сэтгэлийн хөөрлөөр хандаж, богино хугацаанд хурдан баяжих гэсэн шуналдаа автан орон байр, автомашинаа зарж, зээл тусламжаар койн худалдан авах тохиолдол олон гарчээ. Тэр тусмаа шинээр гарч буй койн болон токены хоёрдогч зах зээлийн арилжаанд орохдоо хамгийн ихээр хөрөнгөө алддаг байна.

Иргэн Т: "Trade койны хоёрдогч зах зээлд таван сая төгрөгөөр орж нэг койны нэгж үнийг 45 төгрөгөөр үнэлж 110 мянган trade койн авсан. Гэвч авсан үнээс маань 15 дахин бага буюу 3 төгрөг хүртэл унасан. Ингэснээр уг койныг авсан таван сая төгрөг маань одоогийн ханшаар 330 мянган төгрөг болсон."

Иргэн Г. "Машинаа барьцаанд тавьж 12 сая төгрөгөөр Zescoin-ийг хоёрдогч бирж дээр гарахад нэг койны нэгж үнийг 81 төгрөгөөр худалдан авсан. Гэвч авсан үнээс маань унаж нэг койны нэгж үнэ нь одоогоор 5.69 төгрөг болсон байна. Ингэснээр 12 сая төгрөг  маань 840 мянган төгрөг болсон" гэлээ.

 МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИХ ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж)-ын Зөвлөмж 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө”-д нэгэн адилаар үйлчилхээр тогтсон. Монгол Улс ФАТФ-ын стандартыг бүрэн биелүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байна.

Монголд хэрэгжих Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийн гол зорилго нь криптовалютын гүйлгээ, арилжаа болон шинээр бий болж буй криптовалютыг бүртгэлжүүлэх юм. Хамрах хүрээний хувьд энэ салбарт үйлчилгээ үзүүлж байгаа криптовалютын биржүүдийг тусгай зөвшөөрөлтэйгөөр ажиллах, мөн шинээр криптовалют гаргаж буй ААН-үүд зөвшөөрөл авч байж олон нийтэд гаргах гэх мэт үйлчилгээ үзүүлэгч нарт хандсан хуулийн төсөл юм.