Б.Баттулга: Дэлхийн хэмжээний тайзан дээр Монголынхоо түүх соёл, өв уламжлалаа сурталчлахдаа маш их бахархалтай байдаг

Б.Баттулга: Дэлхийн хэмжээний тайзан дээр Монголынхоо түүх соёл, өв уламжлалаа сурталчлахдаа маш их бахархалтай байдаг

Өнгөрсөн 11 дүгээр сард АНУ-ын Чикаго хотын Талархлын баярын парадад монгол залуу оролцож, тэсвэр тэвчээр, хурд хүч сорьсон модтой үзүүлбэрээ толилуулсан. Түүний бичлэг цахим сүлжээнд цацагдан, олон хүний бахархлыг төрүүлээд буй. Олны хайр, хүндэтгэлийг хүртсэн тус залууг Баттогтохын Баттулга гэдэг.  

Тэрбээр өмнө нь “Авьяаслаг Америкчууд”, “Авьяаслаг Австраличууд” гэх мэт томоохон шоунуудад оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаас цуурайтуулж байсан юм. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагын зочноороо Б.Баттулгыг урилаа.

-ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙМЭЭР БАЙСАН УЧРААС ЦИРКИЙГ СОНГОСОН-

-Монгол залуу “Авьяаслаг Америкчууд”, “Авьяаслаг Австраличууд” шоунд оролцлоо гэсэн мэдээ, нийтлэлийг уншиж, бичлэгийг нь үзэж байснаас яг Б.Баттулга гэж хэн болохыг хүмүүс тийм ч сайн мэдэхгүй байх аа. Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Баттогтохын Баттулга гэдэг. Би 1984 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 2005 онд МУИС-ийг антропологи, археологи, түүхч мэргэжлээр төгссөн. 2009 онд АНУ-ын “Ringling Bros. and Barnum & Bailey” цирктэй гэрээ хийн, гэр бүлийн хамтаар энд ирсэн. Одоо Чикаго хотод ажиллаж, амьдарч байна. Эхнэрийг маань н.Энхчимэг гэдэг. Бид хоёр МУИС-д сурч байхдаа танилцсан. Би Америкт 2009 онд, эхнэр хүүхдүүд маань нэг жилийн дараа ирсэн. Гэр бүлээрээ циркийн вагонд амьдраад, аялаад л явдаг байлаа.

-Түүхч мэргэжил эзэмшсэн хүн циркчин болоход юу нөлөөлөв. Магадгүй хүүхэд байхаасаа циркийн урлагт сонирхолтой байв уу?

-Багаасаа спорт, ялангуяа үндэсний бөхөөр хичээллэх дуртай хүүхэд байсан. Оюутан байхдаа Цагаан сарын барилдаанд орох гээд бэлтгэл хийхээр аавынхаа найз, Гимнастикийн холбооны ерөнхий дасгалжуулагч н.Энхтүвшин багшийн зааланд очсон юм. Энэ үеэс л гимнастикт дурлаж, акробатаар хичээллэж эхэлсэн дээ. Ер нь яагаад түүхчээс циркчин болсон юм бэ гэж хүмүүс их асуудаг. Ерөөсөө л миний дур сонирхол нөлөөлсөн. Би дуртай зүйлээ хиймээр байсан учраас циркийг сонгосон.

-“Авьяаслаг Америкчууд”, “Авьяаслаг Австраличууд” гэх мэт дэлхийн хэмжээний шоунуудын тайзнаас таныг цөөнгүй харж байсан. Хэзээнээс томоохон шоунуудад оролцож эхэлсэн бэ?

-Анх Чикагод Америкийн жүжигчин Сприн гэдэг найзтайгаа хамт “Got Talent” шоунд оролцохоор шийдэж, шалгаруулалт өгсөн ч орж чадаагүй. Дараа нь 2017 онд би шинэ үзүүлбэрээрээ шалгаруулалтад орж тэнцээд шүүгчдийн шат хүртэл явсан. Тэр үзүүлбэрийн маань бичлэг цацагдсаны дараа маш олон хүний хандалт авч, телевизийн шоунд оролцох урилгууд ирж эхэлсэн. Үүнээс хойш Авьяаслаг Францчууд, Хятад, Австрали, Румыны шоу, Америкийн "Go-Big Show" гэх мэт 11 телевизийн шоунд оролцоод байна. 2022 онд Авъяаслаг Англичуудад оролцох урилга авсан. Мөн хоёрдугаар сард Францын телевизийн шоунд оролцоно.

-Шоу болгонд үзүүлбэрээ шинэчлэх, өмнөхөөсөө сайжруулах шаардлага гардаг уу. Үзүүлбэрийнхээ санааг яаж олдог юм бэ?

-Үзүүлбэрээ шоу болгонд сайжруулж, өөрчлөхийг хичээдэг. Нэг шоунд галтай, гэрэлтэй үзүүлсэн бол нөгөө шоунд агаарын үзүүлбэр оруулна гэх мэтээр өөрчлөөд явдаг. Мөн хөгжим, хувцсаа ч өөрчилнө. Үзүүлбэрийн санаагаа өөрөө олохоос гадна хүмүүс ч зөвлөдөг. Хүн болгон л шинэ зүйл үзэхийг хүсдэг шүү дээ. Тиймээс аль болох шинэлэг, сонирхолтой зүйлсийг эрж хайн, өөрөө зохиож үзүүлбэрээ хөгжүүлээд явдаг.

-БЭЛТГЭЛ ХЭДИЙ ЧИНЭЭ САЙН ХИЙНЭ, ТӨДИЙ ЧИНЭЭ УРАН БҮТЭЭЛ, ҮЗҮҮЛБЭР ЧАНАРЖДАГ-

-Таны үзүүлбэрүүд тэсвэр тэвчээр, хүч чадал их шаарддаг шүү дээ. Тэр утгаараа байнгын бэлтгэл сургуулилт хийдэг байх?  

-Тэгэлгүй яахав. Үзүүлбэрийн мод маань 5 метр урт, 40 кг жинтэй. Хүн суулгадаг мод маань 6 метр урт, 60 кг жинтэй. Үүнээс гадна боулингийн бөмбөг, машины дугуйгаар жонглёрдох, циркийн хамтрагчидтайгаа акробатын үзүүлбэрүүд хийдэг. Энэ болгоныг хийхийн тулд байнгын бэлтгэл сургуулилттай байх шаардлагатай болдог. Одоо би Мексикийн нэгэн алдартай дуучны шоунд ажиллаж байгаа. Тоглолттой үед дундуур нь бэлтгэл хийнэ. Тоглолтгүй үед өөрөө “gym”-дээ очоод бэлтгэлээ хийнэ. Өглөө, өдөр, орой гүйнэ. Циркийнхээ хэрэгслүүдтэй бэлтгэл хийнэ. Бэлтгэл хэр зэрэг сайн байна, төдий чинээ уран бүтээл, үзүүлбэрээ чанартай хийнэ шүү дээ. Тиймээс бэлтгэлдээ аль болох анхаарахыг хичээдэг.

-Саяхан та Чикаго хотын Талархлын баярын парадын үзүүлбэрээ үзүүлсэн. Өмнө нь бас баярын парадад орж байсан юм байна лээ?

-Анх 2017 онд орж байсан. Чикагод олон үндэстэн, ястан амьдардаг. Тэр утгаараа Талархлын баярын парадад дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид улс орныхоо соёл, ёс заншлыг шингээсэн үзүүлбэр үзүүлдэг. Чикаго хотод манай “Монгол авьяас академи” гэж байдаг. Спорт, урлагийнхан нэгдэж Чикаго хот орчимд амьдарч байгаа монгол хүүхдүүдэд үндэсний уламжлал, хэл бичиг, мөн сагс, волейбол, гимнастикийн хичээл заадаг юм. Би энэ академид багшилдаг. Академиа мөн Монголчуудаа төлөөлж эх орныхоо соёлыг харуулахыг зорьж, тоглолтоо үзүүлсэн. Хүмүүс их сайхан хүлээж авсан шүү.

-Хүнд үзүүлбэр байх тусмаа эрсдэл дагуулдаг байх. Ялангуяа таны үзүүлбэрүүд их эрсдэлтэй, маш их ур чадвар шаардсан харагддаг?

-Мэдээж маш олон эрсдэл бий. Модоо дээш нь шидээд буруу авахад л толгой, хүзүүгээ  гэмтээх эрсдэлтэй. Тиймээс аль болох аюулгүй байдлаа хангахын тулд бэлтгэл, сургуулилтаа сайн хангадаг. Үзүүлбэрээ олон удаа давтаж хийнэ. Мод, материал, хэрэгслээ шалгана. Тэр болгонд маш их анхаарал шаардана. Биеэ сайн халааж, юунд ч сатаарахгүй байх ёстой.

-Дэлхийд модтой үзүүлбэр хэр түгээмэл байдаг юм бэ?

-Циркийн урлаг дотроо хүнд хүнд жингийн, “strong man” төрлийн үзүүлбэр их ховор. Тэр дундаа модтой төрлийн үзүүлбэр ховор. Европт нэг залуу ойролцоо үзүүлбэр хийдэг. Америкт бол байхгүй.

-ДЭЛХИЙД МОНГОЛ ҮНДЭСТЭН, МОНГОЛ ГЭЖ ДУУДАГДДАГ УЧРААС МАШ ИХ ХӨДӨЛМӨРЛӨЖ, ЭХ ОРНОО САЙНААР СУРТАЛЧЛАХЫН ТУЛД ХИЧЭЭЖ АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙНА-

-Таны хувьд дээд талдаа хэдэн кг жинтэй мод өргөж байв. Хүн суулгахаар мэдээж дагаад жин нь нэмэгдэх байх?

-Би 2018 онд Испанийн “Golden Elephant” гэдэг циркийн тэмцээнд орж байсан. Тэр үед 6 метрийн урттай, 60 кг модон дээр дөрвөн хүн суулгаад эргүүлж байсан. Ойролцоогоор 300 гаруй кг гэсэн үг.

-Ингэхэд та Монголд хэзээ хамгийн сүүлд ирсэн юм бэ?

-2019 онд цар тахлын өмнө Монголдоо очиж, наадмын нээлт дээр модтой үзүүлбэрээ үзүүлсэн.  Тэр үед чуулганы дөрвөн бүжигчнийг модон дээр суулгаад эргүүлж байлаа. Эх орондоо үзүүлбэрээ үзүүлэх их сайхан байсан шүү.

-Ер нь дэлхийн хэмжээний тайзнаас өөрийгөө Монголоос ирсэн гэж хэлэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Олон орны телевизийн шоунд оролцон Монголоо сурталчлаад явж байхад маш их дарамт мэдэрнэ. Циркийн үзүүлбэр дундаа хүндэд нь тооцогддог, мөн уран бүтээлчид тийм ч түгээмэл хийгээд байдаггүй учраас тайзан дээр гарахаас өмнө сандарна. Алдчих вий гэж эмээнэ. Үзүүлбэрээ үзүүлээд дууссаны дараа хүмүүсийн алга ташилтад маш их урамшдаг. Алс хол Америкт Монголчуудынхаа төлөөлөл болж ажиллаж, амьдарч байгаагийн хувьд дэлхийн хэмжээний тайзан дээр эх орныхоо түүх, соёл, өв уламжлалаа сурталчилж, Монгол үндэснийхээ ая, хувцастай үзүүлбэр үзүүлэхдээ маш бахархалтай байдаг. Дэлхийд Монгол үндэстэн, Монголоороо дуудагддаг учраас маш их хөдөлмөрлөж, эх орноо аль болох сайнаар сурталчлахын тулд хичээж ажиллаж, амьдарч байна. Энэ өчүүхэн хөдөлмөрийг маань үнэлж, сайхан сэтгэгдэл үлдээж, олон хүн таашааж хүлээж авсанд их баяртай байна. Та бүхэндээ маш их баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө