Цахим сүлжээнд "Финланд улсад жил бүр 4 мянга гаруй буга авто машинд дайрагдаж үхдэг. Иймээс бугыг хамгаалахын тулд эвэрт нь шөнийн цагаар гэрэлтдэг неон бодис түрхдэг" гэх тайлбартай зураг түгээд байна. АНУ-ын “USA Today” мэдээллийн сайт өнгөрсөн долдугаар сард уг зурагт “Fact checking” хийж худал гэдгийг нь нотолж байжээ.
Тодруулбал, нийтлэлд ашигласан гэрэл зураг нь бодит биш бөгөөд визуал дизайнер Васжен Катрогийн 3D программ хангамж ашиглан хийсэн зураглал байсан аж.
Сонирхуулахад, Финляндын Хөдөө аж ахуй, ойн яамны харьяа байгууллага болох Цаа буга малчдын холбоо 2014 онд цаа бугын арьс, эврийг гэрэлтдэг цацруулагч будгаар будаж туршилт хийж байжээ. Гэсэн ч туршилт бүтэлгүйтсэн байна. Харин үүний дараа тус байгууллага жолооч нарт зориулж цаа буга явж буйг анхааруулдаг аппликейшн зохион бүтээсэн нь илүү амжилт олж байжээ.