С.Батбилэг: Оюутнууд маань хаягдал гар утаснаас үнэт металл илрүүлдэг төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна

С.Батбилэг: Оюутнууд маань хаягдал гар утаснаас үнэт металл илрүүлдэг төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна

Техник технологи өдрөөс өдөрт хөгжиж, шинэ бүтээгдэхүүнүүд хүн төрөлхтний гар дээр минут секундтэй “уралдан” очсоор. Гэвч бүхий л зүйлд сайн, муу хоёр тал байдгийн адилаар хэрэглээнээс гарсан цахим хог хаягдал тэр хэмжээгээр нэмэгдэж, байгаль орчинд хөр хөнөөл учруулж байна.

Тухайлбал, бид бүгдийн өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон ухаалаг гар утас. Тэгвэл МУИС-ийн оюутнууд эвдэрч, гэмтсэн гар утаснаас дахин ашиглах боломжтой металлуудыг тооцоолдог төхөөрөмж бүтээхээр ажиллаж эхэлжээ. Бид энэ талаар тус сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч, доктор С.Батбилэгтэй ярилцлаа.  

-ЭНЭ  ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖВЭЛ БАЙГАЛЬ ОРЧИНД МАШ ТОМ ҮР  ӨГӨӨЖИЙГ ӨГӨХ БОЛНО-

 -МУИС-ийн оюутнууд эвдэрч, ашиглалтаас гарсан гар утаснуудаас металл цуглуулж, тооцоолдог аппарат хийж байна гэсэн мэдээллийг бид авсан. Уг аппаратны зориулалт, зорилго нь яг юу байх юм бэ?

-Цахим хог хаягдлыг аль болох бүгдийг нь цуглуулдаг болох ёстой. Ингэхийн тулд мэдээж нэг талаас өгч буй, нөгөө талаас цахим хог хаягдлыг боловсруулж үнэлж, дүгнэж авдаг пүүс компани гээд аль алинд нь ашигтай үнийн системтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, түүхий эд буюу хаягдал цуглуулдаг үнийн систем гэж байх ёстой. Үүнийг арай боловсронгуй болгож, туслахын тулд манай оюутнууд автомат тоног төхөөрөмж хийе гэдэг санааг гаргасан. Оюутнуудын маань хийхээр зорьж буй хаягдал хүлээн авах аппаратны ажиллах зарчим нь тухайлбал, нэг хүн өөрт хэрэггүй, ашигладаггүй гар утас аваад ирлээ гэж бодоход аппаратны тусламжтай тухайн гар утсанд буй элементүүдийг тооцоолж, “таны гар утсанд ийм, ийм металл, элемент байна. Ийм үнээр авъя” гээд тодорхой гаргаад ирэх боломжтой юм.

-Туршилтаа хэрэгжүүлж, JICA болон Япон дахь элчин сайдын яамнаас зохион байгуулж буй тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа гэж сонссон?

-Санаагаа хэрэгжүүлэх зорилгоор JICA-аас зохион байгуулж буй тэмцээнд орохоор төлөвлөж байгаа. Энэ тэмцээний гол шаардлага нь “машин сургалтын аргыг бүтээгдэхүүндээ хэрэглэсэн байх ёстой” юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд оюутнууд маань хаягдал хүлээн авах аппаратдаа эхний ээлжинд эвдэрсэн гар утаснуудыг туршиж үзэж байгаа. Тэгэхээр туршилт хийхийн тулд бидэнд аль болох олон үйлдвэрлэгчийн, олон загварын, олон янзын эвдрэлтэй гар утаснууд хэрэг болно гэсэн үг. Ингээд туршилтаар манай аппарат хэдэн хувьтай танилт хийж буй нь тогтоогдоно. Тиймээс л бид зар тавьж, хаягдал утас цуглуулж эхэлсэн.

-Та эхний ээлжинд гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр цаашдаа гар утаснаас өөр төрлийн бүтээгдэхүүнүүдийн металлыг ч тооцоолж болно гэсэн үг үү?

-Мэдээж болно. Компьютер гэх мэт овор ихтэй техникээс ямар их хаягдал гардаг билээ. Дотор нь маш олон төрлийн ашиглаж болох микро элементүүд байдаг. Тэгэхээр төсөл амжилттай болбол цааш цаашдаа хүрээгээ тэлэх боломжтой гэж хэлж болно.

-Аппаратаар зөвхөн ухаалаг гар утасны металлыг тооцоолох боломжтой юу?  

-Бид мэдээллийн сандаа л нэмээд оруулчих юм бол ямар ч гар утас болно. Гэхдээ ухаалаг утсанд илүү их металл орсон байдаг. Олон загварын гэж тодорхойлсон нь туршилт хийхэд л бидэнд давуу талыг олгох учраас. Олон төрөл байх тусам зөв таних магадлал сайжирна гэсэн үг. Тэр утгаараа бид олон үйлдвэрлэгчийн, олон загварын утас гэж бид яриад байгаа юм.

-ХОГ ХАЯГДЛЫГ БҮРЭН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ НЭГ УНАЧИХВАЛ ДАРААГИЙНХ НЬ ГАРЧ ИРТЭЛ НЭЛЭЭН ОЛОН АРВАН ЖИЛ ЗАРЦУУЛАГДДАГ-

-Аппаратны бүтэц нь яг ямар байх юм бэ?

-Аппарат маань ерөнхийдөө доороо жинтэй, дээр нь хоёр янзын “сенсор” буюу мэдрэгчтэй. Мөн гурван хэмжээст дүрс болон жин харьцуулна. Металлын агуулга тодорхойлох сенсор. Рентген сенсор байрлуулж болох ч өртөг маш өндөр байдаг.  

-Монголд ер нь яг энэ цахим хаягдлаас дахин ашиглаж болох металл гарган авах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд байдаг уу?

-Цахим тоног төхөөрөмжийн хаягдлуудыг боловсруулах чиглэлээр Улаанбаатарт хоёр компани судалгаа, шинжилгээнийхээ ажлыг боловсруулж, үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн туршилтууд хийгээд явж байгаа. Гэхдээ үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах ёстой шүү дээ. Хаягдал авдаг систем мөн зөв ажиллахгүй бол хэчнээн сайхан том үйлдвэр байлаа ч ашиг байхгүй, төсөл амжилтгүй болно. Хөрсний бохирдлыг бууруулах, хог хаягдлыг бүрэн боловсруулах чиглэлийн төсөл нэг уначихвал дараагийнх нь гарч иртэл нэлээн олон арван жил зарцуулагддаг. Тэгэхээр энэ төсөл амжилттай хэрэгжвэл байгаль орчинд маш их үр  өгөөжийг өгөх болно.

 -Гадаадын оронд яг ийм аргачлалаар металл илрүүлдэг төхөөрөмжийн хэрэглээ хэр байдаг юм бол?

-Янз янзын арга чиглэлээр хийсэн тоног төхөөрөмжүүд байдаг. Хамгийн энгийн жишээ нь шил, хуванцар, батарейнуудыг тус тусад нь авдаг шүү дээ. Ингээд ангилаад явбал болохгүй зүйл гэж байхгүй. Гэвч манай Монголд төдийлөн дэлгэрээгүй. Манайд бол ч нэг цорго руу л бүх хог хаягдлаа хийчихдэг шүү дээ. Тэр дундаас ялгаж авах маш хэцүү.

-Мэдээж нөгөө талаас эдийн засгийн үр өгөөж гэж байх ёстой байх. Цаашдаа туршилт амжилттай хэрэгжээд ирвэл эдийн засгийн үр өгөөжийг та ямар байна гэж харж байна?

-Эдийн засгаасаа илүү байгаль орчинд ээлтэй, ногоон гэдэг талаасаа л хамгийн том ач холбогдолтой. Одоогийн түвшинд гар утсан дахь металл алт, мөнгө, зэс зэрэг газрын ховор элементүүдийг ялгаж авах технологийн хүрээнд үнэлж аваад үйлдвэрлэлийн процессор ялгахад зардал өндөртэй. Тиймээс гар утсыг бид хэт өндөр үнээр үнэлж авч чадахгүй. Гэхдээ яваандаа энэ ажил маань нийтэд хэрэгжиж эхлэхэд зардал буурах боломжтой. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй технологийг оруулж ирж нутагшуулах, үйлдвэрлэлийн процессыг хэвийн тасралтгүй явуулах нь чухал юм.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.