ВИДЕО: "Бээжингийн олимпоос медаль авч чадаагүй ч эх орныхоо төрийн далбааг мандуулж, алхсандаа баяртай байна"

ВИДЕО: "Бээжингийн олимпоос медаль авч чадаагүй ч эх орныхоо төрийн далбааг мандуулж, алхсандаа баяртай байна"

Бээжингийн өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нарыг isee.mn мэдээллийн сайтын “social id” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.

Б.АЧБАДРАХ: ААВ МААНЬ АНХ ХАНАНЫ МОДООР ЦАНА ХИЙЖ, ХАШААНЫ ҮЗҮҮРТ ЗАМ ГАРГАЖ ӨГСӨН НЬ НАМАЙГ ЦАНЫН СПОРТОД ДУРЛУУЛСАН 

-Та юуны түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Батмөнхийн Ачбадрах гэдэг. Би 1994 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн. МУБИС-ыг төгссөн. Одоо Хил хамгаалах ерөнхий газар, Үндэсний шигшээ багтаа харьяалагддаг. Гүйлтийн цанаар 13 настайгаасаа эхлэн хичээллэсэн.

-Таныг энэ спортод анх хэн хөтөлж оруулж байв. Гэр бүлд нь цанын спортоор хичээллэдэг хүн байсан уу?

-Би хажуу айлынхаа н.Баасансүрэн гээд ахыгаа дагаж гүйж байгаад цанын спорт руу анх орж байсан. Аав маань анх хананы модоор чана хийж өгөөд, хашааны үзүүрт зам гаргаж өгсөн нь намайг энэ спортод дурлуулсан. Үүнээс хойш бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсний үр дүнд сая хоёр дахь олимпдоо оролцлоо.

-Цанын спортоор хичээллэх нь мэдээж амаргүй байх. Гар хөл, хацар амаа хайрч, хөлдөөх зэрэг хүндрэл гарч байсан байх?

-Өө тэгэлгүй яахав. Дандаа хүйтэнд уралддаг болохоор хацар, нүүр хайрагдах, чих хөлдөх тохиолдол зөндөө гардаг. Хуруу гараа хайрч, хөлдөөх явдал энүүхэнд байсан. Харин одоо зориулалтын хувцас гарсан болохоор энэ талын бэрхшээл байхгүй болсон.

-Та төрийн далбаагаа бариад олимпын нээлтэд алхаж явсан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?

-Миний хувьд хоёр дахь удаагаа төрийн далбаагаа намируулаад өвлийн олимпын нээлтэд оролцлоо. Тэр үед эх орон, ард түмнээрээ л бахархасан. Тухайн үед дэлхийн бүх ард түмэн Монгол Улсыг харж байгаадаа гэж дотроо бодож бахархаж, огшиж байсан. Энэ удаад олимпын наадамд медаль авч чадаагүй ч эх орныхоо төрийн далбааг олимпын нээлтийн үеэр мандуулж, алхсандаа бахархаж байгаа. 

-Олимпын наадамд оролцох бэлтгэлээс эхлээд оролцоод ирэх хүртэл ар гэрийнхэнтэйгээ уулзахгүй тусгаарлалтад байсан гэж сонссон. Олимпд оролцоод ирэхэд ар гэрийнхэн нь мэдээж зөндөө санасан байсан байх?

-Миний хувьд байнга бэлтгэл сургуулилт хийж байдаг болохоор ар гэртээ зарцуулах цаг зав тун хомс байдаг. Хүүхдүүдийг эхнэр маань л өсгөж хүмүүжүүлж байгаа. Сая гэртээ ирсэн бага хүү маань хэлд орчихсон байсан. Өмнө нь бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ирсэн хөлд орчихсон байсан. Бас том хүү маань сургуульд орох болчихсон байна лээ. /Инээв/. 

А.ЭНХТУУЛ: ЦАНЫН СПОРТОО ХАЯХ ШАЛТГААН МАШ ИХ БАЙСАН Ч БИ ТЭР ҮЕД ЭНЭ СПОРТДОО ДУРАЛЧИХСАН БАЙСАН

-Та юуны түрүүнд бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ариунсанаагийн Энхтуул гэдэг. Би 1996 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Одоо Алдар спорт хороонд харьяалагддаг. Анх энэ спортоор Орхон аймагт ирээд эгчийгээ дагаад хичээллэж эхэлсэн. 10 жилийн сургуулиа төгсөөд цанын спортоо хаях шалтгаан маш их байсан ч би тэр үед энэ спортдоо маш дуртай болсон байсан учраас хаяж чадаагүй. Эгч маань 10 жилийн сургуулиа төгсөөд өөр мэргэжил сонгохыг зөвлөж байсан. Гэвч би Биеийн тамирын багшийн ангийг сонгож, МУБИС-д элсэн орж төгссөн.

-Тэгэхээр эгч нь цанын спортоор хичээллэдэг байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Манай эгчийг Р.Цогзолмаа гэдэг. Миний анхны багш. Ер нь манай гэр бүлд цанын спортоор хичээллэдэг, спортын  мастер цолтой долоон хүн байдаг. Мөн Олон улсын хэмжээний мастер цолтой дөрвөн хүн байгаа.   

-Мэдээж эмэгтэй хүн спорт, тэр дундаа цанын спортоор хичээллэх нь амаргүй байх. Шантарч спортоо орхих тухай бодож байсан уу?

-Шантрах үе зөндөө л гарч байсан. Гэсэн ч шантарч байна гэдэг шалтгаанаар бэлтгэл сургуулилтаа нэг ч удаа тасалж үзээгүй. Би тууштай байх хэрэгтэй. Өнөөдөр шантарч байгаа ч үр дүнг нь харж, өөртөө тавьсан зорилгоо бодоод босдог байсан.

-Олимпын наадамд өрсөлдөх, олон улсын уралдаан тэмцээнд оролцох хоёр нь мэдээж сэтгэл зүйн хувьд ялаатай байдаг байх. Анх удаа олимпын наадамд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Олимпын наадам гэдэг бол маш том. Тэр хэрээрээ сэтгэл зүйн хувьд ч ачаалал авч байсан. Мөн замын хувьд олон улсын уралдаан тэмцээнийх хөнгөн байдаг бол олимпын зам талбай хүнд байсан. Ямартай ч олимпын наадмын үеэр биднийг дэмжиж, дээлний минь захыг мушгиж байсан монголынхоо ард түмэнд баярлалаа.

-Бээжингийн олимп цагаан сартай давхацсан. Та хэдийн хувьд хэрхэн шинэлсэн бэ?

-Бид цагаан сараар олимпд оролцохоор Бээжинд байсан ч гэсэн сар шинийн баяраа багаараа тэмдэглэсэн.  Олимпын хорооноос ул боов, ааруул аваад явсан байсан. Тэгээд бид ширээ засаад золголт хийсэн.