Л.Энх-Амгалан: Монгол Улс анх удаа Сурагчийн олон улсын үнэлгээ буюу “PISA-2022”-д хамрагдаж байна

Л.Энх-Амгалан: Монгол Улс анх удаа Сурагчийн олон улсын үнэлгээ буюу “PISA-2022”-д хамрагдаж байна

Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “PISA-2022” олон улсын судалгааны талаар мэдээлэл хийлээ.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улс анх удаа Сурагчийн олон улсын үнэлгээ буюу “PISA-2022”-д хамрагдаж байна. Судалгаанд 8 мянга орчим хүүхдийг түүврийн аргаар хамруулсан.  PISA үнэлгээний хүрээнд суурь боловсрол (5-9 дүгээр анги) эзэмшсэн 15 настай хүүхдүүдийн унших, тооцон бодох, математик, байгалийн ухааны мэдлэгийг шалгах юм. Гэхдээ сайн, муу гэж үнэлэхгүй. Амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадаж байна вэ гэсэн мэдлэгийн үнэлгээ юм. Боловсролын тогтолцоо сурах бичиг цээжлүүлсэн, олимпиадад бэлдсэн гэж эцэг, эхүүд ярьдаг. Үүнийг үнэлэх гэж байна.

Энэ жилийн PISA зорилго нь хүүхдийн сургалтын амжилтад юу нөлөөлдөг вэ гэдгийг үнэлнэ.

  • Нэгдүгээрт компьютер, лабораторийн хүрэлцээ зэрэг анги танхимтай холбоотой суралцах орчин бүрдсэн байна уу,
  • Хоёрдугаар асуудал бол багш нар хичээлээ сонирхолтой зааж чадаж байна уу гэсэн заах барилын үзүүлэлт,
  • Хамгийн чухал нь гэр бүлийн дэмжлэг хүүхдийн сурлага, амжилтад хэрхэн нөлөөлдөг
  • Түүнчлэн КОВИД-19 хэрхэн нөлөөлсөн, хоёр жилийн хоцрогдлыг хэрхэн хурдан даван туулах зэргийг өргөн хүрээнд судалж тогтоож асуудлаа шийдэхэд луужин болно гэж харж байна.

МСҮТ, их, дээд сургуулийг дипломтой ажилгүйчүүд гэдэг. Эдгээр төгсөгчдөөс академик мэдлэг гэхээс илүү хүнтэй харилцаж чаддаг, асуудлыг шийдэх, бүтээлч сэтгэлгээ зэрэг 21 зууны зөөлөн ур чадвар гэдгийг олгож чадаж байна уу гэдгийг л PISA судалж олж тогтоох юм” гэжээ.

Хэвлэлийн хурлаар дараах мэдээллүүдийг мөн танилцууллаа. Үүнд:

  • Монгол Улс PISА үнэлгээнд хамрагдахын тулд 2018 оноос Эдийн засгийн хөгжлийн хамтын нийгэмлэг, Дэлхийн банк, Шинжлэх ухааны яам хооронд гэрээг байгуулж эхлүүлсэн.
  • PISA нь 2000 оноос эхлэн зохион байгуулж байгаа үнэлгээ. Үнэлгээ хийх хугацаа 2021 он байсан боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хойшилсон тул тусгай судалгаа явагдсан. Харин энэ онд үндсэн судалгаа явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
  • PISA нь суурь боловсрол эзэмшсэн суралцагч амьдрал ахуйдаа хэрхэн, яаж ашиглаж сурсан байна вэ гэдгийг ил болон тандан судлах түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилготой үнэлгээ, судалгааны ажил юм.
  • PISA судалгаанд хамрагдах улс орнуудын тоо жил бүр нэмэгдэж байна. 2015 онд 72 улс орон хамрагдаж байсан бол энэ жил 88 орон болтлоо өссөн. Судалгаа компьютерт суурилсан, цаасанд суурилсан гэж хоёр хэлбэрээр явагддаг. Үүнээс компьютерт суурилсан судалгааг улс орнууд илүү сонгох болсон аж.

Э.Мишээл