О.Энхтүвшин: Газар хөдлөлтийн улмаас үүссэн ан, цаваар голын ус урсаж Ренчинлхүмбэ сумын айлууд үерт автаад байна

О.Энхтүвшин: Газар хөдлөлтийн улмаас үүссэн ан, цаваар голын ус урсаж Ренчинлхүмбэ сумын айлууд үерт автаад байна

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум шар усны үерт автаж, олон айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Тус сумын Цагаан булаг гэх голын урсац, өнгөрсөн жил Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн улмаас сумын төв рүү хальж урсах болсон байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд нөхцөл байдал ямар байгаа талаар тус сумын Тамгын газрын дарга О.Энхтүвшинтэй ярилцлаа.

ВИДЕО: 

-ЕСӨН АЙЛ БҮРЭН УСАНД АВТААД БАЙНА. СУРГУУЛЬ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР Ч УСАНД АВТАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА-

-Ренчинлхүмбэ сум шар усны үерт автаад байна гэх мэдээлэл байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-За. Манай суманд анх 2021 оны хавар шар усны үер хальж эхэлсэн. Тэр үед нэлээн арга хэмжээ авч, айлуудаа нүүлгэн шилжүүлж далан босгох зэргээр шар устайгаа “тэмцэж” ажилласан. Энэ жилийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас эхлээд шар ус хальж айлууд усанд автаж эхэлсэн. Сумын төвөөс 200-300 метрийн зайтай Цагаанбулаг гэх гол байдаг. Тэр гол хайлж, шар усны эх ундарга болоод байна. Дэлхийн дулааралтай холбоотой байх. Дээхэн үед энэ гол эх дээрээ хахаад, хавчаад өөр тийшээ урсдаг байсан. Гэтэл одоо доогуураа урсаж хальдаг болсон. Үүнээс үүдэлтэйгээр сумын төвийн айлууд руу орж ирсэн. Нөхцөл байдал хүндрээд байна. Сумын Онцгой комиссоо хуралдуулж тодорхой шийдвэр гаргаад нэгдүгээр сарын 11-ны өдрөөс хойш төрийн албан хаагч, иргэдээ дайчилж өнөөдрийг хүртэл шар устайгаа тэмцэж байна. Өнөөдрийн байдлаар манай төрийн албан хаагчид дайчлагдаж шар усны гольдрилыг өөрчлөхөөр далан босгохоор ажиллаж байна. Нийт есөн айл бүрэн усанд автсан. Тэр айлуудаа нүүлгэн шилжүүлж хөрөнгийг нь авран хамгаалсан. Удахгүй дулаарна. Дулаарахаар мөс нь хайлж шар ус нэмэгдэнэ. Шар усны үер нэмэгдвэл сумын төв рүү гээ орж сургууль болон Засаг даргын тамгын газар хүртэл усанд автах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхээр зорилгоор сумын төвийнхөө урд талын хэсгийн автозамыг сэтлээд усыг өөр тийш урсган халиаг гаргаж байна. Мөн өөр бусад олон айл усанд автчихсан хүнд байдалд байгаа.

-Шар усны гольдрилыг өөрчлөх ажилд нийт хэдэн төрийн албан хаагч ажиллаж байна вэ. Хүн хүч, техникийн хувьд хүртээмжтэй байж чадаж байна уу?

-Өнөөдрийн байдлаар 60 орчим ажилтан, албан хаагч нэг том машин, экскаваторыг ажиллуулж байна.

Үерт автсан айлуудыг хааш нь нүүлгэн шилжүүлсэн бэ. Орон байрны асуудлыг нь хэрхэн шийдэж өгсөн бэ?

- Орон байрны асуудал нь шийдэгдэх боломжгүй. Усанд автсан айлуудын зарим нь ах, дүүсийнхээ эзгүй хашаа байшинд нүүж орсон. Зарим нь мөн хамаатныхаа хоосон байшинд гэрийн доторх, тавилга эд хөрөнгөө хураасан. Аав, ээж, ах дүүсийнхээ хашаанд гэр барьсан айлууд ч бий.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум. 2022.03.10

-Усанд автсан айлуудын нийт хохирлын хэмжээг тогтоосон уу. Ер нь хэр хэмжээний хохирол учирсан бэ?

- Одоогоор бид тогтоогоогүй байна. Усанд автсан айлуудын тавилга бусад эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлчихсэн. Нөгөө айлын хашаа байшин, техник хэрэгсэл усанд үлдсэн. Нийт усанд автсан айлуудынхаа хохирлыг тогтоохоор ажлын хэсэг гарган ажиллаж байна.

-Дараа жил шар усны үерт айлуудыг автуулахгүй байх нөхцөл байдлыг яаж бүрдүүлж байгаа вэ?

-Шар усны үерээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулаад ажиллаж байна. Сумын төвийнхөө дээд талд далан босгох зэрэг төлөвлөлтийг хийж байгаа. Гэхдээ шар ус нь олон газраас дэлбэрч байгаа. Эрүүл газар, айлын хашаан дотроос дэлбэрч гарч байгаа учраас далан босгосон ажил үр дүнд хүрэхгүй байх магадлалтай. Бид бүхний  цаашид барих гол бодлого бол үерт автаж буй айлуудаа нүүлгэн шилжүүлэх. Газар зохион байгуулалтыг дахин хийх. Энэ айлуудыг нүүлгэх ерөнхий төлөвлөлттэй байна. Тэгэхгүй бол дараа жил шар усны үер дахин болохоор байна. Маш их хэмжээний ус хуримтлагдаж, хайлж, дэлбэрч нэлээдгүй айлд хохирол учруулах магадлалтай.

Голын ус гольдрилоосоо халих шалтгаан нөхцөлийг юу гэж тодорхойлж байгаа вэ?  

-2021 онд 6.4 магнитуудын газар хөдлөлт болсон. Тиймээс байгаль, цаг уурын өөрчлөлт, газар хөдлөлтөөс үүдэлтэйгээр үүссэн ан цаваар хальсан ус урсаж байна. Мөн газрын гүний ус энэ хэсгээр нэвчиж гарч байна гэсэн ерөнхий дүгнэлттэй байгаа.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум. 2022.03.10

-АЙЛУУДЫН БОХИР ХАЛЬЖ ЦЭВЭР УСНЫ УНДАРГЫГ БОХИРДУУЛААД БАЙНА-

Шар усны үерээс үүдэлтэйгээр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан уу. Иргэн гэмтэж, бэртсэн үү?

- Нэлээдгүй сөрөг үр дагавар бий ч хүний амь нас хохирсон тохиолдол гараагүй байна. Нэгдүгээрт, хүний эд хөрөнгө маш ихээр хохирч байна. Зарим айлын хашаа, байшин, машин усанд автчихаад байна. Хоёрдугаарт, эдгээр айлын ариун цэврийн байгууламж шар усны үерт автчихаад байна. Сумын төвийн айл өрхүүд маань Цагаан булгийн голоосоо цэвэр усны хэрэгцээгээ хангадаг. Гэтэл цэвэр усны асуудал хүнд байдалд орж байна. Цэвэр усны хэрэгцээнд асуудал үүссэнтэй холбоотойгоор өнгөрсөн жил Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссоос тодорхой шийдвэрийг гаргасан. Тодруулбал, цэвэр усны автоматыг барьж өгсөн. Одоо бид нар цэвэр усаа 5-10 км зайнаас зөөж байна. Айлуудын бохир хальснаас болж Цагаан булгийн гол маань маш их бохирдож, байгаль экологид аюул тулгараад байна.

Тэгэхээр ариутгал, халдваргүйтлийн ажлыг хийх юм байна. Тийм үү?

- Ариутгал, халдваргүйтлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд яаж, хэрхэн хийхийг мэдэхгүй байна. Бидний хувьд одоо хийж буй ажлаа цэгцэлсний дараа хальсан шар ус газарт шингэх, гольдрилоороо урсвал айлуудынхаа ариун цэврийн байгууламж, гол усандаа ариутгал халдваргүйтлийг хийх бодолтой байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум. 2022.03.10