“Уухай” Анхаа: Зуны олимпоос хойш хүүхэд, залуус скейтбордыг сонирхох нь нэмэгдсэн

“Уухай” Анхаа: Зуны олимпоос хойш хүүхэд, залуус скейтбордыг сонирхох нь нэмэгдсэн

“Токио 2020” зуны олимпд skateboarding /скейтборд/ төрөл шинээр нэмэгдсэн. Урин дулааны улиралд гудамж, талбайд гараад хичээллэх боломжтой энэхүү спортын төрлийн талаар “Бид Монголд скейтбордоор гулгадаг, гулгах гэж байгаа, гулгахыг мөрөөддөг бүхий л залууст сурсан мэдсэнээ зааж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирна” гэх зорилготой “Уухай” скейтбордын холбооны гишүүн Ч.Анхбаяртай уулзаж ярилцлаа. 

ВИДЕО:

-Бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу, намайг Чинзоригийн Анхбаяр гэдэг. Би “Uukhai” холбооны скейтер. Скейтбордоор гулгаад 9 жил болж байна.

-Скейтээр гулгаж сурахад амархан харагддаг?

-Скейт анх сурч байхад тэнцвэрээ олоход хэцүү байдаг. Тэнцвэрээ олоод скейтборд, бие хоёроо зэрэг мэдрээд эхлэхээр чөлөөтэй болчихдог. Тэгэхээр жаахан амархан харагддаг байж магадгүй.

-Чанаргүй скейтээс болж бэртэл гэмтэл авч болох уу?

-Проскейт гээд байдаг. Сайн, чанартай гэх юм уу, ийм скейт дээр гулгах, үсрэх, өөр бусад хөдөлгөөн хийх зэрэгт гүйцэтгэл илүү байдаг. Чанаргүй скейт дээр тэнцвэрээ олоход хэцүү, дугуй нь зууралдаад явж өгдөггүй. Түүнээс болж бэртэл авдаг.

-Зориулалтын гутал ямар чухал вэ?

-Скейтийн гутал гэж тусдаа байдаг. Хамгийн нийтлэг нь Vans. Скейтэн дээр хөлөө тавихад тавцангаа бүрэн мэдэрч байх ёстой. Тиймээс хавтгай ултай, улавч нь доргилтоос хамгаалж үсрээд буухад доргилтыг тарааж өгдөг, зөөлөн гутлууд байдаг. Тавцангийн дээд тал зүлгүүр аятай цаас байдаг болохоор элгэн, арьсан гутлууд тохиромжгүй.

-Тавцангаа норгохгүй байх хэрэгтэй гэдэг?

-Тавцанг модоор хийдэг. Чанарыг нь хадгалахын тулд тавцангаа норгохгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй.

-Гулгаж сурахад багш заавал хэрэгтэй юу? Хэнд хандах вэ?

-“Skateboard Mongolia” гэсэн группэд ороод заалгаж болно. Ер нь анхнаасаа хүнээр заалгуулж сурвал зүгээр. Өөрөө сурвал бэртэх байх.

-Гулгахын өмнө ямар нэг дасгал хөдөлгөөн хийдэг үү?

-Миний хувьд өлмий дээрээ босож суудаг дасгал хийдэг. Зөв унах техник гэж байгаа. Тэр чухал. Жингээ тарааж зөөлөн эдээрээ унана.

-Өнгөрсөн жил Японд болсон Зуны Олимпоор скейтбординг анх удаа нэг төрөл болж орсон. Манайд хөгжих боломж байна гэж бодогдсон?

-Тийм. Түрүү жилээс эхлээд скейтээр гулгах хүүхдүүд нэмэгдэж байна. Дөнгөж нэг, хоёр жил гулгаж байж авьяастай хүүхдүүд гараад ирчихсэн. Скейт Монголд хөгжих боломжтой. Ганц асуудал нь бид нарт тэмцээн уралдаанд оролцоход зардал, тэмцээнд зориулсан байр, талбай байхгүй болохоор тэмцээний шаардлагын дагуу бэлтгэл хийхэд асуудалтай байдаг. Бусдаар хүүхэд, залуусын чадвар сайн.

-Энэ төрлийн спортыг дэмждэг байгууллага байдаг уу?

-Манайд скейтийг дэмжиж байгаа газрууд гэвэл, саяхан бид Юнителийн U brand, GerНub, скейт шопуудтай хамтарч ажилласан. Ихэвчлэн контент хийх, үйл ажиллагааг дэмждэг. Бас хувь хүмүүс тусалдаг.

-Холбооныхоо талаар танилцуулаач?

-“Uukhai” холбоо анх Одко, Эдди, Куша, Сэкэ гэсэн дөрвөн гишүүнтэйгээр 2012 онд үүсгэн байгуулагдаж байсан. Холбоо Монголдоо скейт хөгжүүлэх, түгээх, дэлгэрүүлэх, скейт парк барих гэсэн зорилготой байгуулагдсан.

-Нэмж хэлэх юу байна вэ?

-Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайн адил зориулалтын гулгах талбайтай байвал олон нийтийн газраар гулгахгүй, мөн энэ төрлийн спорт хөгжих боломж байгаа гэж хардаг.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Э.МИШЭЭЛ