Хөшигийн хөндийд байгуулах дагуул хотод 50 мянга орчим өрх шилжин суурьших тооцоолол гарчээ

Хөшигийн хөндийд байгуулах дагуул хотод 50 мянга орчим өрх шилжин суурьших тооцоолол гарчээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эхэсийг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь хүн амын төвлөрөл нэг газраа хэтэрснийг харуулж байгаа гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тогтоолын төслийг танилцуулахдаа дурдав. Жилд дунджаар нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд нийслэл хотноо шинээр шилжин, суурьшиж, жил бүр 70-80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгддэг гэх тоо баримт байдаг. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь хүн амын төвлөрлийн гол шалтгаан болж байгаа гэдэг судалгааны дүнг мөн дурдав.

Уул уурхайн экспортоос хэт хамааралтай байгаа Монгол Улсын “хүрэн” эдийн засгаа солонгоруулж, аялал жуулчлал болон худалдаа, үйлчилгээний салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг төслийн танилцуулгад тэмдэглэжээ. Иймд аялал жуулчлалын салбарт нэн шаардлагатай байгаа олон улсын стандартад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг бий болгохыг зорьж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн 1000 га газарт аялал жуулчлалын цогцолбор, мэдээлэл технологийн кластер, олон улсын санхүү, бизнесийн үйлчилгээний төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн байна.

Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50-60 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд томоохон хувь нэмэр болно хэмээн төслийн танилцуулгын үеэр БШУ-ны сайд хэллээ. Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндийдшинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон бий болж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангасан, үндэсний өв соёл, уламжлалыг хадгалсан ухаалаг, эко суурьшлын бүсийг байгуулах нөхцөл бүрдэх аж. Хөшигийн хөндийд байгуулах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын замын түгжрэл 15 орчим хувь, 1 ам дөрвөлжин метр талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурах тооцоолол гарсныг төслийн танилцуулгад дурдав.

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Хөшигийн хөндий орчимд иргэн, аж ахуйн нэгжүүдийн хашаалсан олон газар байгаа гэдгийг онцлоод газар чөлөөлөлтийг хэрхэн хийхийг тодруулав.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас, “Хөшигийн хөндийд Шинэ Зуун мод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахтай холбогдуулан нийтдээ 31 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан. Тухайлбал, 2010 онд анх 12 мянган га газар буюу нисэх буудлын орчмыг, 2021 онд 19 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан. Өмнө нь авсан 12 мянган га газар дээр газар чөлөөлөлтийг бүрэн хийсэн. Сүүлд авсан газарт газар чөлөөлөлтийг хийх ажлын баг байгуулсан. Өнөөдрийн байдлаар 232 нэгж эзэмшигчийн эрхийг хүчингүй болгоод байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд дэд бүтцийн асуудлыг хэрхэн үшийдвэрлэхийг тодруулав. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт, “Дэд бүтцийн хувьд ерөнхий төлөвлөгөө нь хийж байгаа. Дэд бүтцийг хариусан захиргаа байгуулж, төсөвт 35 тэрбум төгрөг тусгасан. Олон улсын жишгээс харахад мэдээллийн технологийн кластер эхэлж байгуулах нь зүйтэй юм билээ. Үүнийгээ дагаад аялал жуулчлал, тээвэр ложистик хөгжих боломжтой. Нисэх буудалд төвлөрсөн чөлөөт бүсүүдийг харахад ихэнх нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьсан байдаг” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Хөшигийн хөндий рүү төрийн байгууллагуудыг шилжүүлэх шийдэл гаргасан эсэхийг тодрууллаа. Мөн тэрбээр төрийн байгууллагуудыг шилжүүлбэл чөлөөт бүс бус суурьшлын бүс болчно гэв.

Тогтоолын төслийн ажлын багаас, “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар төрийн зарим байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ үе шаттай, төлөвлөгөөний дагуу хийнэ. Хөшигийн хөндийн шинэ хот болох Шинэ зуун мод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яамнаас боловсруулж ирэх дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Энэ хүрээнд Шинэ зуун мод хот руу зарим төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ. Нэгдсэн байрын зураг төслийг боловсруулах ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газар дээр төрийн байгууллага байршихгүй. Өөр бүсэд байршина” гэсэн хариулт өглөө.

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, “Эдийн засгийн чөлөөт бүс дээр судалгааны ажлыг маш сайн хийж байна. Дэлхийн 150 оронд 5400 гаруй чөлөөт бүсийн 83 нь 2000 оноос хойш нисэх буудлыг түшиглэн байгуулсан байдаг. Хөшигийн хөндий жилд 2.5 сая хүн тээвэрлэх боломжтой. Угтах үйлчилгээг нь хамт тооцоход жилдээ 7.5 сая хүнд үйлчилнэ. Цаашдаа аялал жуучлалын салбарыг эдийн засгийн бүс дээр хөгжүүлэх нь өндөр ашигтай. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд жуулчдын тоог 1-2 саяд хүргэвэл ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 7-10 хувьд хүрнэ. Эдийн засгийн чөлөөт бүс дээр аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна. Олон улсын санхүүгийн үйлчилгээг бий болгосноор гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжтой” гэлээ.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Улмаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр хаалттай горимд шилжив.