10 ОРНЫ ХЭЛИЙГ БИЕ ДААН СУРСАН Б.ОРГИЛ: Интернет байгаа цагт хэлийг заавал орчинд нь очиж сурах шаардлагагүй гэж боддог

10 ОРНЫ ХЭЛИЙГ БИЕ ДААН СУРСАН Б.ОРГИЛ: Интернет байгаа цагт хэлийг заавал орчинд нь очиж сурах шаардлагагүй гэж боддог

Сүүлийн үед хүмүүс “боловсрол” гэдэг зүйлийг ихэд чухалчлах болсон. Тэр ч утгаараа олон орны хэлээр ярьж сурах сонирхолтой хүмүүс ихэссэн гэж хэлж болно. Гэвч арга барилаа олоогүйгээс шантарч, цаг заваа үрэх нь бий. Иймээс бид 10 гаруй орны хэлийг бие даан сурсан Б.Оргилтой ярилцлаа. Тэрбээр 20 наснаасаа олон орны хэлийг сурч эхэлсэн бөгөөд өөрийн арга туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм.

ВИДЕО:

-ӨӨРТЭЙГӨӨ НАС ЧАЦУУ ЗАЛУУГ 20 ОРНЫ ХЭЛЭЭР ЯРЬЖ БАЙГААГ ҮЗЭЭД УРАМ ЗОРИГ АВЧ, ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН-

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Одоо аль улсад амьдарч байна вэ?

-Сайн байцгаана уу.  Намайг Б.Оргил гэдэг Лондон хотод ажиллаж, амьдардаг. Энд ирээд 13 жил болж байна. Хэл сурах, зураг зурах гэх мэт төрөл бүрийн зүйл хийх дуртай хүн байна.

-Таныг олон орны хэлээр ярьдаг гэдгээр нь зарим хүн андахгүй байх. Өнөөдрийн байдлаар хэдэн хэлийг бие даан сураад байна?  

-Таваас зургаан орны хэлээр сайн ярьж чадна. Үүнээс гадна хүмүүстэй ойр зуурын зүйлс ярих хэмжээнд тав гаруй орны хэл сурсан. Нийлээд арав гаруй хэлтэй гэх юм уу. Англи, монголоор төрөлх эх хэл шигээ ярьдаг. Мөн Франц, Итали, Испани, Орос, Герман, Хятад хэлтэй. Одоо Турк, Араб хэлүүдийг сурч байгаа.

-Хэлийг бие дааж сурдаг уу. Хамгийн анх ямар орны хэлийг сурч эхэлж байв?

-Тийм. Ер нь бол бүгдийг нь бие дааж сурсан. Харин Англи хэлийг Монголд багаасаа сурч байгаад 13 настайдаа энд ирж, сургуульд орсон болохоор арай бие дааж сурсан гэж хэлж болохгүй байх аа.

-Нэг хэлийг сурахад ойролцоогоор хэчнээн хугацааг зарцуулж байна. Харилцан адилгүй байдаг уу?

-Англи хэлийг сурахад хамгийн их хугацаа зарцуулсан байх. Ярих хэмжээнд хүртэл сурахад бүх хэлэнд адилхан хугацаа зарцуулсан. Миний хувьд 10, 20 цагийг зарцуулахад хамгийн энгийн түвшинд хүмүүстэй “сайн байна уу” гэхээс эхлээд танилцах, дэлгүүрээс юм авахад өөрийгөө ойлгуулах зэрэг ойр зуурын зүйлс ярих хэмжээнд тухайн хэлийг сурчихдаг. Мэдээж хэлийг өндөр түвшинд суръя гэвэл түүнд дөт зам гэж байхгүй. Заавал олон мянган цагийг зарцуулах ёстой. Миний хувьд Англи хэлийг сурахад 20 мянгаас дээш, Франц хэлийг сурахад мянгаас дээш цаг зарцуулж байж маш сайн ярьж сурсан.

-10 гаруй орны хэл сурна гэдэг тийм ч амархан зүйл биш байх. Танд хэл сурах урам зориг өгсөн зүйл нь юу байв?

-Манай гэр бүлд гурав, дөрвөн хэлээр ярьдаг цөөнгүй хүн бий. Жишээ нь ээж маань таван орны хэлээр ярьдаг. Бага байхаасаа ээжийгээ харж өссөн учраас би ч гэсэн тийм болно гэсэн бодол байсан. Гэхдээ 20 нас хүртлээ ерөөсөө оролдоогүй. 16, 17 настайдаа өөртэйгөө нас чацуу Тим Донер гэдэг залууг 20 хэлээр ярьж байгааг “Youtube” дээрээс үзээд маш их урам зориг авсан. Ингээд сүүлийн зургаан жил тасралтгүй хэл сурч байна даа.

-ХЭЛНИЙ АВЬЯАСГҮЙ ХҮН ГЭЖ БАЙДАГГҮЙ. ӨӨРИЙГӨӨ АВЬЯАСГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ХАМГИЙН МУНДАГ ХҮНТЭЙ ХАРЬЦУУЛАХ ХЭРЭГГҮЙ-

-Хэл сурах арга техникийн талаар ярилцъя. Та аливаа орны хэлийг шинээр сурахдаа ямар арга барил ашигладаг вэ. Яг өөрийн туршлага дээрээс яривал?

-Сурч буй тухайн хэл маань латин гэх мэт амархан үсэгтэй байвал шууд уншиж сурдаг. Харин Араб, Хятад гэх мэт хэлнүүдийг үсгийг нь сайн уншиж чадахгүй учраас ярианаас нь шууд сурч эхэлдэг. Мэдээж тухайн хэлнээсээ хамаарна л даа. Жишээлбэл, Турк маш амархан цагаан толгойн үсэгтэй учраас дуудлагыг нь хүртэл хамт сурахад хялбар. Ямар ч хэлэнд хамгийн их хэрэглэгддэг үйл үг гэж байдаг шүү дээ. Жишээ нь хүсэх, явах, бодох гэх мэт. Миний хувьд тэр үйл үгүүд болон та, чи, бид гэх мэт төлөөний нэрүүдийг сайн ашиглаж сурдаг. Хэл сурах эхний тав, арван цагийг яг үүн дээр л зарцуулдаг. Үүнээс гадна аль ч хэлийг сурахад дуудлага маш чухал.

-Дуудлага гэснээс хэл сурч буй зарим хүн яг л уугуул иргэн шиг цэвэр дуудлагатай байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавиад байдаг шүү дээ. Үүн дээр та ямар бодолтой байна?  

-Уугуул иргэн шиг дуудлагатай байх ёстой гэж би хэлэхгүй. Гэхдээ тийм байх нь маш их давуу тал болно. Тэр ч утгаараа уугуул иргэн шиг цэвэр дуудлагатай байхыг маш их дэмждэг. Аль болох тийм байхыг хичээх хэрэгтэй. Дуудлага сурна гэдэг “beatbox” хийхтэй төстэй. Би багадаа олон дахин оролдож, давтаж байж “beatbox” хийж сурсан юм. Эндээс анзаарсан зүйл бол хүн аливаа зүйлийг оролдоод л байх юм бол өмнө нь амаараа гаргаж чаддаггүй байсан авиагаа хүртэл гаргаж чаддаг юм байна лээ. Аялга, дуудлага ч гэсэн үүнтэй адил гэсэн үг.

-Зарим хүн би огт хэлний авьяасгүй гэж ярьдаг. Таны бодлоор үнэхээр хэлний авьяасгүй хүн гэж байдаг уу?

-Хэлний авьяасгүй хүн гэж байхгүй гэж бодож байна. Гэхдээ хэн нэгэн хүн хэн нэгнээс илүү авьяастай байх нь боломжтой л зүйл. Тэглээ гээд арай муу байгаа хүн нь огт сурч чадахгүй гэсэн үг биш. Хэрвээ өөрийгөө авьяасгүй гэж бодож байвал хамгийн мундаг хүнтэй харьцуулах хэрэггүй. Авьяас гэдэг зүйл нэг төрлийн ур чадвар учраас давтах тусам сайжирдаг. Миний бодлоор хүүхдийг аливаа зүйлийг сурах гэж оролдож эхэлж байх үед нь магтаж, урам өгч байх хэрэгтэй. Тэгвэл тухайн хүүхэд муу хийж байсан ч өөрийгөө авьяастай гээд итгэчихдэг. Тэр итгэл үнэмшил маш чухал. Тэр итгэл үнэмшлээр хүүхэд олон дахин оролдож, өөртөө итгэлтэй болдог.

-Ээж тань таван орны хэлээр ярьж чаддаг гэсэн шүү дээ. Ээж, аав тань хэл сурах тал дээр ямар зөвлөгөө өгдөг байв?

-Манай ээж ямар ч зөвлөгөө өгч байгаагүй. Хэл зааж ч өгч байгаагүй. Саяхан 20 хүрчхээд л Орос хэл сурч, дуудлагаа ээжээр засуулдаг болсон. Ээж маань намайг бүр бага байхад англи руу явчихсан юм. Би аавтайгаа өссөн. Аав маань хэлний багш. Гэхдээ надад зааж өгч байгаагүй. Ээж, аав маань надад зааж өгөх гэхээсээ илүү үлгэр жишээ болсон байх.

-БИ СУРСАН ЗҮЙЛЭЭ ТОГТМОЛ МАРТДАГ. ТЭГЭХ ТУСМАА ТУУШТАЙ ДАВТДАГ-

-Зарим хүний хувьд хэлийг орчинд нь очвол илүү хурдан сурдаг гэдэг шүү дээ. Таны хувьд орчинд нь очиж хэлийг сурсан уу?

-Би бараг бүх хэлээ өөрөө бие дааж сурсан. Орчинд нь биш гэсэн үг. Яахав англи хэлийг нэлээн сайн сурчихсан хойно орчинд нь ирсэн. Бусад бүх хэлийг, жишээ нь би Францаар ярьдаг хэрнээ Францад очиж үзээгүй. Италиар ярьдаг хэрнээ Италид очиж үзээгүй. Мэдээж орчинд нь очих юм бол хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, ярих боломж их гарна. Хоёрдугаарт, ярихаас өөр аргагүй байдалд орох учраас амьдралын шахалтаар хүчээр сурдаг. Тэр шаардлагыг өөртөө бий болгож болно. Техник, технологийн эрэн үед интернет гэдэг зүйл байхад хэлийг заавал орчинд нь очиж сурах шаардлагагүй гэж бодож байна.

-Хүмүүс нэг цээжилсэн зүйлээ хэд хоногийн дараа мартчихдаг. Нэг сурсан хэлээ ашиглахаа болиод ирэхээр бас л мартчихдаг. Таны хувьд ийм асуудалтай хэр тулгардаг вэ?

-Мартах гэхээсээ өмнө хүний тархи аливаа зүйлийг тогтоохдоо яаж ажилладаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Нойр их чухал. Аливаа нэг шинэ мэдээллийг хүлээж авсны дараа 5 минут ч юмуу давтчихаад орой нь бүтэн цагийн нойр авч, маргааш өглөө нь эсвэл хэд хоногийн дараа эргэн сэргээх хэрэгтэй.  Хэрэглэхгүй удвал мэдээж мартана. Нөгөө талаар хангалттай олон цагийн нойр авч чадаагүй, хангалттай олон давтаагүй учраас хангалттай гүнзгий суугаагүй ой санамжууд үүсэж мартдаг. Ингээд л шантардаг. Би сурсан зүйлээ тогтмол мартдаг. Тэгэх тусмаа тууштай давтдаг. Хамгийн олон нойр авч, хамгийн олон удаа давтсан зүйлс миний ой санамжид гүнзгий суучихсан байдаг.

-Хэлийг сурахдаа тухайн орны хүн шиг сэтгэх хэрэгтэй гэдэг үгийг цөөнгүй сонсож байлаа. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Ер нь бол тийм. Тэмүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш насаараа Монголд амьдарч, монголоор ярьсан хүн шууд “англиар сэтгэ” гэхэд англиар сэтгэчихнэ гэж байхгүй. Нэлээдгүй цаг хугацаа орох байх. Юун түрүүнд яавал англиар сэтгэх вэ, англиар сэтгэнэ гэж юу яриад байгааг ойлгох хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ бол өгүүлбэрийн бүтцийн дарааллыг англиар сэтгэнэ гэж бий. Монгол хэлэнд тийн ялгал гэж зүйл байдаг болохоор үгнүүдийг нь хаана ч оруулсан утгаа алддаггүй. Англи хэлэнд гэтэл "-ийг" гэсэн тийн ялгал байдаггүй атал үг нь ямар дараалалтай байгаагаас хамаарч орчихсон байдаг. Дараа нь бүр сэтгэхүйн асуудал байна.

Хэрэглэж байгаа үг, яаж ярьж байгаа соёл гэх мэт арай өөр үг хэлж, өөрөөр сэтгэх хэрэгтэй. Үүнийг сурахын тулд маш их хэмжээгээр “imput-consume” хийх хэрэгтэй. Тэр хэлийг ашиглаж, хэрэглэж, хүлээж авах хэрэгтэй гэсэн үг. Чихээрээ сонсож, нүдээрээ унших хэрэгтэй.

-Хэлийг төгс сур гэдэг. Үнэхээр төгс сурах чухал уу?

-Зорилгоосоо л хамаарна. Төгс сурна гэдэг нь өөрөө маш олон, мянган цаг, өндөр хэмжээний төвлөрөлтэй, зорилготой хөдөлмөр шаарддаг. Үнэхээр төгс сурсан хүнийг би үнэлнэ. Гэхдээ хүн болгон төгс сурах шаардлагатай юу гэвэл өөр асуудал. Гадаад яваад хоёр жил ажил хийгээд буцаад Монголдоо ирэх гэж байгаа хүн төгс сурах шаардлагагүй. Алдаатай ярьж болно. Төгс ярих ёстой гэдэгт ерөөсөө санаа зоволтгүй. Харин сайжрах дээр л байнга анхаарах ёстой. Өчигдрөөсөө, өнөөдрөөсөө шат ахих хэрэгтэй.

-Та хэл сурсан туршлага, зөвлөгөө бүхий бичлэгүүдийн цахим хуудастаа идэвхтэй байршуулдаг. Ер нь энэ төрлийн бичлэг, контент хийх санаа сэдэл хэрхэн төрж байв?

-Би их бүтээлч хүн. Аав, ээж хоёр маань хоёулаа багш мэргэжилтэй. Тэр нь ч надад нөлөөлсөн байх. Би сурах, заах сонирхолтой. Одоо энд амьдардаг Монгол хүүхдүүдэд багшилдаг. Бүр 15,16 настайдаа гэрээр тооны багш хийдэг байлаа. Ирэх жил Монголд очоод хөдөө нутагт амьдардаг хүүхдүүдэд хэл зааж өгөх талаар бодож байна. Ер нь өөрийн сонирхол, хобби дээрээ үндэслэж сүүлийн тав зургаан жил хэл сурах гэх мэт контент хийж байна даа.  

-Хэл сурч байгаа хүмүүс, сурахыг хүсэж байгаа хүмүүс тань руу хэр их хандаж байна?

-Мянгаас ч олон хүнээс би фейсбүүкээр мессеж хүлээж авсан. Хамгийн олон ирдэг мессеж нь “би ийм хэл сурч байна. Хаанаас эхлэх вэ. Яаж хурдан сурах вэ” гэдэг. Яаж ч хамаагүй эхлэх нь хамгийн чухал. Нарийн яривал төлөөний үг, хамгийн их хэрэглэгддэг цөөн хэдэн үйл үгийг сурахаас эхэлнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө