Ю.Болдбаатар: Хүлэгү хааны барьж байгуулсан хот болохыг баталсан нэн чухал олдворуудыг Туркээс илрүүллээ

Ю.Болдбаатар: Хүлэгү хааны барьж байгуулсан хот болохыг баталсан нэн чухал олдворуудыг Туркээс илрүүллээ

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй Монгол-Туркийн судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгоноос Аладагийн ордон хэмээх 13-р зууны Монголын эзэнт гүрний Ил Хаант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны байгуулсан хотыг илрүүлсэн. Тэгвэл Монголын доктор, эрдэмтэд судалгааны ажлын талаар мэдээлэл хийлээ.

-МОНГОЛЫН СУДЛААЧИД ТҮҮХЭНД АНХ УДАА ХИЛИЙН ЧАНАДАД ӨӨРСДИЙН ӨВӨГ ДЭЭДСИЙН ДУРСГАЛАА АЛБАН ЁСНЫ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ СУДАЛЛАА-

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, до-ктор Д.Анхбаяр “Турк улсын Соёлын яамны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр археологийн хайгуул шинжилгээний ажлыг Турк улсын Ван аймгийн нутагт хийлээ. Тулуй хааны отгон хүү Хүлэгү 1252 онд Монголоос гарч Ираныг эзлэн, Сирийн дайнд явах замдаа буюу 1259 онд Алада гэдэг уулын дэргэдүүр дайрч өнгөрөхдөө уг газрын нутаг, бэлчээрт дурлаж Лавтай сагут буюу Лавтай суух газар хэмээн нэрийдсэн байдаг. Тэр ч байтугай зарим судлаач Монголчуудаас хойш “Алатаг” гэдэг нэртэй болсон гэдэг. Энэ нь Алга уул гэсэн монгол түрэг холимог үг гэж үздэг. Энэ газрын нутаг, бэлчээр Монголтой төстэй байсан учир Хүлэгү хаан зарлиг буулгаж, 1261-1265 оны хооронд нийт дөрвөн жил энэ ордныг бариулах ажлыг хийсэн. Энэ ордныг барьж байх хооронд нүдээр үзсэн гэрчүүд тэмдэглэж үлдээсэн.

1265 онд энэ ордон ашиглалтад орсны дараа очиж үзсэн зочдын тэмдэглэснээр Буддын шашны хоёр сүм, хааны ордон, Хүлэгү хааны хатны байгуулсан катологийн ариун сүм зэрэг олон тооны сүм байсныг хэлсэн байдаг.

Гэхдээ энэ бол монгол загварын ордон. Ялангуяа Буддын шашны лам нар маш их нөлөөтэй байна гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. Мөн Төрийн их хуралдай 1265 оны долдугаар сард наадам хийсэн гэж очиж үзсэн амьд гэрчийн сурвалж бичиг бий. Тэр ч байтугай 1291 оны долдугаар сард Ил хаант улсын Гайхатугийн хаан ширээнд суух ёслол энэ ордонд болсон гэж сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин 1340-өөд онд Ил хаант улс задарсны дараа Монголын Жалайр болон Сүлдүс аймгийн ноёдын хооронд болсон тулалдааны үеэр уг ордон сүйрч, ашиглагдахгүй хаягдсан гэж сурвалжид бичсэн байна. Хүлэгү хаан Монголоос гараад есхөн жил болсны дараа уг ордныг байгуулсан. Энэ бол монгол загварын тэр ч байтугай Хархорум хотын судалгаанд жишээ болгон ашиглаж болохуйц ордны туурь байсан гэдэг таамаглалтайгаар бид судалгааны ажлаа эхлүүлсэн.

Хамгийн гол онцлог нь Монголын археологийн түүхэнд анх удаа манай судлаачид бие дааж хилийн чанадад өөрсдийн өвөг дээдсийн дурсгалаа албан ёсны зөвшөөрөлтэй судаллаа” гэв.

-ХРИСТИЙН ШАШНЫ БИБЛИД ГАРДАГ ДОМГООС СЭДЭВЛЭСЭН ДУРСГАЛ ДУНД МОНГОЛ ХҮНИЙ ТӨРХТЭЙ ТУСГАЙЛАН ШИГТГЭЖ ХИЙСЭН ДУРСГАЛУУД БАЙСАН-

Монголын археологичдын холбооны удирдах зөвлөлийн дарга, доктор Ю.Болдбаатар “Бидний эрэл хайгуул хийсэн бүс нутаг Ираны хилтэй маш ойрхон. Монголчуудын түүхтэй холбоотой цөөнгүй газруудаар явж, дурсгалуудыг олж илрүүлэн, баримтжууллаа. Түүний дотор Ван нуурын голд байрлах Агт Амар хэмээх арал дээрх Христийн шашны сүмд Библид гардаг домгуудаас сэдэвлэсэн дүрсүүдийг гаргасан дурсгал дотор Монгол хүний төрхтэй, тусгайлан шигтгэж хийсэн дурсгал байсан. Хувцас, хэрэглэлээс нь эхлээд морины хударга, дөрөө, хүний дүр төрх, царай, малгай, гэзэг, нум, сум нь яалт ч үгүй монгол хүн байсан. Судлаачдын үзэж буйгаар Монголын хаадууд Христийн шашныг ивээж байсан тул сүмийн дээд хэсэгт, библийн номыг дүрсэлсэн дурсгалд монгол хүнийг онцгойлон оруулсан гэж үзсэн. Энэ мэт 13-р зууны Монголын Ил хаан Хүлэгүгийн барьж байгуулсан гол хот мөн болохыг баталсан олдворуудыг бид илрүүлсэн ” гэв.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө