Ц.Энхбаяр: Дундад улсад Өвөрмонгол гэж ийм олон монголчууд байдаг шүү гэдгийг харуулахыг зорьж бичлэг хийж эхэлсэн /ВИДЕО/

Ц.Энхбаяр: Дундад улсад Өвөрмонгол гэж ийм олон монголчууд байдаг шүү гэдгийг харуулахыг зорьж бичлэг хийж эхэлсэн /ВИДЕО/

Монгол үндэстний хоол хийх соёлоор дамжуулан Өвөрмонгол зон олны тухай таниулахыг зорьж олон нийтийн сүлжээнд төрөл бүрийн хоолыг монгол хоолны жороор хийж, хот айлаараа хуваан хүртэж буй Монгол хүний ёс заншил, хүнлэг сэтгэлийг харуулсан хөгжилтэй, амттай бичлэгүүдээр олны анхаарлыг татаж байгаа Өвөрмонголын Шилийн гол аймгийн иргэн Цэцэнбилэгийн Энхбаярыг бид энэ удаагийн ярилцлагаараа онцоллоо. 

ВИДЕО:

-Сайн байна уу. Юуны түрүүнд та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Isee mn сайтын бүх үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу. Би дундад улсын Өвөрмонголын Шилийн гол аймгийн “Чулаанхөх” хошууны малчин Цэцэнбилэгийн Энхбаяр байна. Та бүхэн сайхан зусаж байна уу?

-Яагаад хоол хийдэг бичлэг хийхээр болсон бэ?

-Одоо цагт Дундад улсад Өвөрмонгол гэдэг газар байдаг гэдгийг мэдэхгүй хүмүүс их байдаг. Тэр хүмүүст бичлэгээрээ дамжуулж мэдүүлэхийг хүссэн. Дундад улсад чинь бас Өвөрмонгол гээд ийм олон монголчууд байдаг. Монголчууд нь мах, цагаан идээ иддэг. Ингэхдээ бичлэгээрээ дамжуулан арвин их соёлыг олон хүнд таниулахыг зорьсон.

-Хэзээнээс бичлэг хийж эхэлсэн бэ? Таны тикток хэдэн дагагчидтай болов?

-Бичлэг хийж эхлээд гурван жил болж байна. Хүмүүс бичлэгүүдийг минь үзээд намайг дагаж эхэлсэн. Тэр олон хүний дунд сайн, муу яриа олон байсан. Арвин тийм зүйлийг туулаад өнөөдөр хүртэл ирлээ. Одоогоор миний өөрийн тиктокын дагагчид мянган түм /10 сая/ хэтэрч байна.

-ОЛОН ХҮНД ХҮРДЭГ УЧРААС МАНАЙ ЗАХИРГАА МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРИУЛАХГҮЙ ХЯТАД ХЭЛЭЭР ЯРИУЛДАГ-

-Хоол хийн идэж буй бичлэг олон улсын хэмжээнд нэлээд олон байдаг. Таны хийдэг хоол, идэх онцлог нь юу вэ?

-Мах идэхдээ хагасыг нь идээд хагасыг нь хаядаг. Хутга барихгүй, хаа хамаагүй зулгааж шиддэг тийм үндэстэн биш шүү дээ. Монголчуудад хооллоход ч бас ёс байдаг юм шүү гэдэг тэр зүйлийг гаргаж, олон хүмүүст үзүүлж, таниулах зорьдог. Жишээ нь хонийг бүхлээр шарах, дотор гэдэс зэргийг ихэнх хүмүүс мэдэхгүй. Тэдгээр хүмүүст миний бичлэгийг хараад сонирхож манай нутгаар зочилж ирнэ шүү дээ.

-Тэгэхээр та бичлэгтээ Монгол уламжлал ёсыг шингээдэг юм байна. Гэвч бичлэг хийх үедээ Хятад хэлээр ярьдаг шүү дээ. Олон хүнд хүргэх үүднээс хэлээ сонгодог уу?

-Мэдээж нэгдүгээрт дундад улсын хүн ам олон учраас олон хүнд хүрнэ гэсэн үг. Гэхдээ хамгийн гол нь би хоолоо хүнд танилцуулахдаа Монголоороо ярьж болдоггүй юм аа. Олон хүнд хүрдэг учраас манай захиргаа Монгол хэлээр яриулахгүй Хятад хэлээр яриулдаг. Тиймээс Хятад хэлээр ярих болсон.

-ХҮМҮҮС НЬ НАДТАЙ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ БОЛ УУРЛААД ХАРААЖ ЕРӨӨГӨӨД, ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬДАГ-

-Хоолны бичлэг хийхээсээ өмнө ямар ажил эрхэлж байв?

-Би их олон ажил хийж байсан. Аль аль нь сайн бүтээгүй. Мөн би өөрөө малчин хүн. Малчин хүн болохоор манай энд нутаг усныхан цөөхөн. Тэгээд бас ажил олж хийхгүй бол орлого, зарлага жилдээ хүрдэггүй байсан. Тэгээд гадуур олон ажил хийж үзсэн. Аль нь ч сайн бүтээгүй. Би бас өөрөө мужаан хүн гар урлалаар юм оролддог. Гэрийн тавилга болон өөрийнхөө дуртай зүйлсээ заримдаа гар урлалаар хийдэг юм. Манай энэ нутаг Бээжин хотоос их ойрхон болохоор жуулчид их олон. Тэгээд жуулчлалын ажил хийгээд овоо сайн үр дүнтэй байсан ч ачааллаа дийлэхгүй хаасан.

-Ачаалал их болсон нь таны нэр хүндтэй холбоотой байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Би чинь өдөр бүр энэ хавиараа махаа чанах л ажил хийдэг хүн. Тэгээд өөрөө од болсон чинь олон дагагч манай жуулчлалын газар ирээд надтай уулзах гээд би хааяа зугтаана. /инээв/ Тэгээд нөгөө хүмүүс нь надтай уулзаж чадахгүй бол уурлаад харааж ерөөгөөд олон нийтийн сүлжээнд тавьдаг. Тэгээд ер нь хаасан нь дээр юм байна гээд жуулчны газраа хаасан даа.

-Тэгэхээр одоогоор бичлэгээсээ гадна эрхэлж буй ажил байгаа юу?

-Одоо өөрөө хувиараа хошуундаа нэг дэлгүүр ажиллуулаад сууж байна. “Малчин Энхээ онц гаралт”-ийн дэлгүүр гэдэг нэртэй нутгийн бүтээгдэхүүн худалдаалдаг. Дандаа махны гаралтай, цагаан идээний гаралтай бүтээгдэхүүн байдаг юм.

-ХИЙСЭН ХООЛОО НАЙЗУУД БОЛОН ТУСАЛЖ БУЙ ХҮМҮҮСТЭЭ ХУВААЖ ХҮРТЭЭДЭГ-

-Танай нутагт нэг хонь болон үхэр хэдэн төгрөгийн үнэ ханштай байдаг вэ?

-Шарсан хонь бол 2400-3400 юаны хооронд байдаг. Танай нутгийн ханшаар бол нэг хонь, арван хонины үнэтэй байж магадгүй юм. Сайн үхэр бол 2 түм гаруй юань. Жижиглээд олон нийтийн сүлжээгээр зарвал үнэ нь бүр өндөр.

-Нутагтаа дэлгүүр ажиллуулахад тантай уулзах гэсэн хүмүүс хэр их ирдэг вэ?

-Яг манай орон нутгийн хүмүүс бол таньдаг учраас гайгүй байдаг. Нутгаасаа гараад явахаар хүмүүс таниад нойл орох үед араас дагаж ороод утсаар зураг дарах гээд хэцүү байдаг даа.

-Та ихэвчлэн бүтэн үхэр болон хонины махаар хоол хийдэг шүү дээ. Бичлэгт бол маш их мах харагддаг. Үлдэж буй махаа яадаг вэ?

-Бичлэг хийхэд маань найзууд тусалдаг. Их олон найзууд байдаг юм. Сахалтай ч байна, урт үстэй ч байна, бөх барилддаг ч байна. Найзууддаа бас зохих хэмжээний орлого оруулдаг юм. Тэгээд үлдсэж байгаа өөрийн хийсэн хоолоо найзууд болон тусалж буй хүмүүстээ хувааж хүртээдэг.

-Улаанбаатарт өөрийн нэрийн хоолны газраа нээх бодол байгаа юу?

-Улаанбаатарын монголчууд дээрээ очиж, идээ ундаагаа бэлдэж хамтдаа нэг зооглох юм сан гэсэн бодол байлгүй яах вэ.

-Хэзээ ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Энэ өвчин тахал зүгээр болоод, хоёр улсын хил нээгдэхээр нэг тойрохоор очно доо. Эхнэрээ дагуулаад хоёр хүүхдээ дагуулаад, ээжийгээ дагуулаад, найзуудаа дагуулаад олуулаа Монгол улсаараа тойрон аялахаар очих төлөвлөгөөтэй байгаа.

-Үндэсний их баяр наадам болж байна. Та элэг нэгт Монголчуудаа зориулж баярын мэндчилгээ дэвшүүлээч?

-Тэгэлгүй яах вэ. Энэ сайхан завшаанаар олгосон танай хамт олонд баярлалаа. Монголын үндэстний уламжлалт баяр болон “Үндэсний их баяр наадам”-д өргөн дэлгэр сайхан болж, сайхан баярлахыг чинь ерөөе. Ард олноороо сайхан наадаарай.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд маш их баярлалаа. Надтай холбогдсонд туйлын их баяртай байна.